Мэргэжлийн эрэгтэй найрал үүссэний 50 жилийн ой тохиож байна

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 17

Монгол Улсад мэргэжлийн эрэгтэй найрал дуу үүсэж хөгжсөний 50 жилийн ой өнөөдөр /2019.05.17/ тохиож байна. Дайны хүнд бэрх жилүүдэд дуун аялгууг таслалгүй эгшиглүүлж чадсан ЦДБЭЧ-ын “Найрал дууны алба”-ны уран бүтээлчид 50 жилийн ололт амжилтаа бататгаж, үе үеийн найрал дуучиддаа хүндэтгэл үзүүлэх хүндэтгэлийн тоглолтоо өнөөдөр 17.00 цагт СТӨ-нд толилуулахаар болжээ. Хүндэтгэлийн тоглолтод МУАЖ Ө.Баярмагнай, МУГЖ Н.Отгон, МУГЖ Ч.Туул, МУГЖ Ж.Одмаа, МУГЖ Л.Батсүрэн, МУГЖ Ч.Баярмаа, МУГЖ Б.Батбаатар нар оролцохоос гадна ЦДБЭЧ-ын үе үеийн гоцлол болон найрал дуучид, эстрад симфони найрал хөгжимчид бүжигчид ЗХЖШ-ын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, урлагийн их дээд сургуулиуд, монголын мэргэжлийн урлагийн байгууллагуудын найрал дуучид оролцох юм.

Ардын армийн дуу бүжгийн чуулгын эрэгтэй найрал дууны албыг үүсгэн байгуулагчид нь тухайн үед Уран сайхны удирдагчаар ажиллаж байсан Ардын жүжигчин П.Хаянхярваа, Соёлын яамны томилолтоор ирсэн Хормейстер Ардын жүжигчин Д.Мяасүрэн, УГЗ Ш.Гун-Аажав, УГЗ Д.Бадарч, Зөвлөлтийн мэргэжилтэн А.Н.Аникин, хормейстер Д.Ф.Устин, В.П.Мишенко, В.А.Феодоров  нар  байв. Хожмоо буюу 2011 онд ЦДБЭЧ-ын “Найрал дууны алба”-ыг Монгол Улсын Ардын жүжигчин Д.Мяасүрэнгийн нэрэмжит болгосон билээ.

ЦДБЭЧ-ын “Найрал дууны алба”-ны хамт олны урын санд алдарт Л.Бетховены “Есдүгээр симфони”-иос эхлээд “Цэргийг хүлээ”, “Манай нам”, “Цэргүүд тариалан дээр”, “Амрагийн дуу”, “Чамайг үдье”, “Сүхбаатарын морин цэрэг”, “Хэрлэн”, “Шигшрэгийн ай” зэрэг 600 гаруй уран бүтээл байна.

Дашрамд өгүүлэхэд, 50 жилийн түүхтэй мэргэжлийн эрэгтэй найрал дуучдыг 1976 онд  МХЗЭ-ийн төв хорооны “Цэргийн алдар” алтан медалиар шагнажээ.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top