Монгол Улсын  ТХЗ-ын мэдээллийн санг нэгдсэн  системд холбох  ажил эхэллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 05 сарын 20

НҮБ-ын Статистикийн комиссоос Тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний болон дэлхийн тоон мэдээллийн нэгдсэн системийг байгуулах ажлыг санаачлан хэрэгжүүлж, газарзүйн мэдээллийн системд суурилан хөгжүүлээд байна. Улс орнуудыг тус системд нэгдэж холбогдоход НҮБСК-оос дэмжиж, техникийн дэмжлэг үзүүлж ажилладаг. Энэ хүрээнд Монгол Улс өөрийн ТХЗ-ын мэдээллийн санг тухайн системд холбохоор төлөвлөсөн.

Тус ажлыг дэмжихээр НҮБ-ын Статистикийн хэлтэс, Байгаль орчны судалгаа шинжилгээний институт (ESRI)-тэй хамтран техникийн сургалтыг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна.Гол зорилго нь манай улсын ТХЗ-ын мэдээллийн санг НҮБ-ын ТХЗ-ын нэгдсэн мэдээллийн системд холбох бэлтгэлийг хангахад чиглэж байгаа юм.

Энэхүү системд холбогдсоноор улс орнууд үндэснийхээ ТХЗ-ийн шалгуур үзүүлэлтийн тоон мэдээллийг нэгдсэн мэдээллийн санд оруулахын зэрэгцээ дэлхийн түвшинд ТХЗ-ын хэрэгжилт хэрхэн хангагдаж байгааг үнэлэхэд ихээхэн хувь нэмэр болох юм. Мөн статистикийн мэдээллийг газарзүйн мэдээллийн системтэй холбож,энгийн, ойлгомжтой, хялбар байдлаар хэрэглэгч, шийдвэр гаргагч, бодлого тодорхойлогчдод хүргэх боломж бүрдэнэ.

Сургалтыг удирдан явуулж буй НҮБ-ын Статистикийн хэлтсийн Вэб хөгжүүлэлт,тоо мэдээлэл дүрслэлийн хэсгийн ахлах Луис Жерардо Гонзалес Моралес “Сургалт явагдаж дууссаны дараа энэ долоо хоногийн сүүлчээр Монгол Улсын ТХЗ-ын мэдээллийн санг ТХЗ-ын нэгдсэн системд холбох бэлтгэл ажил тодорхой хэмжээнд хангагдана” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top