ОЛОН ӨНГӨ: Лимбэн эгшиг

Админ | Zindaa.mn
2019 оны 05 сарын 24

Номин ногоон уулсын бэл хормойгоор манан будан хөшилдөж, хөхөөн дуу үе үехэн дохиолно. Алтан наран цэцэгсийн тэргүүнийг бүлээн цацрагаар илбэнэ. Хөл нүцгэн багачууд голын эргээр хөгжилдөн наадна. Ижий эгч минь энэ тэрхнийг ярилцах зуураа шинэхэн аарцаа жигдхэн зүсч, дэлгэцэн дээр ярайтал өрж суугаа харагдана. Гэрийн сүүдэрт өвгөд хөгшид аядуу намуухнаар уяа морины засал сойлгыг шинжинэ сууна. Ах нар морьдоо хөлсөлж нуг нуг инээж зогсох нь энх тайван инээмсэглэлээс эхэлдэг гэх үгийг санагдуулна.

Гэнэт аав хааяа, хааяахан эгшиглүүлдэг “Уянгын бороо” гэх дууны аяыг гэр дотроос лимбэдэв. Тэрхэн зуур өнөө багачууд гүйлдэн ирж аавыг тойрон сууцгаав. Гэр доторх хүүхдүүд, гэрийн гадаах хөгшид бүгд анир чимээгүй. Сүүдэрт хэвтэх хөгшин банхар нойрмог нуухтай нүдээрээ үе үе залхуутай яа сүүмийн ширтэнэ. Аав “Цэрэг эрсийн дуу, “Нутаг амьтай аав” гэх дуулах дуртай дуунуудынхаа хөх торгон аялгууг ар араасаа нь эгшиглүүлсээр... л. Ай зун цаг. Юутай тансаг, юутай уярам билээ.

Хулсан лимбийн эгшиг аялгуунд шунан тэмүүлэх мэт гэнэт баруун хойноос атны чинээ хар үүл айсуй. Ганц нэгхэн дусал дуслан цэцгэн толгойг онох шиг болоод гэнэт хувингаар цутгах мэт асгарав. Бүгд л гэртээ ундуй сундуй орж ирлээ. Атны чинээ тэр хар үүлнээс аадар буух нь сонин хэрнээ сүрдмээр. Олны шавхай нийлж үүдэнд ус тунарна.

Хур бороо орохоороо

Хонхон цэцэг сэргэнэ ээ хөө

Хонгор чамайгаа бодохоороо

Хосгүй сэтгэл минь баясна аа хө... гэж өөрийн эрхгүй амандаа дуу аялмаар... Ай эх нутгийн минь зун цаанаа л нэг дотно... бүлээн сайхан мэдрэмжийг төрүүлнэ.

Дээвэр балбах бороон дуун дунд нохдын боргоо ойртон ойртсоор “Нохой хорио” гэж хэн нэгэн гадаа дуугарав. Эгч хатавчнаас цуваан авч нөмрөөд, үүдэнд тунасан ус үсчүүлэн одов. Төдөлгүй дээлийнхээ нь хормой, ханцуйнаас ус дуслуулсан дүрлэгэр алагт нүдтэй, бие хаа өв тэгш залуу орж ирлээ. Нүүрний усаа алгаараа шувтарч, мэнд мэдээд баруун баганан тушаа зогсоход нь ижий “хүү минь норсон дээлээ тайлахгүй юу” гэж зуухны амнаас зөөлхнөөр хэлээд галдаа аргал нэмэв. “Борооны залуу” шалба норсон дээлээ тайлах зуураа үе үехэн над руу харж, нүүрэнд нь улаа бутарна. Баруун хангайгаас сум зорьсон энэ залуу аадарт шалба норж, тэсгэлгүй айл бараадсан нь энэ санжээ. Нутаг, хангайн зун зуншлага энэ тэрхнийг аав асууж, “борооны залуу” хариулна. Яагаад ч юм надад нээг их танил шиг дотно мэдрэмж төрнө... Гэнэт орсон аадар гэнэт зогсов. Гэр дотор дуу шуу үүсч, бүгд л гадагш тэмүүлэв. Атны чинээ өнөө хар үүлнээс бороон хөшиг тунарсаар Алаг Чулуутыг чиглэнэ. Алтан наран үүлсын завсраар шагалзахад аргамжааны цаахна солонго татав. Бороон дараах уул хангайн энэ өнгө үзэмжийг болдогсон бол бошинзондоо хадгалчихмаар эсвэл бүр яг энэ мөчийг тогоотой өрөм адил загсаачихмаар... Гэнэхэн энэ бодлыг минь таасан шиг “борооны залуу” босгон цаана инээмсэглэн зогсоно. Харц тулгарахад мэгдэхдээ шалба норсон дээлээ унинаас шүүрч гарч ирээд “урагдлаа” гэж дуу алдам мушгив. Ус нь газарт түрүүчийн аадраас ч хааш гэмээр .... хэд сэгсрээд өмсөх нь үү гэтэл “бороо ч онгойлоо, эртхэн газар төхөх үү дээ” гэж эр хонгор хоолойгоор хэнд ч юм хэлээд эргэв. Дээлээ эмээл дээрээ тохчхоод, мориныхоо тушааг тайлж, олмоо чангалав. Тэгснээ надруу харц нэгэн унагаад тэртээх хошуун үзүүрийг чиглэн, нойтон шороо бутарган дэргэж одов оо.

Араас нь харж зогсоход аавын хулсан лимбээрээ эгшиглүүлсэн “Уянгын бороо” урдаас минь эгшиглэх шиг санагдав. Ай лимбэн эгшиг...

Х.НУРГҮЛ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top