Шинжлэх ухааны салбараа ШИЛ ДЭЭР ХАЯСАН Монгол Улс

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 28

Монгол Улс шинжлэх ухааны салбарын хөгжилдөө хэрхэн анхаарч байгааг энэ салбарт зарцуулж буй төсвөөс харж болохуйц. Өнөөдөр жилдээ тус салбарт ДНБ-нийхээ 0.13 хувь буюу 15 сая ам.долларыг зарцуулж байгаа нь 1990 оноос хойш тасралтгүй уруудсан үзүүлэлт юм. Нийгэм тогтолцооны өөрчлөлт, шилжилт хийсэн 1990 онд ДНБ-ний  нэг хувийг зарцуулж байлаа.

Шинжлэх ухааны нийгэмд үзүүлэх манлайлал, нөлөөлөл, тэнд ажиллагдсын нэр хүнд зориулж буй мөнгөний хэмжээтэй шууд хамааралтайгаар доош ниссээр өнөөдрийн зэрэгт бууж ирэв. Төрийн бодлого, шийдвэрийн үндэслэлд эрдэмтэн, судлаачдын байр суурь бүдгэрч, хэвлэлүүдийн хуудаснаа эрдэмтдийн дүр ховорджээ.  Шинжлэх ухааны байр суурь, үнэ цэнэ, хэрэглээ, тэнд ажиллах судлаач эрдэмтдийн нэр хүнд энэ нийгэмд бүдэг, манлайлал алга байна.

Энэ салбарын манлайллыг бий болгоход сэтгүүл зүй, хэвлэл мэдээлэл юу хийж чадах вэ, ямар нөлөөтэй вэ гэдэг талаар хэдхэн хоногийн өмнө Шинжлэх ухааны технологийн сангийн санаачилгаар МСНЭ болон хэвлэл, мэдээллийнхэн хамтдаа санал бодлоо солилцон хэлэлцсэн юм. Төрийн томчуудын хулгай луйвар, эсвэл гудамжинд гарсан тэнүүлчийн амьдрал, цочирдом гэмт хэргийн мэдээлэл, нэр алдартнуудын хувийн хэрэг явдал хэвлэл, мэдээллийн хандалтыг өсгөдөг гол сэдвүүд болсон байна. Уншигч, үзэгч, хэрэглэгчийнхээ дур шохоорхлоор хооллож уншигч хэрэглэгчидтэйгээ хамт хорсол, занал, гутралаас хандалт /кайф/ авч буй мэдээллийн хэрэгслүүдийн буруу мөн гэвэл мөн, биш гэвэл биш. Ямарваа мэдээлэл, мэдлэг үлдээхгүй ийм сэдэв мэдээллийн цөм болсонд нийгмийнхээ дундаж давхарга, үүнд багтах эрдэмтэн, судлаачдаа үнэлж чадаагүй төрийн бодлогын ч буруу бий.

-Жилдээ тус салбарт ДНБ-нийхээ 0.13 хувь буюу 15 сая ам.долларыг зарцуулж байгаа нь 1990 оноос хойш тасралтгүй уруудсан үзүүлэлт юм. Нийгэм тогтолцооны өөрчлөлт, шилжилт хийсэн 1990 онд ДНБ-ний  нэг хувийг зарцуулж байлаа-

Тэдний амжилт, бүтээл, алмаз мэт гялалзсан идей санааг түгээж, түүнд омогших, бахархах сэтгэгдэл төрүүлэх зүйлс нийгэмд ховор байгаа.  Саяхны үйл явдал. Дөрвөн хуруугаа тасдуулсан хохирогч хүүхдийг, ар гэрийг нь хэн болохыг мэдэхийн араас хэвлэлийнхэн шуурч байхад түүнд мэс засал хийж, хурууг залгасан эмч нарыг хэн болохыг мэдэх гэсэн сэтгүүлч байв уу? Хүчирхийллийн мөрийг баллахын тулд хохирогчийг хэдэн хэсэгт тасдсан гэмт хэрэгтний араас мөшгихийн хамт ДНК-гийн шинжилгээгээр хохирогчийг тогтоосон шинжээчдийг ч бас анзаарах ёстой! БСШУСЯ-ны Инновацийн хэлтсийн дарга Д.Одгэрэл өнөөдрийн бодит үнэнийг дээрх кэйсээр тодруулан тодотгосон нь оновчтой санагдсан.

Гайхалтай санаа олсон, шинэ технолог нээсэн, хүн төрөлхтөний шинжлэх ухаанд хувь нэмэр оруулсан эрдэмтэн судлаачдаа, тэдний ололт, бүтээлийг сурталчлах ажилд төр, засаг нь анхаарал хандуулдаггүй. Улсаас төсвийн дэмжлэг хүртэж үзээгүй, цэвэр зах зээлийн зарчмаар үзэж тарж буй хэвлэл мэдээллийнхэнд хэн ч сонирхохоо байсан шинжлэх ухааныг сурталчлах тэнхэл суусангүй өнөөдрийг хүрэв. Шинжлэх ухааныг үнэлж, хүндэлдэг уламжлал бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бий, гэхдээ цөөдөж байна. Уг нь ШУА-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, эрдэмтэн судлаачид маань төсөв мөнгө, дэмжлэг тэтгэлэг тааруутай ч хийж бүтээсээр яваа.

ШУА-ийн эрдэмтэд Web of sciеnce-д бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүлүүдэд 1990-2017 оны хооронд 1192 бүтээл хэвлүүлсэн ба 2018 оны 12 дугаар сарын байдлаар хэвлүүлсэн нэг бүтээлээс дунджаар 17 удаа нийт 20500 ишлэл хийгдсэн гэдэг тоог ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид танилцуулсан юм. Энэ бол Монголын эрдэмтдийн судалгаа шинжилгээний үр дүн олон улсад хүлээн зөвшөөрөгдөж буйг харуулах нэг үзүүлэлт мөн байх. Үүний цаана ямархан хөдөлмөр, оюуны шандас шавхсан цаг хугацаа өнгөрч байдгийг ойлгоход нэг сонирхолтой статистик туслах болов уу.

Шинжлэх ухааны ололт амьдралд нэвтрэх, амжилт олохын тулд ямар шат дамжлагыг туулдгийг дараах байдлаар тооцсон байдаг аж. Судлаачдын 3000 санаанаас 300 санаа нь бичигддэг. Бичигдсэн 300 санаанаас 125 нь жижиг төсөл болдог. Тэдгээрээс ердөө есөн төсөл амьдралд хэрэгждэг. Үүнээс дөрвөн төсөл нь томоохон хэмжээгээр хэрэгжинэ. Харни эдгээрээс 1.7 нь зах зээлд нэвтрэх боловч ердөө ГАНЦ нь л амжилт олдог. 3000 санаанаас ганц нь л амжилт олж болох ийм салбарт амжилтын тоог нэмье гэвэл 6000 мянган санаа, цаашлаад 9000 санааг үйлдвэрлэх хэрэгтэй болох нь. Тийм л учраас бүхнээ, бүх технологио гаднаас авч хэрэглэдэг гар харсан улс, үндэстэн болохыг хүсээгүй л бол тэдгээр санааг үйлдвэрлэгч эрдэмтэн судлаачдадаа, шинжлэх ухааны салбартаа төсөв мөнгө, хүн хүч нэмэгдүүлэх шаардлагатай байж таарна.

Техник, технологи үйлдвэрлэгч улс орнууд шинжлэх ухаандаа хэдий хэмжээний мөнгө зарцуулдаг бол? Япон ДНБ-ний 3.14 хувь буюу жилдээ 165 тэрбум ам.доллар, Австри 3.1 хувь буюу 12.1 тэрбум ам.доллар, Хятад 2.1 хувь буюу 451.9 тэрбум ам.долларыг судалгаа боловсруулалтын ажилд зарцуулж байна. Монголд энэ тоо 10 тэрбум төгрөгөөр яригдана.

Эрх барьж буй намын мөрийн хөтөлбөрт шинжлэх ухааны салбарт зарцуулах төсөв, мөнгөний хэмжээг тав дахин нэмэгдүүлнэ гэсэн боловч тэр хэвэндээ гурван жил өнгөрч байна. Мөн манай улсын хамгийн урт хугацааны хөгжлийн бодлого болох “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичигт шинжлэх ухааны төсвийг ДНБ-ний хоёр хуьвд хүргэнэ гэж тунхагласан байдаг. Дэлхийн улс орнуудаас шинжлэх ухааны хөрөнгө оруулалтаараа тэргүүлэгч орнуудын нэг Израильд жилдээ ДНБ-нийхээ 12 хувийг зарцуулдаг.

Шинжлэх ухааны хөгжил улс орны хөгжлийг хэрхэн авч явдгийг ойлгуулах, үндэсний эрдэмтэн, судлаачид маань өнөөдөр ямар хувь нэмэр оруулж буйг төр засаг нь ч үнэлж цэгнэсэнгүй. Сэтгүүлчид ч үүнийг товойлгосонгүй. Энэ хэрээр шинжлэх ухааны манлайлал өнөөдрийн нийгэмд бүдгэрч, мунхрал газар авч байна. Бид хаа, хаанаа бодох цаг болсон байна. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Baterdene (150.129.143.121) 2019 оны 05 сарын 29

монголын Шу ны ирээдүй ч бүрхэг байхаа ихэнх нь мухар сүсэгтээ живчихсэн нийтээрээ бүхнийг мэдэмхийрч солиорно лам бөө хад мод хэсч балайтана оросын зөн билэгтэн гээч луйварчинг тосож авч байгааг харсан уу сарандаваагийн лекц бурханаар бөөлжигч боловсрол эзэмшсэн гэгдэгчийн өрөөндөө залсан зүйлс хэдэн мянган бөө алтан цөгц харь гаригийнхан дэлхий сөнөнө багш эмч нар луу чиглэсэн дайралт сонгуулийн үеийн үзэл бодлоо худалдалт түрүүлсэн бөх адгуусны хир хөлс үрүү хийж буй дайралт зэргийг хараад дүгнээд үзэхээр манай нийгэм солиорол элийрэлийнхээ дээд цэгтээ тулсан гарц л олох хэрэгтэй бн

0  |  0
MGL(183.177.101.106) 2019 оны 05 сарын 29

Сангийн яам их сургуулиудын эрдэм шинжилгээний зардлыг танасаар өчүүхэн төдий нэг судалгааны ажлын зардалд хүрэхгүй юм төсөлдөг болжээ.. Юу болж байна.

0  |  0
Зочин(103.212.118.21) 2019 оны 05 сарын 28

Засгийн газар оорийн гэсэн ганц сонин ганц сайттай болмоор Манай хэвлэл мэдээлэл хол дээрээ зогсохыг зараад нэмэргуй Ихэнх нь улс тор бизнесийн олигархуудын мэдэлд байна Хараат бус сэтгуул зуй гэж худлаа ярих хэрэггуй Тэд харин олигархуудаас хараат байна

0  |  0
Top