Авсан зурагнуудаа аль болох байгаагаар нь, элдэв засвар
хийлгүй оруулвал илүү амьд болдог
Дүрслэх урлагийн түүхэнд 1930-аад оноос барууны оронд үүсч хөгжсөн коллаж зураг манай оронд нилээд хожуу нэвтэрчээ. 1998 онд СУИС-ийн чимэглэх дизайн ангийг төгссөн зураач Ч.Батзориг 2002-2006 онд Америкт график дизайнер чиглэлээр суралцаад иржээ. Гавъяат зүтгэлтэн Ц.Нарангэрэл багшийн шавь болоод ч тэр үү багшийнхаа зурдаг байгалийн чиглэлээр дагнан зурсаар иржээ. Эх орондоо 2008 онд ирээд аавынхаа авсан “Монгол костьюмс” ийн моделиудын гэрэл зургийг олж хараад тэр олон кадрыг ашиглаад нэг бүхэл зураг бүтээж, өөрийнхөө хүссэн хөдөлгөөнд оруулж болох юм гэсэн санаа төржээ.
Сүүлийн үед монгол залуус реклам зар сурталчилгаанд ч ашиглах болсон наамал зулмал зураг буюу коллаж зургийг Ч.Батзориг огт өөр түвшинд аваачиж, хайчлахгүйгээр зургийн хэрэгтэй гэсэн хэсгээс эвлүүлж хийдгээрээ ялгарч чаджээ. Зургийг өөрчлөхгүй байгаагаар нь хэсэгчилж эвлүүлнэ гэдэг өнгөний хослол шаардсан ажил. “Хөтөлгөө морьтой монгол бүсгүй”, “Сайхан тал” бүтээлүүдээ олон эмэгтэйн зургийг эвлүүлж морь унасан монгол хатны зураг болгон бүтээжээ. “Миний хот” коллаж зурагт бужигнасан, эмх замбараагүй, эрээн бараан их хотын амьдралыг харуулж, Монгол хүний үнэлэмж хамгийн доод түвшинд иржээ гэдгийг хог түүдэг олон хүний зургаар эвлүүлж харуулсан гэдгээ ч тайлбарлаж байв. “Жаргалын найман морь” бүтээл нь Б,Шаравын “Монголын нэг өдөр”- ийг санагдуулж байна гэхэд минь инээмсэглэж, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд “Жаргалын найман морь” зургийг хараад энэ зураг амар амгалан, эв нэгдлийг бэлгэдсэн юм байна. Морь гэдэг монголчуудын дээдэлдэг хийморьлог амьтан учир үүнтэйгээ уялдуулаад хөдөө нутгийн амьдралыг тал бүрээс нь харуулъя гэж бодсон гэв.
“Хөдөө талын үзэсгэлэн-1” бүтээл нь өнгөрсөн ба ирээдүйг татаж сунгаж дурандан харуулах мэт сэтгэгдэл төрүүлэв. Ч.Батзориг “Бидний амьдрал дээр байгаа бодит хүмүүсийн зургийг дээр үеийн түүхэн зурагтай эвлүүлэхээр огт өөр шинэ өгүүлэмж гарч ирдэг. Бүх зургийг өөрөө авч ажилладаг болохоор ажиллагаа, цаг хугацаа их ордог. Жишээ нь морины нэг зураг эвлүүлэхэд дор хаяж 10-аас доошгүй морины зураг авах болно. Эртний анчины нум сум барьж байгаа хэсэг дутлаа гэхэд наадам болохыг хүлээнэ дээ” гэв. Коллаж зураг гэдэг харахад хачин сонин байдаг шигээ, хамаг анхаарлыг өөртөө татаж удаан уядаг шигээ нэг зураг бүтээхэд доод тал нь гурван сар ордог аж. Түүний бүтээлд өөрийнхөө зурсан монгол зургийг фото зурагтай эвлүүлсэн бүтээл ч олон байв. “Өнгөрсөн зууны хөрөг” бүтээлд дээр үеийн хүрээний амьдралыг эвлүүлсэн нь тун донжтой агаад эрхгүй өөр өөр цаг хугацаанд, өөр өөр ааш араншинтай, өөр өөр хүмүүсийг нэг дор уулзуулж байлаа. Өнгөрсөн ирээдүй, жаргал зовлон, сайн муу, хар цагаан, олон өнгө нэг дор хэрхэн хосолж, нэгэн бүтээл цогцлоож байгаа нь уран бүтээлч хүний эрэл хайгуул, хөдөлмөрийн үр дүн юм. 2006 оноос хойш дотоод, гадаадын үзэсгэлэнгүүдэд уран бүтээлээрээ оролцож ирсэн тэрбээр коллаж зурагт амьдралын бүхий л үзэгдлийг багтааж болдгоороо онцлог гэв.
2018 онд “Хөдөө талын үзэсгэлэн-1” бие даасан үзэсгэлэнгээ дан коллаж зургаар гаргаж байсан бол энэ жил “Хөдөө талын үзэсгэлэн-2” үзэсгэлэнд уран зураг, байгалийн судалбар, бэхэн зураг, баримал зэрэг олон арга барилаар баялаг бүтээлүүд оржээ. Гавъяат зүтгэлтэн Ц.Нарангэрэл багшийн шавь болоод ч тэр үү багшийнхаа зурдаг байгалийн чиглэлээр дагнан зурсаар ирсэн зураач маань байгаль, хөдөө талын үзэсгэлэнг судалбар зургаар гэрэл сүүдэр тодотгон, өөрийнхөө төсөөллөөр тоглож урлажээ. Уран хийсвэрлэл, зөгнөл, сэтгэмж орсон уран зургууд нь үзэгчдийн анхаарлыг эрхгүй татаж байгаа харагдав.
Гадаад улсын байгаль хэчнээн үзэсгэлэнтэй хэдий ч багаасаа төрж өсөн нутаг усаа хүн сэтгэлдээ тээж явдаг болохоор зурж урлах хүч өгдөг. Монгол дархлаа ухааныг өвлүүлэхэд зураачдын бүтээл чухал. Бүтээлдээ эх орноо хайрлах уу, эвдэж сүйтгэх үү гэдэг үзэл санааг нэвт шингээхийг хүсдэг зураач Ч.Батзоригийн “Хөдөө талын үзэсгэлэн-2” үзэсгэлэн Монголын Урчуудын Эвлэлийн "Сэнгэраги" галерейд энэ сарын 30-ныг дуустал үргэлжилнэ.
Сэтгэгдэл ( 1 )
goe baina shuu