Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнтэй ярилцлаа.
-“Халхголын Байлдааны Ялалтын 80 Жил”-ийн ой энэ онд тохионо. Энэ хүрээнд Дорнод аймгийн Халхгол сумыг “Шинэ сум” төслийн хүрээнд шинэчлэх ажил хийгдэж эхэлсэн гэж сонссон. Энэ зардлыг ОХУ-аас бүрэн дааж байгаа гэсэн?
-Байлдааны ялалт бол зөвхөн Дорнодчуудын бус Монгол Улсын тусгаар тогтнолд жинтэй хувь нэмэр үзүүлсэн, Орос Монголын цэрэг дайчдын гэгээн нөхөрлөлийн бэлгэдэл болсон түүхэн ялалт. Ийм ч учраас улс орны гадаад харилцааны гагнаас бүхий түүхийг агуулдаг. 80 жилийн өмнөх их ялалт болМонголчуудын өнөөгийн оршин тогтнолын суурь гэж ойлгож болно.Халхгол сум зүүн захын хамгийн алслагдмал бүс, аймгийн төвөөсөө 360 гаруй хол зайд оршдог. Тус сумыг шинэ сум буюу сум дундын бүс болгож байгаа. Анхны сумыг ЗХУ-ын хөрөнгөөр инженерчлэлийн шугам сүлжээ бүхий дэд бүтэцтэйгээр 1970-аад онд байгуулж байсан түүхтэй.Зөвлөлт, Монголын дайчдын ялалтын түүхийг хадгалдаг, хоёр орны хамтын ажиллагааг аргамжиж байдаг энэ сумыг шинэчлэх ажлыг санаачилж, хөрөнгө мөнгийг нь шийдэж өгсөн Монгол улсын Ерөнхийлөгч, түүний багийн хамт олонд баярлаж буйгаа илэрхийлье.
-Аймгуудын өрсөлдөх чадварын 2015 оны үзүүлэлтээр Дорнод аймаг есдүгээр байранд эрэмбэлэгдсэн. Харин сүүлийн жилүүдэд нэлээд дээгүүрт бичигдэх болсон. Энэ тухай?
-Манай аймаггазарзүйн байрлал болон бусад хүчин зүйлийн хувьд онцлогтой бүс нутаг. ОХУ, БНХАУ-тай хиллэдэг, хоёр улсын нутаг дэвсгэртэй нийт таван боомтоор харилцдаг.Өмнөх үүх түүх талаас нь ярьвал нийслэл Улаанбаатарын дараа Чойбалсан хот хоёр дахь хот болж хөгжсөн түүхтэй.Хүн амын маань 60 орчим хувь нь аймгийн төвдөө оршин суудаг.Хуучин Дорнодын долоон үйлдвэр хэмээх үйлдвэржсэн хот болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байсан.Одоо бол бусад аймгуудын нэгэн адил үйл ажиллагаа маань явагдаж байна.Цаашдаа Зүүн Хойд Азид гарах Монгол Улсын хамгийн дөт гарц гэж үздэг.Дээр нь газар нутгийн хэмжээгээрээ Өмнөговь, Говь-Алтай аймгуудын дараа ордог.ОХУ-тай төмөр замаар холбогдсон.Мөн цаашид Сүхбаатар аймаг, Хөөт, Өмнөговьтой төмөр замын өргөн царигаар холбогдох хэтийн төлөвтэй байна. Олон улсын нисэх онгоцны буудалтай, бүсийн чанартай олон газрууд үйл ажиллагаа явуулдаг зэрэг онцлогтой.Сүүлийн жилүүдэд Дорнод аймгийн эдийн засгийн үзүүлэлтүүд нилээд нэмэгдэж байгаа.Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр Монгол Улсдаа Орхон аймгийн дараа хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Хүний хөгжлийн индексээр аймгуудаас хоёрдугаар байрт бичигдэж байна. Дээр нь ажилгүйдлийн түвшин өнгөрсөн оноос таван хувиар буурч долоон хувьтай боллоо.Цаашдаа Дорнод аймгийн хэтийн зорилтыг Зүүн Хойд Азидаа өрсөлдөх чадвартай аймаг болох гэж тодорхойлж болно.Мөн өрсөлдөх чадвараа бүхий л талаар нэмэгдүүлж ажиллах, өрсөлдөөний дүнд бүх зүйлийн чанар сайжирч хөгжил ирнэ гэсэн чиг баримттай ажиллаж байна.
-Таныг ажил хүлээж авах үед аймгийн нөхцөл байдал ямархуу байв. Тулгамдаж байсан асуудлууд нэлээд байсан байх. Одоогийн байдлаар шийдвэрлэгдсэн зүйлс юу байгаа бол?
2012-2016 оны сонгуулийн бүрэн эрхийн хугацааны сүүлийн жил буюу 2015 онд миний бие Засаг даргаар томилогдсон.Мөн 2016 оны сонгуулийн үр дүнгээр дахин томилогдон ажиллаж байна.Өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд, сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд биелэлтийг хангах үүднээс бүх л сум, агентлагийнхаа хэмжээнд нийгэм, эдийн засгийн үнэлэмжээ дээшлүүлэхийн тулд хүчин чармайлт гарган ажиллаж байна.Тухайлбал, манай аймаг өрсөлдөх чадвар, хүний хөгжлийн индекс, эдийн засгийн үзүүлэлтээрээ нилээн хойгуур байсан.Гэхдээ эдгээр үзүүлэлтүүд жилээс жилд сайжирч, боловсролын хувьд сүүлийн дөрөв, таван жилд Монгол Улсын 21 аймаг, дүүргүүдээс тэргүүлж байгаа үзүүлэлттэй байна.Манай аймгийн баримталж буй зарчим бол эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн салбарууддаа эдийн засгийн салбар, татвар хураамж болон нийгмийн хариуцлагын хүрээнд орж ирсэн хөрөнгүүдийг голчлон хүний хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагааявуулж байгаа салбаруудад зориулахыг илүүд үзэж байна.Өөрөөр хэлбэл, байшин барилга барих, бүтээн байгуулалт хийх гэхээсээ илүүтэй хүнийхээ хөгжлийг дээшлүүлэх чиглэлээр бодлогын шинж чанартай орон нутгийн бие даасан тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.Үүний маань үр дүн сууриасаа эхлээд гарч байна гэж дүгнэж байна.Хүнээ л хөгжүүлчихвэл бусад бүтээн байгуулалт, барилга байшинг хэзээ ч хийж болно.Гол нь хүн маань хөгжих ёстой, эрүүл байх ёстой, боловсролтой байх ёстой.Иргэдмаань ажилтай, орлоготой байх ёстой гэсэн зарчмаар явж байна. Боловсролын яам, Эрүүл мэндийн яам зэргээс манай аймгийг жил бүр орон нутгийнхаа төсвөөс боловсрол, эрүүл мэндийн салбартаа бие даасан хөтөлбөр хэрэгжүүлж, хамгийн их хөрөнгө зарцуулж байгаа аймгаар тодруулдаг.Үүнийг орон нутгийн зүгээс иргэддээ хандсан ажлын үр дүнгарч байна гэж дүгнэж байгаа . Ер нь хүн төвтэй хөгжлийг эрхэмлэх байр суурьтай байгаа.Нөгөө талдаа байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийг тавьж байна.Ирээдүй хойч үеэ, алсыг харъя гэсэн бодолтой байгаа.Зөвхөн сонгуулийн дөрвөн жилд биш бидний үр хүүхэд, тэдний үр хүүхдийн үед орон нутаг маань ямар байж, яаж хөгжих ёстой вэ гэдгийг эрхэм зорилго болгон ажиллаж байгаа юм.
-Өнгөрсөн 2018 онд хэдий хэмжээний бүтээн байгуулалтын ажил өрнөсөн бэ. Энэ онд хэдий хэмжээний үнэ өртөг бүхий бүтээн байгуулалт хийхээр төлөвлөөд ажиллаж байна вэ?
Өнгөрсөн онд сургууль, цэцэрлэг, нийгэм соёлын чиглэлийн барилга байгууламжийг шинэчлэх, засварлах ажил улсын хэмжээнд өрнөлөө.Энэ онд ч бас ийм төрлийн ажлууд ихэвчлэн хийгдэнэ.Ялангуяа сум орон нутагт байгуулагдаж байсан сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн ашиглалтын хугацаа дуусч, элэгдэж, муудаж байна.Мөн Н.Номтойбаяр, Х.Болорчулуун гишүүдийн дэмжлэгтэйгээр улсын төсвөөс хөрөнгө оруулалтыг нь шийдсэн хэд хэдэн томоохон ажлууд бий. Тухайлбал, орчин үеийн шаардлага хангасан дөрвөн эгнээ, гэрэлтүүлэг,явган хүний зам бүхий аймгийн төвийн гол авто зам, Чойбалсан хотын дулааны цахилгаан станцыг 50мвт-аар өргөтгөх, дулааны шугам сүлжээгээ шинэчлэх, Улз голын урсацыг сэргээх, Зүүн бүсийн Дорнод их сургуулийг шинээр орчин үеийн цогцолбор хотхон болгон байгуулах гээд нийтдээ 40 орчим тэрбум төгрөгийн ажил он дамнан хийгдэнэ. Орон нутгийн хөрөнгө оруулалтаар бусад бүтээн байгуулалтын ажлууд, иргэдийн амьдрал ахуйг дэмжих, ажлын байрыг бий болгох асуудлууд мөн шийдэгдэнэ.
-Дорнод аймгийн хувьд хамгийн олон боомттой гэж та дээр хэлсэн. Энэхүү давуу талаа хэр ашиглаж байна вэ. Орон нутгийн хөгжилд боомтын эерэг нөлөө гарч байна уу?
-Манай аймаг Ульхан, Эрээнцав, Хавирга, Баянхошуу, Сүмбэр, Чойбалсан боомтоор дамжуулан худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэх боломжтой.Тухайлбал, Хавиргын боомт байнгын ажиллагаатай.Тус боомтоор зорчих урсгал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Өмнө нь орон нутгийн болон зүүн бүсийн гурван аймгийн иргэд л тодорхой хугацааны давтамжтайгаар зорчдог байсан бол одоо Хавиргын боомтоор энгийн үед буюу даваа, баасан гарагаас бусад үед өдөрт дунджаар 400 гаруй иргэн, 70-80 орчим тээврийн хэрэгсэл зорчиж байх жишээтэй. Харин даваа, баасан гарагт өдөрт 800-1200 гаруй иргэн, 120 хүртэл тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч байна.Энэхүү аялал жуулчлал, худалдааны урсгалыг дагаж үйлчилгээний салбар хөгжих нөхцөл, боломж харагдаж байгаа.Үүний зэрэгцээ манай аймгийн дэд бүтцийн хөгжил сайжирч, хатуу хучилттай авто зам ашиглалтад орсон. Энэ болгоныг хувийн хэвшлийнхэн эдийн засгийн агуулга, үр ашгаар нь тооцоолж, бий болж буй боломжийг ашиглана гэж найдаж байна.Орон нутгийн хөгжилд боомттой байхын ач холбогдол гарч байгаа.Гэхдээ энэ байдалдаа ханаад зогсох бус, илүү сайжруулах нь чухал.Тухайлбал, боомтын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хэрэгтэй байна.
-Дорнод аймагт уул уурхай, ялангуяа газрын тосны хайгуул, олборлолт нэлээд эрчимтэй явагдаж байна. Гэхдээ зарим нь хууль бус гэдгийг онцолж байсан. Одоо цэгцэрсэн үү?
-Яг л Халхгол чөлөөт бүсийнх шиг тийм ойлгомжгүй асуудал үүссэн.Аймаг орон нутгийн иргэдийн саналыг асууж, авалгүйгээр, тухайн үеийн хуулийн хүрээнд зөвшөөрлийг төрийн захиргааны дээд шатны байгууллагаас авсан гэдэг утгаар хандаж байна.Одоо ч ийм л байгаа.Газрын тосны хайгуул, олборлолтод орон нутгийн зөвшөөрөл гэж байхгүй.Дандаа дээрээс зөвшөөрөл авдаг.Орон нутгийн зүгээс байгаль орчныг хамгаалах, хяналт тавих л үүрэгтэй.Гэвч тэнд үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс хууль зөрчих, иргэдийн амьдрах, мал маллах эрхэд халдах гэх мэтчилэн асуудал үүснэ.Эдгээр асуудал бидэнд ч тохиолдож байна. Гэтэл Уул уурхайн сайд ярихдаа “Монгол улс нэгдмэл зохион байгуулалтай улс, төрийн шийдвэрээр явна.Засгийн газар мэддэг зүйлээ мэднэ.Та нар юу ч биш” гэсэн хандлагаар ярьж байна.Би орон нутгийг удирдаж байгаа хүний хувьд нутгийн иргэдийнхээ эрх ашгийг, нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хангахын төлөө ажиллах эрхтэй.Гэтэл ийм зөрчил гарч байна.Хөрсөн дээрээ нэг л буухгүй, буруу шийдвэр гараад байгаа юм.Стратегийн орд газар төрийн мэдэлд байх нь зөв.Гэхдээ тухайн орон нутгаас ямар нэг хэмжээгээр хайгуул, олборлолт хийж байгаа бол тухайн нутгийн иргэд, хүүхэд багачууд, ирээдүй хойчид ашигтай, үлдэцтэй байхаар шийдэх ёстой.Уул уурхайн салбарт улс зүгээр л мөнгө олох гэсэн сэтгэлээр хандаж, байгаль орчин сүйдэх, орон нутгийн иргэдийн эрх зөрчигдсөн, доод шатанд хэрэгжих, хариуцлагажуулах боломжгүй шийдвэрүүд олон гардаг.Ардчилсан нийгэмд, хүний эрх зөрчиж болохгүй.Гэтэл Засгийн газраас олгож байгаа зарим зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд байгаль орчин, хүний эрүүл мэндэд хортой, нөхөн сэргээлт хийхгүй байх, усыг их хэмжээгээр ашигладаг зэрэг зүй бус үйлдлүүд гаргаж байна.Энэ нь иргэдэд мэдээж хохиролтой.Тэд нутгийн удирдлагууддаа л хандана.Бид очоод шийдэх гэхээр ямар ч эрх мэдэл, хуулийн боломж байхгүй.Төрийн бодлого бол зөвшөөрөл өгч, ирээдүйд ашиглах нөөцөө мөнгөн хэлбэрээр нь хадгалж үлдэх тохиролцоог хийх ёстой. Түүний дараа тухайн компани үйл ажиллагаа явуулах урьдчилсан бүх асуудлаа шийдэж, эрсдэлээ дааж барилга байгууламж, зам харгуй, харилцаа холбоо, байгалийн болон биологийн нөхөн сэргээлт зэргээ шийднэ.Уул уурхай энэ хэлбэрээр л хөгжиж байна.Бид ч дэлхийн жишгийг дагах ёстой.
-Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Хуулийн хэрэгжилтэд орон нутгийн зүгээс юуг анхаарч ажиллаж байна?
-Мэдээж хэрэг байгаль орчны менежментийн төлөвлөгөө, нөхөн сэргээлт, уулын ажлын төлөвлөгөө батлагдсан хууль дүрмийнхээ дагуу явагдана.Гол нь орон нутгийн зүгээс татвараа бүрэн авах, ажиллах боловсон хүчин, бараа бүтээгдэхүүн орон нутгаасаа нийлүүлэхэд орон нутгийн удирдлагын хувьд санаачилга гаргаж, эрчимтэй ажиллах ёстой.Тийм ч учраас өөрийн биеэр явж үйл ажиллагаатай нь танилцаж байна.Цаашлаад газрын тос болон уул уурхайн компаниудтай энэ чиглэлийн гэрээг нэн даруй байгуулж дуусгахаар ажиллаж байна.Орон нутгийн хувьд уул уурхайн компнаниудыг хуулийн хүрээнд дэмжиж ажиллана.Харин эдгээр компаниуд орон нутгийн иргэд, орон нутгийн эрх ашгийг дэмжиж ажиллах ёстой.Энэ системийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа.
-Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхай, ашигт малтмал, газрын тосны компаниудын анхаарал татсан нэг асуудал нь тухайн орон нутгаас хийх худалдан авалт байдаг. Энэ тал дээр орон нутгийн зүгээс ямар бодлого баримталж байна?
-Орон нутгийн зүгээс бараа бүтээгдэхүүн, хүнс, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгсэл зэрэг бусад худалдан авалтыг бэлтгэн нийлүүлэгчийн хувьд нэгдсэн байдлаар мэдээлэл өгснөөр эдгээр компаниуд Улаанбаатар хот, гадаад зах зээлээс бус Дорнодын ААН, байгууллагуудаас бараа бүтээгдэхүүнээ худалдан авдаг байдлыг хэвшүүлэхийн төлөө бид ажиллаж байна.Ингэснээр орон нутгийнхаа эрх ашгийг хангаж, иргэдийг ажилтай, орлоготой болгох, тэдний цалин хөлсийг нэмэгдүүлэх, орон нутгийн ААН, байгууллагуудын бараа бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой.
-“Петрочайна Дачин Тамсаг” компанийн үйл ажиллагааг орон нутгаас түр зуур зогсоогоод байсан. Одоо бол хэвийн ажиллаж байгаа биз дээ?
-“Петрочайна Дачин Тамсаг” компанийн үйл ажиллагааг өнгөрсөн 2017, 2018 онуудад хоёр удаа түр хугацаатай зогсоож үзсэн.Гүний ус ашиглалтыг хэтрүүлэн ашигласан гэдэг үндэслэлээр шүү дээ.Эцсийн дүнд бид ямар нэгэн зүйлээр гацаая гэсэн зорилго байхгүй.Ажлыг нь сайжруулъя, урт удаан хугацаанд энэ төсөл байгальд ээлтэй, хүн ардад өгөөжтэй ажиллаасай гэж бодсондоо энэ шийдвэрийг гаргасан.Үүнийг Ашигт малтмал газрын тосны газар ч тэр, тухайн төсөл хэрэгжүүлж байгаа гэрээлэгч компани ч тэр цаг хугацаа өнгөрсний дараа ойлгож байгаа юм.Энэ зөв шаардлага байсан юм байна, үнэхээр ирээдүйгээ харсан, холыг харсан шаардлага байсан гэдгийг ойлгож байгаа юм. Түүнээс биш өнөөдөр төсөвт орж байгаа мөнгө чухал уу, бид ирээдүйгээсээ зээлэн зээлэн ашиглаж байгаа байгалийн баялгаа үр өгөөжтэй байх нь чухал уу гэдгийг дэнслэх ёстой л доо. Энэ тал дээр хүн бүр онцгой анхаарах ёстой.
-Дорнод аймаг руу Хятад иргэд хил давж орж ирээд мал маллаж байна, газар авч байна гэсэн асуудлууд их яригддаг л даа. Аймгийн Засаг даргын хувьд та үүн дээр тодорхой тайлбар өгөөч.Ийм асуудлууд үнэхээр байгаа юу?
-Бид уул уурхайн сөрөг нөлөөлөлд өртөж байна гэдэг асуудлыг манай Дорнодчууд тавьж байгаа.Юугаараа өртөж байна гэхээр, байгаль орчноосоо гадна яг энэ зүйл харагдаж байгаа юм. Дорнодод стратегийн гэж хэлж болохоор газрын тосны томоохон ордууд байна.Үүнд зундаа гэхэд Засгийн газрын квотын дагуу 1000 гаруй хятад ажилчин орж ирж ажиллаж байгаа.Хайгуул, олборлолтын үйл ажиллагаа гээд байна.Тогтмол гэвэл 500-600 хятад ажилчин байгаа.Мөн Шинь Шиньхэмээх Хятадын хөрөнгө оруулалттай холимог металийн орд байна. Уг компанид мөн 100 гаруй тооны хятад ажилчин ажиллаж байна. Тэгэхээр эдгээр хүмүүс ажиллаж байгаа юм чинь харагдах байдал нь гадаадын иргэн олон л харагдана шүү дээ.Харин хэвлэлээр бичээд байгаа шиг хятадууд мал маллаад, дураараа авирлаад байгаа зүйл ер байхгүй.Монгол төр байгаа цагт энэ асуудал хууль тогтоомжийнхоо дагуу л хэрэгжээд явна.Ер нь ингэж буруу, ташаа ярих нь их хортой зүйл шүү гэдгийг хэлмээр байна.
Сэтгэгдэл ( 0 )