“Мазаалай”-гийн дүү “Тэмүүлэл” 2021 онд сансарт аялна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 05

1981 оны гуравдугаар сарын 22-нд Монгол хүн сансарт анх удаа ниссэн. Түүнээс хойш 36 жилийн дараа буюу 2017 оны зургадугаар сарын 4-нд Монгол Улс анхныхаа хиймэл дагуул болох “Мазаалай”-г сансарт хөөргөсөн билээ. Анхны хиймэл дагуул хөөргөсний хоёр дахь жилийн ойн хүрээнд Монгол Улсын их сургуулийн Байгалийн ухааны салбарын физикийн тэнхимийн эрдэмтэн, докторууд “Тэмүүлэл” хиймэл дагуулын төслийг нээж, бизнес уулзалт зохион байгууллаа. Уг хиймэл дагуулыг 2021 онд хөөргөх төлөвлөгөөтэй байгаа аж.

Уулзалтыг нээж МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар “Монгол Улс сансрын салбарын хөгжилд хоцролгүй оролцож байсныг  тодотгох нэгэн том жишээ бол өөрийн хүнээ сансарт нисгэсэн явдал. Өнөө үед техник технологийн өндөр хөгжлийг дагаад сансрын технологийн чиг хандлага ч хурдацтай өөрчлөгдөж байна. Монгол Улсын их сургуулийн хувьд чанартай хүний нөөц бэлтгэх болон техник, инженерчлэл, нарийвчилсан судалгааны чиглэлүүдэд түлхүү оролцох төлөвлөгөөтэй байна. Сансар судлал, сансрын технологи нь өөрөө олон салбарын нэгдэл болж байдаг учир энэ салбарыг хөгжүүлэхийн төлөө төрийн болон төрийн бус байгууллагуудтай нээлттэй хамтран ажиллах болно” гэв.

Я.Төмөрбаатар

Мөн “Сансрын хиймэл дагуулыг хөөргөх ажил их хөрөнгө шаарддаг учраас төслийн ард төр болон бизнесийн байгууллагын том дэмжлэг шаардлагатай болдог. Сансар судлалын шинжлэх ухаан, орчин үеийн технологийн шинэчлэлтэй хөл нийлүүлэн алхъя гэвэл  төрөөс баримтлах баримт бичиг болон бодлого зайлшгүй хэрэгтэй. Хиймэл дагуул нь Монгол Улсын хэрэгцээг ч хангах бизнес болж болно” гэж Монгол Улс, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа онцолсон юм.

Ж.Гүррагчаа

МУИС-ийн Нано хиймэл дагуулын хөгжүүлэлтийн лабораторийн судлаач Т.Төртогтох “Одоогоор сансар огторгуйд 1000 гаруй хиймэл дагуул ажиллаж байгаагаас 56 орон дангаар, 115 орон хамтарсан байдлаар эзэмшдэг. Харин Монгол Улсын ОБЕГ, ЦУОШГ, ШУА зэрэг томоохон байгууллагууд АНУ-ын Landsat болон MODIS зэрэг хиймэл дагуулаас үнэ төлбөргүй мэдээлэл авдаг. Гэвч хиймэл дагуулын зураг авалтын нарийвчлал бага тул хангалттай мэдээлэл авч чаддаггүй. Тийм учраас өргөн уудам газар нутагтай манай орны хувьд микро хиймэл дагуултай болох нь туйлын чухал юм. “Тэмүүлэл”-ийн үндсэн гол зорилго бол хиймэл дагуулын бааз системийг нь өөрсдөө хийж, сансарт бэхжүүлж авах явдал. Ингэж чадвал бид зарж болно, эсвэл өөр холбооны модуль, ачаа байрлуулаад өөр нэг хиймэл дагуул хийж болно” гэлээ.

Т.Төртогтох

-“Тэмүүлэл” хиймэл дагуул эх орныхоо зургийг сансраас авч илгээх, алслагдсан газраас цаг уур, хөрс орчны мэдээллийг цуглуулах, сансарт өндөр хүчин чадлын хагас дамжуулагч төхөөрөмжийн эвдрэлийг тодорхойлох гэсэн технологийн туршилт болон шинжлэх ухааны гурван даалгавартай хөөрнө-

“Мазаалай”-г бүтээхэд 100 мянган ам.доллар зарцуулж байсан бол микро түвшний хиймэл дагуул болох ”Тэмүүлэл” хиймэл дагуулыг бүтээхэд 300-400 мянган ам.долларын санхүүжилт шаардлагатай ажээ. 2021 онд “Тэмүүлэл”-ийг хөөргөхийн тулд ийм хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй гэсэн үг юм.

“Тэмүүлэл” хиймэл дагуулыг Монгол Улсын их, дээд сургуулиудын эрдэмтэд, оюутан, судлаачдын гараар Монгол Улсдаа бүтээх бөгөөд 1U (10см3) хэмжээтэй Кубсат ангиллын хиймэл дагуул болгох юм. Тус хиймэл дагуул нь экваторын хавтгайтай 51.6 градусын налуу хавтгайгаар дэлхийн нам орбитод ойролцоогоор 400 километрийн өндөрт биднийг тойрон эргэлдэх аж. Мөн эх орныхоо зургийг сансраас авч илгээх, алслагдсан газраас цаг уур, хөрс орчны мэдээллийг цуглуулах, сансарт өндөр хүчин чадлын хагас дамжуулагч төхөөрөмжийн эвдрэлийг тодорхойлох гэсэн технологийн туршилт болон шинжлэх ухааны гурван даалгавартай хөөрөх юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top