ОЛОН ӨНГӨ: Ижийн минь харуусал

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 06 сарын 11

Нэг орой ижий бид хоёр том өрөөнд зэрэгцэж суугаад Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан агсны оролцсон "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийг үзэж суув.

Нэвтрүүлгийн төгсгөлд Х.Уртнасан гуайгаас сэтгүүлч асууж байна. Тэрбээр "Асууж болох эсэхийг нь мэдэхгүй юм. Гэхдээ ижий минь амьд сэрүүн байсан бол гэж бодогдох үе байдаг уу" гэв. Х.Уртнасан гуай ч удаан бодсонгүй "Байлгүй яах вэ, ижий минь л амьд сэрүүн байвал. Би өглөө болгон цайг нь чанаж, өдөр бүр сайхан аашилна..." хэмээн хариуллаа. 

Нэг харсан ижий минь хацрыг даган нулимс нь урсаж харагдана.

Яагаад ч юм сэтгүүлчийн асуултыг ижийдээ тавьмаар санагдаад болдоггүй. Би тэссэнгүй ээ, "Ээж ээ, та эмээг амьд сэрүүн байсан бол яах байсан бэ" гэх асуултыг тавьж орхилоо. Ээж дуугарсангүй, би ч хэсэг хүлээлээ.

Дахин "Ээж ээ, танаас хүү нь юм асуугаад байна шүү дээ" гэхэд "Би ижийгээ л өргөж чадаагүй хүн дээ. Эмээ чинь олон хүүхэд төрүүлсэн хэрнээ өргүүлж чадаагүй. Би ч ачлалгүй үр дээ. Айлын том охин байж ээжийгээ өргөж чадаагүй" гэж хэлээд чимээгүй болов. Харин энэ удаад ижий минь биш миний нүдийг нулимс бүрхээд ирлээ. 

Тэр орой ижийгээ хачин их өрөвдөж билээ. Бас дотроо нэг зүйлд өөрөө өөртөө том амлалт өгсөн юм. Би хэзээ ч ээж шиг ээ харамсахгүй. Хэзээ ч дараа нь харамсаж суухгүй гэж. Хүү нь амлалтадаа заавал хүрнэ ээ, ээжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top