Хиймэл оюун ухаан. Робот. Робот ажлын байр булаана. Хиймэл оюун ухаан. Уурын хөдөлгүүрээр түүчээлсэн хүн төрөлхтний ололт хиймэл оюун ухаанаар өртөөлсөөр дөрөв дэх хувьсгалынхаа үүдийг тогших гэж байна. Дөрөв дэх хувьсгалын үүд Монголоос хэр зэрэг хол байна вэ? Ойр байгаа бол бид бэлэн үү? Бэлэн бол яаж? Эсвэл бид эндээ саравчтай малгайгаа духдуулан тавиад, “Монголын үнэртэй салхи”-аа аялсаар их хувьсгалын үүдийг солгой гараараа тогших уу?
Зохион бүтээх авьяастай Томас Саверигийн цээжинд уурын хөдөлгүүрийн санаа орж ирэхээс өмнө хүн төрөлхтөн илүү сайныг олох гэж 2000-аас илүү жилийн түүхийг туулжээ. 1700-аад оны эхээр уурын хөдөлгүүрийн санааг бодож олсон нь хүн төрөлхтөн өөрсдийнхөө түүхийг өөрөө туулах боломж олгосон юм. Түүхийн нуршсан тайлбарыг ард нь үлдээгээд гол агуулгадаа оръё. Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал гэж чухам юу вэ? Уурын хөдөлгүүрээр түүчээлэн, үйлдвэрийн шат дамжлагатай болж, шат дамжлагын цөм нь технологи болсноор өдгөө хиймэл оюун бүх зүйлийг тооцоолох болсон хүн төрөлхтний 250 жилийн түүх юм. Энэ түүхийг ардаа үлдээсэн бидний төрөл зүйл шинэ хувьсгалд бэлэн үү?
Сурч мэд буюу “Одооны хүүхдүүд үү”...?
“Одооны хүүхдүүд ч дээ” гэж уулга алдах, санаа алдах дундуур хэлсэн үгийг эрхэм уншигч та сонсож байсан байх. Гэтэл дэлхийн бүх цаг үед адлагдаж ирсэн “одооны хүүхдүүд” аж үйлдвэрийн хувь заяаг атгах хувьтай аж. Харвардын их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны салбар сургуулийн тооцооллоор 1985 оноос хойш төрсөн хүүхдүүдийн тархины тооцоолох чадвар өмнөх үеийн хүмүүсээс 1.5 герцээр илүү. Хэрэв энэ тооцооллын дагуу бол Евклидийн теоремыг ойлгохын тулд ердөө хоёр минутын хугацаа шаардагдана гэсэн үг.
“Одооны хүүхдүүд” чухам юу ойлгож байгаа вэ гэдэг чухал учраас дэлхийн өндөр хөгжилтэй улсууд боловсролынхоо системийг тэр чигт нь өөрчлөөд эхэлчихэж. Чухамдаа багшийн хэлсэн үг туйлийн үнэн биш гэдгийг хангалттай мэдрэх болсон учраас одоо цагийн багш нар хүүхдийг зөвхөн чиглүүлэх үүрэг хүлээж байна. Үр дүнгийн хүснэгт тухайн сурагчийг цоллох арга бус багшийн арга ажиллагаанд тавигдах үнэлгээ тул сургалтын арга барилаа өөрчлөхийг одоогийн нийгмийн нөхцөл байдал шаардаж буй аж.
“Багшийн олон цагийн лекц тухайн оюутныг залхаах тал руугаа орлоо. Тэртээ тэргүй хүссэн апп-аа татаад олж байгаа зүйлийг багшийн хэдэн цагийн лекц орлож чадна гэж үү. Тиймээс энэ цаг үеийн оюутнуудад арай өөр арга барилаар хандаж, хичээлээ орох ёстой” гэж Улаанбаатар хотын Инновац, технологийн асуудал хариуцсан орлогч М.Халиунбат ярьсан юм.
Гэтэл бидний боловсролын систем шинэчлэгдсэн үү, шинэчлэгдээгүй бол шинэчлэлд бэлэн үү? Харамсалтай нь судалгааны дүн арай өөрийг хэлж байна. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны судалгаагаар Монгол Улсын боловсролын систем дэлхийн 193 улсаас 103 дугаарт бичигджээ. Хэдийгээр байгалийн баялгийн арвин нөөцтэй нөөцтэй ч Монгол Улсад энэ баялгаа хэрхэн эзэмших вэ гэдэг нэгдсэн бодлого алга гэж судалгааны тайланд дурдсан бий. Боловсролын систем нь шинэ цагийн нийгмийн төлөөлөлтэй уялдаж байж аж үйлдвэрийн дөрөв дэх хаалгыг итгэл дүүрэн онгойлгох ёстой ажээ.
“Би Монгол Улсад 2004 онд анх ирж байлаа. Хэдийгээр монголчуудын сэтгэлгээ бүхэлдээ дээшилсэн ч тодорхой ахиц ажиглагдахгүй байна. Ялангуяа дээд боловсролын хүртээмжийн асуудал тодорхой бус. Монгол Улсад 160 гаруй их дээд сургууль байгаа ч нэгдсэн бодлогогүйн улмаас бүгд өөрсдийн сургалтын агуулгатай. Энэ агуулга нь нэгдсэн бодлогоор нэгдмэл болж чаддаггүй” гэж Австрали улсын “ЛаТроп”-ийн их сургуулийн профессор Стивен Дагген ярьсан юм.
Монгол Улс мянганы хөгжлийн зорилтод хамрагдаж АНУ-аас санаачилсан олон төсөл хөтөлбөрт багтсан нь бий. Гэвч Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 хөтөлбөрт боловсролын тухай тусдаа төрөл зүйл байхгүйг уншигч та харж болно. “Мэдлэгт суурилсан нийгэм ба ур чадвар бүхий Монгол хүн” гэж тодорхойлсон хоёрдугаар зүйлд боловсролын системийг олон улсын чанарын стандартад хамруулна гэж ерөнхий утгаар нь заасан бий. Чухамдаа өнгөрсөн арван жилийн хугацаанд Монгол Улсын боловсролын тогтолцоо хоёр ч удаа солигджээ.
Сөрж тэмц буюу Одоо тэгээд яах вэ?
Судлагдахуун нэгэнт өөрчлөгдсөн. Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал болох нь нэгэнт үнэн. Энэ цаг үед Кембриж, Оксфорд, Лондонгийн их сургууль боловсон хүчнээ бэлдэх бодлогоо өөрчлөх ёстой гэж шинжээчид үзэж байгаа. Гэтэл гурван сая хүнд 100 давсан их сургуультай Монгол Улс яах болж байна. Ердөө нэг жилийн өмнөх судалгаагаар Монгол Улсад бүртгэлтэй төрийн болон төрийн бус өмчийн, гадаадын салбар нийлсэн 153 сургууль үйл ажиллагаа явуулж буй. Энэ сургуулиуд боловсролын нэгдсэн бодлогын гадуур үлддэг аж.
“Боловсролын нэгдэн систем, бодлогоо нэн даруй өөрчлөх ёстой. Бага, дунд, дээд боловсролоо хөгжүүлж чадвал шинэ эриний шинэ сорилтод илүү нийцэх болно” гэж Дэлхийн эдийн засгийн чуулганы тэргүүн Клаус Шваб ярьсан юм.
Шинэ цаг үеийн боловсролын суурь нь бизнес сэтгэлгээ аж. Бага, дунд, дээд боловсрол энтрепренёр сэтгэлгээг хөгжүүлж чадвал шинэ цагийн хөгжлийн түүчээг атгана гэж судлаачид үзэж байна. Бизнесийн боловсрол эзэмшсэнээр тухайн суралцагчийн хөрвөх чадвар нэмэгддэг аж. Тухайн сурагч ямар нэгэн ажилт орохоос илүүтэй тухайн бизнесийн мөн чанарыг мэдэж байвал ажлын бүтээмж нь ч, ур чадвар нь ч дагаад нэмэгддэг ажээ. Хандлага өөрчлөгдсөнөөр нийгмийн хөгжил тодорхойлогдоно гэсэн далд санаа үүнд агуулагдаж байгааг эрдэмтэд хэлж байгаа юм.
Чухамдаа баяжсан Хүрлээ нийт массын нүгэлтэн бус цаашид улсаараа хөгжих ментор болсноороо буянтан болж байгаа бол аж үйлдвэрийн хувьсгалын үр дүн нь энэ аж. Энтрепренёр чиг баримжаатай улсууд л өдгөө хөгжлийн өнгйиг тодорхойлж буй. Хэн хүн хурдан өсөж дэвжиж, дэлхийн хэмжээний том бизнесүүдийг бий болгож байгаа нь дэлхий даяар хүндлэгдэж байгаа тийм цаг үед бид амьдарч байгаа. Энэ цаг үед оюутан залуус өөрсдийн гарааны бизнесээ эхлүүлэх, бусадтай өрсөлдөх, мэдлэгт нь нөлөөлөх гэж хичээдэг болсон тул бага, дунд сургууль, их, дээд сургууль ч энэ хүсэл эрмэлзлийг нь өдөөж байж хиймэл оюун ухаан, ухаалаг төхөөрөмж тэр бүү хэл сарнаа нисэх хүсэл ч бадамладаг аж.
Төгсгөлийн оронд
Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал. Хувьсгал гэгдэж буй энэ зүйл аливаа улсуудад заавал болдог улс төрийн акц, эсвэл аль хэдий нь хөгжлийн босгыг давсан өндөр хөгжилтэй улсуудаас бэлэг болгон тараадаг үнэ цэнэгүй зүйл биш аж. Энэ бол угтаа хувь хүн хөгжиж болно гэх ойлголтыг гүн бат суулгах нэгэн цогц үйл явц гэдгийг мөхөс би биш олон улсын эрдэмтэд хэлж байна. Бизнес хийнэ гэдэг ял биш, ашиг олно гэдэг нүгэл биш гэж ойлгосон цагт л аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал бидний өмнө ирнэ гэдгийг ижил гараанаас гарсан Гүрж ч, хэдэн “давааны” өмнө гарсан Америк ч ойлгон ирэх таван жилийн төлөвлөгөөрөө боловсруулж буй.
“Хиймэл ухаан, жолоочгүй машин, робот. Огт байгаагүйг нэрлэсэн шинэ нэршил ч гэсэн эдгээрийг бий болгох хүнээ боловсруулах нь аж үйлдвэрийн хувьсгалын нэг чухал хүчин зүйл” гэж Харвардын их сургуулийн Судалгааны ахлах мэргэжилтэн Одетт Байндерийн хэлснийг эцэст нь сануулъя.
Сэтгэгдэл ( 0 )