Энэ үнэрийг нь ээ!
Өчигдөр хялмаалсан цас энд унасан бололтой. Өнгө будаг нь зохицсон мэт алаглаж, үгээр бичих нь байтугай өнгөөр ялгахад ч бэрх харагдана. Өдөр тутмын амьдралын аар саархан зүйлд бодлоо чөдөрлүүлчихээд сэтгэж мэдрэхээ болиод энд ирэх үед гацчихдаг юм. Гагцхүү үнэрлэдэг.
Өнгөцхөн харахад царай муутай харагдах хаврын эхэн үе. Нар уулын цаанаас зуугуйхан цухуйж намайг гэрэлтүүлээд өөрийг нь нууж байсан уулыг сүүдэрлэнэ. Яг л хорвоо ертөнцийн бүхий л учир шалтгаан хоёр талтай байдаг шиг. Гэхдээ үнэрийн хувьд агаар нэгэн буй. Гэртээ ирчихсэн юм шиг л сайхан үнэр. Намрын оройны үнэр, зуны өглөөний үнэр, өвлийн үд дундын үнэр, хаврын эрт өглөөний үнэр. Энэ оргил дээр бүх үнэр байна.
Дээр нь гарч ирсэн оргилынхоо нэрийг нь мэдэхгүй ч сайхныг нь мэдэрч байна. Нийслэлчүүд цувж байгааг харах зугаатай юм аа. Эд нар найзуудаараа яваа бололтой, энэ хүмүүс гэр бүл бололтой, харин энэ хүмүүс жинхэнэ уулчид бололтой гээд л өмсөж яваа хувцсыг нь ажиглаж, өөр хоорондох ярианд нь чих тавихад л андашгүй.
Хүмүүс цуваад л. Хамар сэтэлж бүх биеийг ховсодсон энэ үнэрт сатаарахдаа зарим цувааг алдаж бас олох гэж хичээнэ. Хамгийн тод хувцастайгаар нь баримжаа авна. Тэр уулын бэлд түрүүн өгсөж явсан ногоон куртиктай хүнийг хайгаад олсонгүй. Яг өөдөөс харсан уулын бэл зүрхэн хэлбэр гаргаж халцарсан байх юм.
Хэсэгхэн зуур үнэрлэж гацахад уйлмаар ч юм шиг, дуулмаар ч юм шиг. Модод дүнсийж, нар ээж, салхи зөөлөн исгэрсэн энэ өдөр эндэхийн үнэр ховсдоод энд л намайг хээв нэг өөрийнхөөрөө бай гэсэн бололтой.
А.Золзаяа
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )