Нийслэлийн гудамж, зам, талбайн саад, хашлага урт, богино хугацаандаа заавал нэг асуудал дагуулдаг нь бараг л жам. Хашлагын материалын сайн муу, өнгө зүсний сайхан муухай үүнд нөлөөлөхгүй. Тун саяхан л гэхэд 40 гаруй насны хоёр иргэн төв замын алтан шармал өнгөтэй, метр гаруй өндөртэй хашлага давж байгаад патериа татуулж, тэр нь сошиалаар нэг тарав. Хөөрхий хоёрыг муучлах хүмүүс нэлээд байсан ч асуудлын цөм юундаа байгааг харж, ул суурьтайгаар ярих нэг нь ч байв. Ингэхэд хашлага юунаас болж асуудал дагуулаад байна вэ, эсвэл нийслэлийн иргэд бидэнд асуудал байна уу?
Хашлага буруутай юу, хүн буруутай юу?
Нийслэлийн Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, хоёрдугаар хорооллын 6А дугаар байрны урд талд төмөр хашаанд хүн хөлөөрөө дүүжлэгдсэн байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 10-ны өдрийн 00:16 цагт хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтайгаар дөрвөн км зам туулан 00:23 цагт очиход 1.5 метрийн өндөртэй төмөр хашаанд иргэн Н /35 настай, эрэгтэй/ толгой нь доошоо харсан байдалтай баруун хөлийн шилбэний хэсгээр хавчуулагдсан байсныг гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Хашлагыг хэт өндөр, урт байгаагаас ийм асуудал үүсч байна гэж дийлэнх иргэд үзэж байгаа. Жишээлбэл, өдрийн цагаар хашлага давсан хоёр иргэний нэг нь таягтай хөгжлийн бэрхшээлтэй иргэн байв. Тиймдээ ч хөл муутай хүнд хорь битгий хэл арван алхам ч хол хэмээж буй. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай, хөл хүнд эмэгтэй гэлтгүй жирийн иргэн ч 200 орчим метр алхаж гарцаар гарна гэдэг хүнд даваа. Энхтайвны гүүр давдаг, 13 дугаар хорооллоос Хөдөө аж ахуйн яамны уулзвар хүртэл гээд тэр хавиар алхдаг иргэд энэ зовлонг мэднэ. Гарц байхгүйгээс хүрэх газраа 10-15 минутын тойруу замаар очиж байгаа юм. Нөгөөтэйгүүр манай улсын зам талбай, гудамж хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ ямар ч ээлгүй гэцгээдэг. Нэгэн тоо баримт дурдахад, хотын энэ хэсгүүдэд 2018 онд явганаар замын хөдөлгөөнд оролцож байгаад авто машинд мөргүүлж 2,312 иргэн хүнд болон хөнгөнөөр гэмтжээ. Үүнээс 82 иргэн амь насаараа хохирсон гэх албаны судалгаа гарсан байна. Хэрвээ иргэд гарцаараа гардаг байсан бол хашлага хийгээд байх шаардлагагүй гэдгийг албаны хүмүүс хэлж буй. Харин иргэд зөвхөн машинд зориулж хашлага хийж болохгүй, хотын төвөөр дийлэнх иргэд явганаар ажлаа амжуулдаг шүү дээ гэцгээж буй юм.
Хашлага дагасан бизнес
Сүүлийн жилүүдэд нийслэлийн өнгө төрхийг сайжруулах ажилд нэлээд хөрөнгө зарж буй. Хотын дарга асан Су.Батболд л гэхэд ажиллаж буй хугацаандаа хотын иргэдийн амралтын өдрийг ая тухтай байлгахын тулд Сөүлийн гудамжинд “Гэрэлт гудамж” босгож байв. Харамсалтай нь яг одоо нэг тэрбум салхинд хийсэж буй. Шинэхэн хотын даргад “Гэрэлт гудамж” таалагдаагүй. Энэ мэт учир дутагдалтай ажлууд байсаар байна. Тухайлбал, явган хүний зам болоод хашлагын ажил жил бүр л хийгддэг. Алтан шармал хашлага ч тэдний нэг. Уг нь тэрхүү хашлагуудын оронд өнөөх байнга асуудал дагуулдаг хуванцар хашлагууд байршиж байсан юм. Жилийн жилд л хайс, хашлагаа сольж, төсвийн мөнгөөр тоглодог, дараа жил нь дахиад л бахь байдгаараа үнс, шороо, утаа, тортогтоо даруулсан хэвээрээ байдаг үзэгдэл аль ч даргын үед хэвээр байна. Тэгээд дахиад л солих ажил гардаг. Ер нь хотын хайс хашлага, зам засвараар бизнес хийж хөлждөг бүхэл бүтэн давхарга бий болсон гэдгийг албаныхан өөрсдөө ч нуудаггүй. Явган хүний болон замын хашлага хийдэг компани борооны дараах мөөг шиг олон байдаг нь энэ бизнес хэр ашигтайг харуулна. Жил бүр ажилтай байхын тулд шинээрээ шахам замын хашлага, явган хүний замын хавтанг сольцгооно. Энэ ажилд дүүргээс ч хяналт тавьж чаддаггүй гэх юм билээ.
Алтан шармал хашлага 700 сая төгрөгөөр хийгджээ
Нийслэлийн захирагчийн ажлын алба урсгал тусгаарлагч хашлагыг шинээр солих шийдвэрийг гаргаж, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Тээврийн цагдаагийн алба зэрэг байгууллагууд хамтран энэ сарын 7-ноос хэрэгжүүлж эхэлжээ. Хашлагыг Нийслэлийн арван нэгэн байршилд 5000 метр орчим газрыг хамарч суурилуулсан байна. Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр “Нийслэлийн Засаг даргын захирамжаар 700 орчим сая төгрөгөөр нийтдээ 4850 ширхэг Бээжин хотын үйлдвэрийн зориулалтын хашааг авчирсан. Өмнө нь ашиглаж байсан М хэлбэрийн цагаан хайснуудыг хуучин авто замын байгууллагууд оруулж ирсэн. Төсөв мөнгөнийхөө бололцоондоо тааруулсан байх үнэхээр чанарын шаардлага хангахгүй байсан. Одоо хийгдэж буй эдгээр хашлагууд өөртөө хүндрүүлэгчтэй, 3000 метрийн урттай, хойд тал нь бараг 70-80 кг жинтэй. Ямар нэгэн байдлаар машин мөргөлөө гэхэд хайс нь цаашаа унахаасаа илүү мөргөсөн машин нь эвдрэхээр бат бэх” гэсэн юм. Хашлагын урсгал засварыг Улаанбаатар зам засвар арчлалтын газар бүрэн хариуцан ажиллахаар болжээ. Харин хөрөнгийг нь Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба бүрэн хариуцах гэнэ. Энэ нь хашлага эвдэрвэл нийслэл рүү гүйгээрээ л гэсэн үг юм. Уг нь нийслэлийн иргэдэд энд тэндэхийг хаасан хашлага биш гарц хэрэгтэй байсан. Хэрвээ аливаа ажлыг иргэдийн дадал, бодит хэрэгцээнд тулгуурлаж хийдэг байсан бол төсвийн хөрөнгийг энэ мэт үрэн таран хийх асуудал гарахгүй байх боломж байлаа. Ядаж л нийслэлд ажил хийхдээ нийслэлийн иргэдээсээ санал асуудаг баймаар байна. Харин төсвийн 700 сая төгрөг БНХАУ руу биш дотооддоо үлдэх боломжтой байсныг энд дурдахаа түр орхиё. Хашлага байтугайг л хийдэг болчихсон дотоодын компаниуддаа Хотын захирагчийн ажлын алба итгэдэггүй бололтой.
Сэтгэгдэл ( 5 )
Yag unen garts hiigeesei gej bodoj baital baahan hashlag hiichih yum
uher shig n hashihgui bol dairaad l baina shuu
Иргэдээ хашссан, боосон бодлого барьдаг хуучинсаг ахархан бодлогоосоо хэзээ салах вэ? Шинэлэг дэвшилт гаргаж чадах хүн байна уу? Толгой нь олгой болсон тэнэгүүдээ
odoo ene 3.4-r horoolold gartsan deer bariad bgaa um bas yu um be????? Gartsaar garch bgaa humuust mashin harah bolomjgui bolj bgam bish u,bas jolooch nart gartsaar garah gej bgaa humuus sain haragdahgui osol avaar garah nuhtsul bolomjiig hangaad bga bish u,yamar heregtei um boloo?????????
Малчид малаа хаа хамаагүй явуулахгүйн тулд хашаа барьж хашдаг биз дээ. Яг тэрэн шиг хотын автозамын тэмдэглэлийг үл тоомсорлож зам дээр МАЛ лугаа адил бэлчих нөхдөд хашаа л хэрэгтэй. Гарц бол хангалттай бий.