Тоглоомын талбай дээрх хүүхдүүдийн шуугих чимээ хаврын уянгатай хоршиж чихэнд хүрэх нь үнэхээр тааламжтай. Гэрийнхээ цонхоор гаднах орчинг ажиглаж зогсвол нүдэнд, гал түлдэг явуулын чингэлэг тусах нь тэр, бууж очоод сонирхон асуувал буяны ажил гарахад дуудлагаар ирж хоол цай хийдэг гэв. Учир нь манай байрны хамгийн өндөр настай эмээ насны намраа элээжээ. Хаврын урь орсон энэ өдөр сэтгэлд шуурга шуурах шиг л санагдав. Санчиг нь бууралтсан тэр эмээг Лхам гэдэг байлаа. Насаараа оёдлын үйлдвэрт ажиллаж бас бус зүйлийг хийж явсан тэрээр энэ жил 76 насыг зооглосон юм. Амралтын өдрүүдээр хүүхдүүд нь түүнийг салхинд гаргана. Эмээ өөрөө тэнгэнцэртэй явж чаддаг болохоор байнгын асаргаа тийм ч их шаардлагагүй. Байрны хүүхдүүд түүнд маш сайн. Баруун гараараа өврөө уудалвал будаанд шавж байгаа тагтаа шиг л овоорцгооно.
Эмээ өдрийн нарыг саравчлан хааж, алсад хараа чилээн суудагсан. Би Лхам гуайд хэд хэдэн удаа тусалж байсан юм. Хэдийгээр бие дор орсон ч үг яриа нь тодхон дуулдана. “Баярлалаа хүү минь” гэх үгийг сонсоод яагаад ч юм сэтгэл цэлмээд л ирдэгсэн. Гадаа ядрахаа мэдэхгүй тоглох бяцхан хүүхдүүдэд буяны юм тараавал юмны учир ойлгох болоогүй тэд би аваагүй, надад өгөөгүй гэж булаацалдана. Магадгүй хүүхдүүд ч гэсэн чихэр өгдөг эмээг алга болчихоор нь үгүйлсэн нь лавтай. Хүний хорвоод ирээд хийх юмаа хийсэн хүн л ийм байдаг болов уу гэлтэй амар амгалан нарлаж суудаг байсан энэ эмээ буцахдаа хүртэл хүүхдүүдийн царайнд мишээл тодруулаад одсон нь энэ байлаа.
С.НАМХАЙ
Сэтгэгдэл ( 0 )