Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр боллоо. Хуралдаанаас гарсан зарим товч мэдээллийг хүгэе.
- Аадар борооны улмаас их хэмжээгээр эвдэрсэн Улаанбаатар-Мандалговь, Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн зам, замын байгууламжийг засахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх, зам засварын ажлаа шуурхай зохион байгуулахыг сайд Б.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар нарт даалгав.
- “Говийн бүсийн уул уурхайн төслүүдэд үйлдвэрийн технологийн ус нийлүүлэх төсөл”-ийн концессын гэрээг “Морьтимпэкс” ХХК-тай байгуулахыг зөвшөөрөв. Төрөөс санхүүгийн ямар нэг дэмжлэг, баталгаа гаргахгүй бөгөөд гэрээний хугацаа дуусахад ус нийлүүлэх шугам хоолойг үнэ төлбөргүй шилжүүлж авах юм.
- Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлыг “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр “Тахилт транс” ХХК-иар гүйцэтгүүлэх концессын гэрээ байгуулахыг зөвшөөрөв.
- Хүлээсэн үүргээ биелүүлээгүй “Чингис лэнд девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХК-тай байгуулсан концессын гэрээг цуцлахыг Үндэсний хөгжлийн газарт даалгав. Тус компани Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд хурдны авто зам тавих байсан юм.
- Дорноговь аймгийн Сайншанд-Дэлгэрэх сумыг холбосон 130 км хатуу хучилттай авто зам тавих байсан “Засаг чандмань майнз” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир концессын гэрээг цуцлахыг Үндэсний хөгжлийн газарт даалгав.
- 368 стандартыг хүчингүй болгож, 2074 стандартыг шинэчлэн 591-ийг шинээр боловсруулахаар болов. Өнгөрсөн онд явуулсан улсын үзлэгт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 6200 гаруй стандартыг хамруулсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Хөш, энэ замд 50 м урт төмөр бетон гүүр тавьчихээч.