7 ХОНОГИЙН ОНЦЛОХ СЭДЭВ: Ядуусын улс МОНГОЛ

2019 оны 06 сарын 23

Гурван монгол хүний нэг нь ядуу амьдарч буйг Үндэсний статистикийн хороо  болон Дэлхийн банкны хамтран хийсэн судалгаа дахин бататгалаа. Эдийн засгийн салбарын онцлох сэдэв өнөөдөр ЯДУУРАЛ-ыг тодотгон, хөндөж байна. Энэ сэдвийг багцлан харахын өмнө салбарын зарим мэдээллийг товчоор хүргэе.

АНХААРАЛ ТАТСАН ҮЙЛ ЯВДЛУУД
 

  • Технологид суурилсан хөгжлийн хурд улам бүр хүчээ авч буй энэ зуунд бид зөвхөн уул уурхай ярьсаар байх уу. Зэс, алт, нүүрс гэсэн цөөн хэдэн ашигт малтмалыг дагаж орж ирэх ам.долларыг л тоолж суух уу, ер нь энэ хараат байдлаас хэрхэн ангижрах вэ гэдэг асуулт биднээс хариулт нэхэж буй. Тэгвэл эдийн засгийн бүтцийг тэлэхэд бидний төсөөллөөс давсан үр нөлөөтэй инновацыг, энэ тухай ойлголт, хандлагыг, хууль эрх зүйн орчныг хэрхэн яаж нутагшуулах талаар “Инновац ба хөрөнгө оруулалт” форум зохион байгуулагдлаа.
     
  • Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын саарал жагсаалтын гадаа үлдэхийн тулд төр, хувийн хэвшил хүчээ нэгтгэн урагшлах ёстой болоод байгаа. Тэгвэл энэ сарын 18-ны өдөр болсон “Санхүүгийн салбарын комплаенс хэлэлцүүлэг 2019”  энэ асуудлыг хөндлөө.
     
  • ОУВС-гийн  төлөөлөгчид манай улсын бодлого боловсруулагчидтай уулзаж, инфляцийн болон эдийн засгийн ойрын хугацааны төлөв, хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.
     
  • Манай улс жилд 6200 нэр төрлийн бүтээгдэхүүнийг Европын зах зээлд татваргүй эскпортлох боломжтой ч одоогоор органик гоо сайхны бүтээгдэхүүн, сарлаг болон ботгоны ноос, чацарганы тос болон арьс ширийг л тус зах зээлд гаргаж буйг "Европын худалдааны өдөрлөг-2019" арга хэмжээний үеэр манай талаас хөндлөө.
     
  • Төв банкны суурь бүртгэлийн болон ERP системийг шинэчлэх хүрээнд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, “Intellect Design Arena” компанийн Ази Номхон Далайн Бүсийн орнууд хариуцсан захирал Индранил Чаудхарс нар гэрээ байгууллаа.
     
  • Монгол Улс Олон улсын хүүхэд, залуучуудын санхүүгийн боловсролын байгууллага /Child&Youth Finance International/-ын “Шилдэг түншлэл-2019” шагналыг хүртлээ.


ДАХИАД ДӨРВӨН ЗУУ ГАРУЙ МЯНГАН ХҮН ЯДУУРЛЫН ШУГАМД ОЙРХОН БАЙНА
 

3.2 сая иргэдийн хоёр хувь нь чинээлэг, гурван хүн тутмын нэг нь буюу 30 хувь нь ядуу амьдарч байна. Энэ бол бидний өнөөдрийг магадгүй маргаашийн олон өдрийг тодорхойлох тоо. Эдийн засгийн өсөлтийг илтгэх тоон үзүүлэлтүүд нэг иргэн бүрт хүрэх, хүртээмжийг  тэлэхэд төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй. Хэдийгээр иргэн бүр амьдралдаа анхиатай, арчаатай, хөдөлмөрч байх ёстой ч төрийн оролцоо байх ёстой газраа байхгүй байгаа учраас л улс орны хэмжээнд ядуурал хавтгай байгаа юм. Баялаг болон баялгийг бий болгох боломжийн хуваарилалт шударга бус байгаа талаар бид олон л жил ярьж байна. Сүүлийн 15 жилийн хугацаанд манай улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн  дунджаар 5.4 хувиар өсчээ. Тэгвэл ядуурлын түвшин 2016 оны байдлаар орон нутагт 34.9 хувь байсан. Дэлхийн банкны зүгээс манай улсын ядуурлын түвшнийг 29.6 хувь, цалин хөлстэй хөдөлмөр эрхлэгч дөрвөн хүн тутмын нэг нь нэн бага цалин авч байна гэж дүгнэж байв. Тэгвэл Үндэсний статистикийн хороо  болон Дэлхийн банкны хамтран судалсан судалгаагаар хүн амын ядуурлын түвшин 2016 оныхоос төдийлөн буурсангүй. 2018 онд 28.4 хувь болж, хоёр жилийн өмнөхөөс 1.2 пунктээр буурсан гэж тэд мэдээлсэн. Гэхдээ дөрвөн зуу гаруй мянган хүн ядуурлын шугамд ойрхон байгааг тэд хэлж байна. Ямар тохиолдолд ядуурлын шугам руу орох вэ гэхээр нэг хүний сарын наад захын хэрэгцээг хангах мөнгөний хэмжээ 166 580  төгрөгөөс доогуур хэмжигдэх үед. Бүр тодруулбал,  нэг хүн хоногт шаардлагатай 2100 калорийн илчлэг бүхий хүнсний бүтээгдэхүүн болон наад захын хүнсний бус бусад бараа, үйлчилгээг худалдан авч чадахгүй байгаа бол тэр хүн ядуу гэсэн үг. Тэгвэл 2016 онд манай улсад 907.5 мянган хүн ядуу амьдарч байсан бол 2018 оны байдлаар 904.9 мянган хүн ядуу амьдарч байна.

Өрхийн орлого 2017, 2018 оны эхний хагаст нэмэгдсний зэрэгцээ эдийн засгийн өсөлтийн төлөв эерэг байсан нь 2016 онд нэмэгдсэн ядуурлын түвшинг эргээд буулгах болов уу гэсэн хүлээлт дагуулж байсан. Тэгвэл өнөөдрийн бидний харж буй тоо чамлалттай.

Өмнөх судалгаагаар хөдөөд ядуурлын хэмжээ гучин хувь даваад байсан бол энэ удаагийн судалгаагаар хот суурин газарт ядуу хүн амын төвлөрөл нэмэгдэж байна гэсэн дүгнэлт гарчээ. Хөдөөгөөс хотыг чиглэсэн их нүүдлийг сааруулна гээд улс орон дотроо хилийн хориг тавихаа шахсан ажил л хийдэг төртэй улс болохоор иймэрхүү үзүүлэлтүүдэд сүүлдээ дөжрөх дээрээ тулах нь. Уг нь судалгаанаас харахад  хөдөө орон нутагт 2016-аас 2018 оны хооронд ядуурал 4.1 пунктээр буурсан бол хотод 0.1 пунктээр нэмэгдсэн гээд байгаа юм. Тэгэхээр энэ зөрүүг харахаар бас ч гэсэн дөрвөн пунктийн зөрүүний цаана зөвхөн нүүдэл байгаа гэж харахад учир дутагдал байх шиг байна. Судлаачид бол хөдөө орон нутагт ядуурлын түвшин өндөр хэвээр байгаа боловч нийт хүн амын гуравны хоёр нь хот суурин газарт амьдарч байгаагаас ядуурал хот суурин газарт нэмэгдэж байгаа гэж тайлбарлаж сууна. Хот суурин газарт амьдарч буй ядуучуудын эзлэх хувь 2016 онд 62.1 байсан бол 2018 онд 63.5 болсон аж.  Улаанбаатар хотод 2018 оны байдлаар нийт ядуучуудын 41.8 хувь буюу 378.2 мянган хүн амьдарч байна. Ядуурлын түвшинг аймгаар харвал хамгийн өндөр нь Говьсүмбэр аймаг. Хүн амын талаас илүү  буюу 51.9 хувь нь ядуу амьдарч байна. Харин Өмнөговь аймагт ядуурал 11.8 хувь байна.

АНХААР БАС ДАХИН АНХААР

2030 он гэхэд ядуурлыг хална гэдэг бол бидний хувьд үлгэр. Уг нь ийм  мөрөөдөл “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын хүрээнд бидэнд бий. Гэвч яг энэ янзаараа бол боломж хэцүү л харагдаж байна. Манай улсын ядуурлын түвшин өндөр, бууруулах шаардлага  байгааг Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагууд сануулж л байдаг.   100 хүн тутмын 30 нь зайлшгүй шаардлагатай хүнсний болон бусад  хэрэглээний зүйлсээ худалдан авч чадахгүй байгаа учраас аргагүй л дээ. Дэлхийн банкны мэдээллээс үзэхэд 2010 оноос Монголын эдийн засаг хурдацтай өссөн жилүүдэд ядуурал буурсан гэж буй ч ДНБ 20 хувь руу дөхөж байсан тэр жилүүдэд өсөлтийг өрх бүрийн хаалгаар оруулж чадахгүй байна гэх шүүмж дагаж л байсан. Цаашид тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг цогцлоож, ядуурлыг бууруулахын тулд Монгол Улс засаглалыг бэхжүүлэх, төсвийн орлогыг үр ашигтай удирдах чадавхийг сайжруулах, эдийн засгийн нөөцийг зардал, хөрөнгө оруулалт, хуримтлалд оновчтой хуваарилах, хот болон хөдөөгийн бүх иргэдийг ижил тэгш боломжоор хангах шаардлагатай. Үүнийг байгаль орчноо хамгаалсан, цаашлаад хүн амын үе үеийн эрх тэгш байдлыг хангасан байдлаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж тэд  зөвлөж байгаа юм.

Дэлхийн улс орнуудын жишээг харахад баян ядуугийн ялгааны асуудал улс орнуудын хувьд анхаарал татсан сэдэв мөн. Гэхдээ судалгаанаас харахад ядуурал бүс нутгуудад харилцан адилгүй байна. 1990 онд дэлхийн ядуурлын түвшин 35.9 хувь байсан бол 2015 онд 10 хувьд хүрчээ. Төв Африкийн Бүгд Найрамдах Улс,  Конго улс, Мадагаскар, Өмнөд Судан зэрэг  орнуудын ядуурлын түвшин 70 хувиас давсан үзүүлэлттэй.  2015 оны байдлаар  нийт ядуу иргэдийн 85 хувь нь Сахараас өмнөх Африкийн орнууд, Азийн өмнөх хэсэгт хамаарсан үзүүлэлттэй байна. Цаашлаад 2030 он гэхэд нийт ядуу иргэдийн 87 хувь нь дангаараа Африкт хамаарна гэсэн судалгаа байна. Тэгвэл бидний Монгол Улс ядуурлыг хална гэсэн тунхагтайгаа 2030 онд Африктай мөр зэрэгцэн зогсох уу гэдэг асуулт хариулт нэхэж байна.

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ruth(197.211.63.53) 2022 оны 09 сарын 25

Та бөөрөө 780000 доллараар зарж болно fortis.hospital.in@gmail.com эмнэлэгтэй холбогдоно уу.

0  |  0
bold(202.131.230.74) 2019 оны 08 сарын 19

ulam ih yduurj baina daa hudlaa too taviad ulam ih nemegdsen

0  |  0
32 ger bul(172.56.35.242) 2019 оны 06 сарын 24

32 ger bultei holbootoi! Ene ger buluud mongo ideegui zov ashiglasan bol mongol uls yaduurlaas avragdah bailaa!

0  |  0
Зочин (43.242.243.129) 2019 оны 06 сарын 23

Уул уурхай баялаг л гэнэ тэр нь хэдхэн хунд л егеежее егне монгол цаашдаа яана даа

0  |  0
m(202.179.24.122) 2019 оны 06 сарын 23

yaanadaa

0  |  0
Top