Тархи, компьютер хоёр юугаараа ялгаатай вэ? Хиймэл оюун ухааныг хэрхэн хүлээж авах вэ? 2050 он гэхэд хэт ухамсрыг бүтээх боломж бий юу, хиймэл оюун ухаан, энэ технологи хүн төрөлхтөнд юу өгөх талаар “Боломжгүйн физик”, “Ухамсрын ирээдүй” номын зохиолч, Японы физикч Митио Каку өөрийн санаа, бодлоо ийнхүү хуваалцсаныг уншигч танд хүргэж байна.
Түүний хэлснээр, 50 жилийн өмнө эрдэмтэд тархийг компьютер хэмээн төсөөлөн, хиймэл оюун ухааныг бүтээж болно гэж үзэж, алдаа гаргажээ. Гэтэл тархинд үйлдлийн систем, windows, төв процессор зэрэг цахилгааныг эс тооцвол компьютерт байдаг зүйлс байдаггүй. Харин тархи бол суралцаж буй машин гэдгийг бид ойлгодог болжээ. Компьютерыг ирээдүйд юу хийхийг бид хэлж чадах ч, харин тархи тааварлашгүй. Маш нарийн бүтэцтэй ч тархи алдаа гаргадаг. Бид заримдаа байхгүй зүйлийг сонсож, хардаг. Тархи яагаад алдаа гаргадаг вэ? Яагаад гэвэл алдаа нь хувьслын дайвар бүтээгдэхүүн. Мэдээлэл боловсруулах явцад хувьсал богино замыг хайдаг. Эс бөгөөс бид амьд үлдэж чадахгүй байх байсан.
ХИЙМЭЛ ОЮУН УХААНД ХАНДАХ НЬ
Хиймэл оюун ухаанд хандах хоёр хандлага бий. Энэ нь “дээрээс доош нь”, “доороос дээш нь” гэх хандлага. 50 жилийн туршид хиймэл оюун ухаанд дээрээс доош нь гэх хандлагаар хандаж ирсэн. Өөрөөр хэлбэл, логик хууль, эрүүл сэтгэлгээ, загварыг таних дүрмийг программчилж, компакт диск дээр буулгахыг оролдсон. Энэхүү дискийг компьютерт оруулахад машин “би бодож байна, би ухамсарлаж байна, би амьд” гэнэ. Энэ бол мөрөөдөл, гэвч хоосон мөрөөдөл.
Тэгтэл байгаль өөрөө хоёр дахь буюу “доороос дээш нь” гэх хандлагыг баримталдгийг бид ухамсарласан. Хүүхэд эсвэл шавж ингэж сурдаг. Шавжид 100 мянга орчим нейрон буюу бичил тархи байдаг бөгөөд хамгийн өндөр хүчин чадалтай компьютерын хийж чадахгүй зүйлийг чадна. Хэрэв компьютерыг ойд аваачиж орхивол юу болох вэ? Үгүй болно. Харин хорхой, шавж өөртөө хоол, хорогдох газар, үржилд орох хосоо хүртэл олно. Тиймээс уламжлалт хандлага байсаар байх болно. Гэтэл хүн бүгдийг программчилж, машинд өөрт нь учрыг нь олох боломж олгодоггүй хэр нь алдаа гаргадаг, загваруудыг олдог, тархины эстэй нэгэн адил суралцдаг тийм машиныг бүтээж, алдаагаа засахыг оролдсоор.
ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН ТҮВШИН
Хамгийн дэвшилтэт роботууд Honda корпорацын ASIMO загвартай ижил байдаг гэж Митио Каку үзэж байна. Тэд алхаж, гүйж, үсэрч, шатаар гарч, бүжиглэж чаддаг. Хүнээс ч илүү бүжиглэх чадвартай. ASIMO роботыг бүтээгч ухаалаг роботууд хэр их ухаантай вэ гэсэн асуултад ASIMO-г жоомтой зүйрлэсэн байдаг. Цаг хугацааны явцад машинууд оюун ухаанаараа хулгана, дараа нь харх, туулай, муур, нохойг гүйцэх гэнэ. Магадгүй энэ зууны сүүлч гэхэд сармагчны хэмжээнд ч хүрэх боломжтой.
Харин тэр үед роботууд аюултай болно хэмээн физикч онцолжээ.
Харин хүний чадварыг хүн төрөлхтөн танин мэдэхэд цаг хугацаа шаардагдана. Орчин үеийн хиймэл оюун ухаанд тодорхой дадлыг суулгаж болдог байна. Жишээ нь, шатар, даам тоглох, загварыг таних, бүр хүнээс ч илүү рентген зургийг унших чадвартай. Гэтэл шатар тоглодог машинтай цаг агаар, юу мэдэрч буй талаар ярилцах боломжгүй. Учир нь түүнд өөрийн ухамсар үгүй. Харин энэ зууны сүүлч гэхэд өөрийгөө ухамсарладаг машин гарч ирэх магадлал өндөр. Одоогоор роботууд өөрсдийгөө робот гэдгийг мэдэхгүй байгаа. Ухамсартай роботуудаас айдаг Илон Маск ирээдүйд зөвдөх ч олон арван жилийн туршид роботууд шинэ шинэ ажлын байрыг бий болгоно гэж ярьдаг Марк Зукерберг ч мөн адил.
ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР
Хиймэл оюун ухааны зам дардан биш. Компьютерын бүтээмж 18 сар тутам хоёр дахин нэмэгддэг гэх Мурын хууль компьютер хөгжүүлэлтийн хөдөлгөгч хүч нь. Хэрэв энэ хууль цаашид ч мөрдөгдөнө гэж үзвэл машинууд хүнтэй адил ухаантай болох боломж бий. Гэхдээ технологийн компаниуд компьютерын бүтээмжийг өмнөх хурдаар нэмэгдүүлэх боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Учир нь бичил схем дэх дамжуулагч хэт жижиг тул квантын сөрөг нөлөө үүсдэг бөгөөд хүчтэй халалтын улмаас кремний хайлдаг аж. Эцсийн дүнд Мурын хууль үйлчлэхээ болино. Үүнтэй адил дамжуулагч вакум хоолойг орлосон ба кремнийн электрон мөн хуучирсаар. Иймээс квантын компьютерын эрин үе эхэлнэ. Квантын компьютер одоогоор бэлэн болоогүй байгаа тул кремнийн бичил схемийг орлох эсэх нь тодорхойгүй байна. Ирэх жилүүдэд компьютерын хүчин чадал нэмэгдэх ч хүний тархины хэмжээнд хүрэхгүй. Цох хорхойн тархинд 100 мянга орчим мэдрэлийн эс байдаг бол хүний тархинд 100 тэрбум мэдрэлийн эс бий. Тиймээс хүний тархины хэмжээнд хүрэхийн тулд ихээхэн хэмжээний хөлс асгарах нь тодорхой.
УХАМСРЫН БҮТЭЦ
Ухамсрын нэгж нь өрөөн дэх термостаттай ижил эргэх холбооны зангилаа юм. Эдгээр зангилаанууд нийлээд орон зай, нийгэм, цаг хугацаанд “Би” загварыг бий болгодог. Ургамалд ийм нэгж тав орчим байдаг бөгөөд температур, чийг, гэрэл, таталцлын чиглэлийг мэдэрдэг. Дараагийн түвшин нь амьтад. Хэвлийгээр явагчид 100 орчим зангилаа буюу “орон зайн тархитай” байдаг. Хүний тархины арын хэсэгт “хэвлийгээр явагчийн тархи” байдаг ба энэ нь орон зайн байршлыг тогтоох, хосоо олох зэрэгт тусалдаг. Бидний тархины гол хэсэгт сэтгэл хөдлөл, шатлан захирах ёс зэргийг хариуцдаг “сармагчны тархи” оршдог. Харин “хүний тархи” өмнөд хэсэгт байрладаг бөгөөд үүнийг “цаг хугацааны тархи” гэдэг. Бид мөрөөдөж, ирээдүйн талаар тунгаан бодож, төлөвлөгөө боловсруулдаг. Амьтад ингэж чаддаггүй. Жишээ нь, нохойдоо маргааш гэж юу болох тухай тайлбарлаад нэмэргүй. Нохойны тархи ирээдүйн талаар боддоггүй, зөвхөн хоёр цаг орчмын баримжаатай байдаг гэнэ. Баавгай хүйтэн болдог учир ичээндээ ордог. Энэ бол зөн совин. Үүнд л бидний ялгаа оршдог. Хүн байнга ирээдүйгээ бодож, загварчилж байдаг.
Харин өнөөдрийн роботууд ямар түвшинд байна вэ? Ганц зангилаатай термостат яах вэ? Таван нэгжтэй ургамал хэрхэх вэ? Орчин үеийн роботууд матрын ухамсрын түвшинд ойртож ирсэн. Тэд тасалгаанд алхаж, амьтдын хийдгийг хийх чадвартай болсон. Гэвч тэд нийгэм, сэтгэл хөдлөл, ааш авирын талаар ямар ч ойлголтгүй бөгөөд ирээдүйн талаар төсөөлөх ч үгүй. Тиймээс роботыг хүн шиг сэтгэж, ухамсарладаг болгохын тулд асар их ажил хийж гүйцэтгэх ёстой.
ХУРУУ ШИЛЭНД БОЙЖУУЛСАН ОРГАНИК ХИЙМЭЛ ОЮУН УХААН
Бүх зүйл боломжтой ч гагцхүү хэрхэн бий болгохыг л хэн ч мэдэхгүй байна. Одоогоор энэ нь үг төдий л зүйл. Харин уг санаа нь өөрөө бидний боломжоос хэт хальсан зүйл. Физикч Митио Какугийн ярьснаар, юуны өмнө мэдрэлийн эсүүдийн холбооны схем шаардлагатай. Бидний тархины эс бүр 10 мянган бусад эстэй холбогддог бөгөөд нийт 100 тэрбум эс бий. Бид цох хорхойн тархийг зурагжуулж чадсан нь энэ салбарт гаргасан дэлхийн амжилт. Гэхдээ л энэ нь зөвхөн зурагжуулснаас хэтрээгүй. Эсийг удирдах гэсэн ойлголтод ойрхон ч очоогүй л байна. Тэгэхээр бид зорилгодоо хүрэх нь яагаа ч үгүй байна гэсэн үг. Тиймээс органик хиймэл оюун ухааныг бүтээтэл олон зуун жил шаардагдах нь дамжиггүй.
ТАРХИ, КОМПЬЮТЕРЫН ХОЛБОО
Тархи, компьютер хоёрын хоорондын холбоо хиймэл оюун ухаанаас 100 тэрбум мэдрэлийн эсийн хүчин чадлыг ашиглаж буйгаараа ялгаатай. Хиймэл оюун ухааныг тэгээс эхлэх хэрэгтэй болдог тул ийм төрлийн холбоос илүү дэвшилтэт байдаг. Бид интернэтээр өөрсдийн мэдэрч буй сэтгэлийн хөдлөл, мэдрэхүй, дурсамжийг дамжуулах боломжтой. Өсвөр үеийнхэнд энэ нь таалагдах нь дамжиггүй. Тэдний бие биетэйгээ харилцах харилцаа нь өөрчлөгдөнө гэсэн үг. Сөрөг үр дагаврын талаар ярих нь эрт. Учир нь энэхүү технологи энгийн түвшинд явж байгаа. Хоёр жилийн өмнө дурсамжийг анх удаа бичсэн байдаг. Хэзээ нэгэн цагт Альцгеймер өвчтэй хүний тархинд болж буй зүйлийг бичиж авах боломжтой болно. Тэд зөвхөн товчлуур дарах төдийд мэдээллийг хадгалах явцад оролцдог тархины хэсэгт дурсамжууд хөврөх болно.
Массачусетсийн технологийн дээд сургуульд хуурамч дурсамжийг бий болгосон байдаг. Хэдийгээр айдас төрүүлж буй ч энэ технологи мэдрэлийн эсийг компьютертой холбодог экзо араг ясыг бодвол шинэ тутам байгаа.
ХҮН ТӨРӨЛХТНИЙ ИРЭЭДҮЙ
Шинжлэх ухаан инновацийн давлагаан дор хөгжиж байна. Эхний давлагаа уурын хөдөлгүүртэй холбоотой бөгөөд аж үйлдвэрийн хувьсгал эхэлсэн. Үүний дараа цахилгаан бий болж, бас нэгэн хувьсгал болсон. Гурав дахь давлагаа өндөр технологи буюу компьютерын хувьсгал байсан бол дөрөв дэх нь молекулын түвшний физик. Энэ нь хиймэл оюун ухаан, био болон нано технологи юм. Эдгээр нь ирээдүйд дэвшлийг түргэсгэж, баялгийг нэмэгдүүлнэ.
Хүн төрөлхтөн технологиос айх учиргүй. Хиймэл оюун ухаан аюул учруулах хэмжээнд хөгжих үед бид ослын товчлуурыг дарахад хангалттай. Гэтэл 200 жилийн дараа роботууд энэ хамгаалалтын системийг идэвхгүй болгох хэмжээний ухаантай болсон байна. Энэ тохиолдолд хэрхэн вэ?
Митио Каку эрдэмтний үзэж буйгаар, хүн төрөлхтөн компьютертой байлдах бус, харин нэгдэх учиртай. Ингэснээр хүн төрөлхтөн үхэшгүй болно. Одоохондоо ийм технологи бий болоогүй байгаа ч гарч ирэх нь дамжиггүй. Бид төгс бие махбодтой болж, үхэшгүй болох боломжтой. Үүнийг хүн төрөлхтөн ёстой бус, харин хийх хүсэл, чадвартай учир хийх юм. Энэ шинжлэх ухааны уран зөгнөл хэдий ч зуун зуун жилийн тэртээ боломжгүй зүйл гэж үгүй болох цаг ирнэ гэж Митио Каку онцолжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )