Бороо шивэрсэн тэнгэрийн дороо бороо болон шивэрч л сууна уу, ээж ээ. Босон суусан ч хоёр хүүг минь эрхлүүлээд борхон хоногуудыг туулж л байна уу, ээж ээ. Ижий таныхаа гарын оронд гар, хөлийн оронд хөл, нүдний оронд нүд болж яваг гэж хоёр хүүгээ хичээл нь амрангуут явуулсан юм аа. Дэггүй хоёр үр минь дэнжийн цэцэг тасдаж дэггүйтэж байна уу, ээж ээ. Бороо зогсоно, солонго татна. Багын зангаараа солонго тасдаж гоёно гэдэг дэврүүн бодол минь ч хэвээрээ шүү, ээж ээ. Сааль үнэртсэн ягаан дээлийн тань үнэр миний энэ орчлонд мэдэрсэн хамгийн сайхан үнэр байсаан. Таныгаа бодохоор одоо ч тэр зөөлөн салахын аргагүй үнэр хамар цоргидог билээ л.
Орой нь цоорхой үүлсийн сиймхийгээр хүүгээ ивээх гэж илчээ бадруулж сууна уу, ээж ээ. Бууралхан орчлонгийн нэгэн зайдаа миний төлөө цацал өргөн сууна уу, ээж ээ. Аавтай хамт хэдэн үхрийнхээ араас хөөцөлдөж, аавтай хамт гурван хүүгийнхээ цаашдын замыг гэрэлтүүлэхээр залбирч л сууна уу ээж ээ. Долоон давхрын цонхоор догдлолыг минь тээсэн бороо асгарч байна. Дотоод огторгуйд минь долоон бурхан, нар, сартайгаа хамт таньдаа тэмүүлсээр л байдаг шүү, ээж ээ.
Ажлаа хаяад аав, ээждээ гүйгээд очмоор, дэвэн дэлхийн зүйлийг хамж шимээд ярьж суумаар өдөр юмсанж. Удахгүй нутагтаа очиж ээж, аавдаа эрхлэнхэн сууя даа. Амьдралд олдохгүй ажил гэж байх биш. Арга эв нь олдоно шүү дээ. Аав, ээжээс үнэтэй нь юусан билээ.
Бурхан ижийгээ бурхан болтлоо хайрлана. Бурхан аавыгаа буцан буцталаа хайрлана аа. Энэ өдөр төрүүлсэн эрхэм хоёр бууралдаа энэ сэтгэлийнхээ угаас ХАЙРТАЙ гэж хэлье ээ.
Сэтгэгдэл ( 0 )