Зээлийн багцын чанарыг сайжруулна

2019 оны 07 сарын 04

МУХБ-ны шинэ удирдлага томилогдоод нэг сарын хугацаа өнгөрч байна. Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Амартүвшин энэ хугацаанд хийсэн ажил, цаашид  хэрэгжүүлэх арга хэмжээний талаар эдийн засгийн сэтгүүлчдэд товч мэдээлэл хийлээ. Тэрээр банкны санхүүгийн үзүүлэлт, чанаргүй том зээлүүдийг хэрхэн шийдвэрлэх тухай, МУХБ-аас зээл авахыг хүсэгчид тавигдах хуулийн болон бодлогын шаардлагын тухай онцлон мэдээлэв.  

Санхүүгийн үзүүлэлт:  МУХБ-ны санхүүгийн үзүүлэлт 2019 оны I улирлын байдлаар  нийт актив 4 их наяд 244 тэрбум төгрөг, өөрийн хөрөнгө 1 их наяд 138 тэрбум төгрөг, пассив 3 их наяд 106 тэрбум төгрөг байна. 

Тайлант хугацааны  байдлаар нийт зээлийн үлдэгдэл 2 их наяд 577 тэрбум төгрөг, эрсдлийн сан 336 тэрбум төгрөг байгаа бол чанаргүй зээлийн хэмжээ 292 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Чанаргүй зээлийн харьцаа 10.4 хувьтай байна.

Чанаргүй том зээлүүдийг  хэрхэн шийдвэрлэх талаар: МУХБ-ны үйл ажиллагааг чангаасан чанаргүй томоохон зээлдэгчдийг Засгийн газрын ээлжит шалгалт болоод МУ-ын Үндэсний аудитын газрын шалгалтаар тус тус олон нийтэд зарлаж тулгамдаж буй асуудлуудыг яаралтай, үр дүнтэй шийдвэрлэх үүрэг даалгаварыг МУХБ-ны удирдлагуудад өгсөн. Энэ хүрээнд томоохон чанаргүй зээлүүдэд нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг эхлүүлээд байна.  Тухайлбал: ЭРЭЛ компанид олгосон зээлийг эргэн төлүүлэх хүрээнд Засгийн газрын хамтарсан комисс байгуулагдаж хамтарсан компани байгуулах асуудлыг судалж байна. МОН ЛАА компанийн хувьд шүүхийн шатанд МУХБ-тай эвлэрлийн гэрээ байгуулж 2019 онд зээлээ бүрэн  төлөхөөр болж эхний төлөлт хийгдсэн. ХӨТӨЛ компанийн ашиглалтад орсон үйлдвэрийг улсын комисст хүлээлгэн өгч МУХБ-ны барьцаанд авахаар ажиллаж байна.

Хөгжлийн банк дотоод үйл ажиллагааны хүрээнд зээлийн бодлогыг шинэчлэн, зээлийн үйл ажиллагааг зохицуулах журамд өөрчлөлт оруулах, Чанаргүй зээлтэй ажиллах тусгай активын нэгжийн бүтэц, чиглэлийг шинэчлэх. Зөрчилтэй зээл хариуцсан мэргэжилтний орон тоог бий болгож, нэгдсэн удирдлага, менежментээр ханган ажиллахаар төлөвлөөд байна. Засгийн газраас хийсэн шалгалтын  хүрээнд өгсөн санал зөвлөмжийн хэрэгжилт 2019 оны 2 дугаар улирлын байдлаар 86.5 хувьтай байна.

МУХБ-наас зээл хүсэгчид тавигдах хуулийн болон бодлогын шаардлага:   МУХБ-наас олгосон зээл эргэн төлөгддөггүй гэдэг нийгэмд үүссэн ташаа ойлголтыг залруулах, зээлийн хариуцлагыг нэмэгдүүлэх хүрээнд хуулийн болоод бодлогын шаардлага хангасан төсөл хөтөлбөрт санхүүжилт олгоно.

Хуулийн шаардлага нь экспортын бүтээгдэхүүн үйлчилгээг үйлдвэрлэдэг байх, дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, ЗГ-ын Хөгжлийн бодлоготой нийцтэй байх, эдийн засаг, санхүүгийн үр ашигтай, зээлийг эргэн төлөх чадвартай байх, ТЭЗҮ, зураг төсөл, төсөв, хийгдсэн байх, эдийн засаг, байгаль орчин,нийгмийн үр нөлөөг тооцсон байхыг шаардна. Түүнчлэн төсөл хэрэгжүүлэгчийн туршлагыг давхар харгалзан үзнэ.

Бодлогын шаардлагын тухайд 20.0 тэрбум төгрөг эсхүл түүнтэй тэнцэх гадаад валютын дүнгээс дээш хэмжээтэй санхүүжилт хүссэн байх, 100% төрийн өмчийн ААН-ээс бусад этгээдийн хэрэгжүүлэх  төсөл, хөтөлбөрт олгох зээлийн дээд хэмжээ нь төслийн нийт өртгийн 85%-иас хэтрэхгүй байх, хуурамч мэдээлэл, баримт бичиг ирүүлсэн, зээл нь эрсдэлийн сангаас хаагдаж  байсан харилцагчаас хүсэлт хүлээн авахгүй,  хар жагсаалтад оруулан жагсаалтыг мөрдөн ажиллана. Банк санхүүжилт олгохоос татгалзвал 12 сар, шаардлагатай материал ирүүлээгүй буцсан бол 6 сарын хугацаанд дахин тухайн зээл хүсэгчээс  хүсэлт хүлээн авахгүй байх зэргийг мөрдөж ажиллахаар боллоо.

Түүнчлэн дунд, урт хугацаанд шаардлага хангасан Эрчим хүчний салбар, ХАА-н салбар, Уул уурхайн бус экспортын төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээс гадна МУ-ын хүн амын амьдралд шууд нөлөө үзүүлэхүйц томооохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ. Тухайлбал Газрын тос боловсруулах үйлдвэр, Агаар, хөрсний бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэн ажиллах юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top