Уралдаанч хүүхдийн амь нас 30 мянга уу, 100 мянга уу?

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 08

Монголчууд бид дэлхийд ганц Монгол наадмаараа хүчит бөхөө барилдуулж, хурдан морь уралдуулж, сур харваачдынхаа цэц мэргэнийг сорин цэнгэдэг ард түмэн. Эдгээрээс хамгийн эрсдэлтэй нь хурдан морины уралдаан учраас уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой асуудлыг шийдвэрлэх нь маш чухал байна.

Ухаан орж ч амжаагүй, амьдралын амтыг мэдэрч ч үзээгүй нялхаараа шахуу хүүхдүүд уралдаанч хэмээх “торгуулийн салаанд” харьяалагдаж, өнгөрсөн онд ердөө 30-хан мянган төгрөгөөр амь нас эрүүл мэндээ даатгажээ.

Ингээд өнгөрсөн оны Улсын баяр наадмаар 942 хүүхэд мориноос унаж, 22 хүүхэд хүнд гэмтжээ. НҮБ-аас үүнийг хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр хэмээн шүүмжилдэг ч хурдан морийг хүүхэд унах нь эртнээс нааш улбаалан ирсэн өв соёл учраас шууд хориглочихно гэдэг бас л асуудалтай. Гэхдээ хэчнээн өв соёл, уламжлал байлаа ч Монголын ирээдүйн нэгээхэн хэсэг болсон хүүхдүүдээ 30-хан мянган төгрөгөөр даатгаад явуулах нь байж боломгүй зүйл юм.

Тийм учраас Монголын морин спорт, уяачдын холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, даатгалын компаниудын төлөөлөл хамтран уралдаанч хүүхдийн аюулгүй байдал болон даатгалын асуудлаар өнөөдөр /2019.07.08/ мэдээлэл хийлээ.

Тэд уралдаанч хүүхдийн даатгалыг 100 мянган төгрөгөөс эхлүүлэхийг уриалав. Мөн уралдаж яваад хүүхэд бэртэж гэмтсэн тохиолдолд тээвэрлэлтийн зардлыг даатгалын гэрээнд оруулах, хүүхэд даатгалд хамруулж байгаа үйл явцыг шилэн болгох зэрэг асуудлыг онцолсон юм.

Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын орлогч дарга Н.Мандуул “Бид уралдаанч хүүхдийн даатгалын асуудлаар холбогдох бүх байгууллагуудтай харилцан тохиролцож, хүүхдийн аюулгүй байдлыг нэг номерт тавьсан. Тухайлбал, хурдан морь унаж буй уралдаанч хүүхэд 100 мянган төгрөгөөр даатгагдаад, даатгалын нөхөн төлбөр нь 20 сая хүртэлх төгрөг байхаар тохиролцож, уяачдын холбоо, даатгалын компаниудтай гэрээ хийсэн байсан. Гэтэл өнгөрсөн долоо хоногт Санхүүгийн зохицуулах хорооноос /СЗХ/ мэдэгдэл гарсан. Уг мэдэгдэлд “Иргэд, уяачид хурдан морь унаач хүүхдээ ямар үнэлгээгээр даатгуулахаа даатгагч талтай харилцан тохиролцоно” гэсэн агуулга бий. СЗХ даатгалын бүтээгдэхүүнийг хянах, баталгаажуулах үүрэг нь хуулийн хүрээнд байдаг. Гэтэл холбогдох бүх талууд тохиролцоод, хүүхдийг 100 мянгаар даатгах ажил бүтэмжтэй өрнөж байхад дээрх мэдэгдэл гарснаас хойш эхнээсээ аймаг, сумын наадамд маргаан үүсэж эхэллээ. Өөрөөр хэлбэл, уяачдын зүгээс талууд харилцан тохиролцож байгаа юм чинь заавал 100 мянган төгрөг өгөх албагүй гэсэн асуудлыг ярьж байна. Одоо уралдаанч хүүхдийг хэдэн төгрөгөөр даатгуулах нь дурын асуудал гэсэн ойлголт нийгэмд бий болчихлоо. Өнгөрсөн жил уралдаанч хүүхдийг 30 мянган төгрөгөөр даатгахад даатгалын нөхөн төлбөрийн дээд хэмжээ нь тав хүртэлх сая төгрөг авдаг байсан. Тэгвэл 100 мянгаар даатгуулбал 20 сая хүртэлх төгрөг олгохоор тооцож байгаа юм. Уралдаанч хүүхдийг 100 мянгаар даатгуулснаар тухайн хүүхэд бүтэн жилийн турш даатгалтай байхын зэрэгцээ бэртэж гэмтсэн тохиолдолд тээвэрлэлтийн зардлыг давхар олгох боломжтой болох юм. Харамсалтай нь, СЗХ-ноос хийсэн мэдэгдлийн дараа бидний хийсэн ажил эргэлзээтэй байдалд орчихлоо” гэлээ.

Монголын морин спорт, уяачдын холбооны дэд дарга Б.Батбаатар “Хурдан морь бол Монгол Улсын соёлын өв. Энэхүү соёлын өвийн баатар бол уралдаанч хүүхэд байдаг. Бид энэ хүүхдүүдийг хамгаалах нь нэн тэргүүний зорилт байх ёстой. Хүүхэд даатгагдаж байгаа бүх процессыг шилэн байлгах үүднээс даатгалын компаниудтай хамтын ажиллагаа тогтоож байна. Хүүхдийн амь нас, эрүүл мэндийг тэргүүнд тавьж хамгаалах тэр дундаа гэр бүл хүүхэд залуучуудын газартай байгуулсан санамж бичгийн хүрээнд унаач хүүхдийн 100 мянгаас доошгүй байхаар даатгалаа хийлгээрэй гэж уриалмаар байна” гэсэн юм.

Аймаг, нийслэлд явуулж буй хурдан морины уралдааны үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн улсын байцаагч нар хөндлөнгийн хяналт тавьж ажиллаж байгаа талаар энэ үеэр мөн онцлов. Ингэхдээ унаач хүүхдийн хувцас хэрэглэл, хамгаалалтыг шалгаж, уралдаанд оролцуулах юм байна. Энэ жилийн тухайд наймаас дээш насны хүүхдийг уралдаан оролцуулах ба улсын хэмжээнд 7000 гаруй хүүхэд даатгалд хамрагдах төлөвтэй байна. Унасан морины наснаас шалтгаалан нар, салхи, бороо, шуурга, цастайг үл хайхран 10-30 километр газар туулдаг уралдаанч хүүхдүүдийн эрх, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж наадахыг нийт уяачдад уриалж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top