Сэтгэл дундуур минь намрын хонгор салхи исгэрэн шуугьж өнгөрөх шиг, тэр салхины үзүүрээс зүрхний хайртай амраг минь итгэлийн үгээ шивнэх шиг. Нам гүмхэн ахуйд ганц соно нисэх гээд солонгонд ээрэгдэн намрыг хүлээх мэт. “Сэрсэн тал” итгэлийн минь мөрнийг цалгиан урсгах шиг сэр сэрхийнэ. Түргэхэн хэмнэлийн айзамд адуу тогтохгүй зэрэглээтэх мэт, тэгснээ хэсэг бүгээн адуу асар майхны зүг янцгаах мэт тархи бөмбөрдсөн гэгээн эгшиг цээжин доогуур мөрөн адил цутганам аа. Барим тавим алсад ижий намайг л хүлээж тосох шиг, бараа нь үгүй холоо одсон багын найзын сураг дуулдах шиг байснаа “Сэрсэн тал” алсарна.
Бөөн бөөн үүлнээс бороо дусах мэт, борооны амь газарт шингээд цэцэг болж ургах шиг амь бүхэн амьдралд тэмцэх нь адайр занг минь зөөллөх ч шиг. Аавын гэрийн хойморт хоёр хүү минь бөх унтах шиг, унтах нойрондоо “Сэрсэн тал”-аа зүүдлээд үнэгчлэх тийм л гэгээн совинт аялгуу. Ахын гаансны толгойноос утаа цоролзон цагариглах шиг, тэр цагаригийг сарниулан ижий аягатай цай дээжлэх шиг хөг нэмсэн эгшиг. Баруун уулын бэлд хонин сүрэг налайж, хонины бэлчээрт унтсан хүү гэнэтхэн цочин сэрэх шиг аялгуут зураг юм аа, миний “Сэрсэн тал”.
Хараа голынхоо хөвөөнд ширэг налан хэвтэх шиг, хажууд зэрэгцэн хэвтэх хар багын найз минь охиноо тэврэн өндийх шиг сэтгэлийн минь нугад жигүүрээ дэлгэсэн, миний “Сэрсэн тал”. Хашааны минь банхар залхуутайяа идүүрээ ширтэн аахилахдаа өнгөрсөн цагаа дурсан уйтайяа гинших шиг. Дэлхийн дайдад түгсэн монгол аялгуу билээ л. Дэнж хотойлгох монгол наадмын сүр чимэг билээ л. “Сэрсэн тал” байж гэмээнэ Шарав мөнхөрч дуурсагдана. Шарав мөнхөрч гэмээнэ “Сэрсэн тал” цаг мөнхөд цуурайлна. Хөг нэмсэн аялгуу гэвээс “Сэрсэн тал” сэтгэл дотор солонго болон гэрэлтэнэ.
Түмэн бодол ээрсэн гурван минутын хөгөнд, хорвоо бүхэлдээ өнхөрч л байнам. Баярлалаа, Шарав гуай. Миний “Сэрсэн тал” энэ билээ.
Сэтгэгдэл ( 0 )