Шар мөрний шивнээ, шаагисан амуу тарианы өлгий нутаг Ганьсу

Админ | Zindaa.mn
2019 оны 07 сарын 19

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн мэдээллийн албаны урилгаар Монгол Улсын сэтгүүлчид БНХАУ-ын Ганьсу мужид ажиллалаа. Энэ удаагийн айлчлалын гол зорилго  тус улсын газар тариалангийн бүсийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах байв. Ганьсу муж бол Хатан голын дээд урсгалд байрлалтай, зүүн талаараа Си Чуан муж, Хөх нуур муж, баруун талаараа Шинжаан Уйгар, умард талаараа ӨМӨЗО, Нин Шиатай хил залгадаг эртний торгоны замын зангилаа хот ажээ. Уур амьсгалын хувьд хуурай, хагас хуурай бүс нутагтай.  Хүн амын хувьд 26 сая гаруй иргэн амьдардаг байна. Сүүлийн таван жилийн хугацаанд хөгжлийн асар их хурдацтай хөгжиж буй мужийн нэг. Бүх Хятадын ногооны бүтээгдэхүүний хэрэгцээний  70 хувийг эндээс хангадаг байна.

Ингэхдээ зургаан төрлийн бүтээгдэхүүнээрээ алдартай аж. Хонь, загас, гахай, жимс, төмс, эмийн ургамалтай. Зургаан төрлийн эдгээр бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлээ ядуурлаас гаргах гол хүчин зүйл гэж үздэг  байна. Тиймээс ч тэд энэ удаа тариаланчдаа ядуурлаас бууруулах төслийг хэрэгжүүлж эхлээд буй энэ.   Үүнээс гадна эрчим хүч, түүхий материал суурин мужийн нэг. Өнгөрсөн хугацаанд газар тариалангийн үйлдвэрлэлийн нөхцөл эрс сайжирсан төдийгүй хүний оролцоог багасгаж, шинэ технологийн хүчийг илүүд үзэж байгаагаа онцолж байв. Тухайлбал, 100 метрийн хүлэмжийн аж ахуйд хоёрхон тариаланч ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Ингэснээр уламжлалт аргаар тариалан эрхэлдэг байсныг халж, орчин үеийн техникийн шийдэлд тариалангийн салбараа даатгаж байгааг харж болохоор. Энэ  нь нэг талаараа хөгжлийн хурдацыг давхар харуулж байгааг илтгэнэ.  Эднийх зөвхөн газар тариалангийн салбарыг голчилсонгүй, сүүлийн гурван жилийн хугацаанд боловсрол, шинжлэх ухааны салбараа зэрэгцүүлэн хөгжүүлсэн бөгөөд мужийн хэмжээнд   өнөөдрийн байдлаар нийт 34 их, дээд сургуулиудыг шинээр бий босгожээ. Элсэн цөлд шинэ хот сууринг хэрхэн босгосон талаар нь сонирхож асуухад, “ Ганьсу муж бол ерөнхийдөө говийн цөлтэй,  олон товгор уул нуруудыг тэгшилж газар бий болгож шинээр барилга байгууламж барьсан. Ингэхдээ газраа барилгын компаниудад ижил тэгш хуваарилж барилга барих зөвшөөрөл олгосон. Үүний үр дүнд энд ямар нэгэн газрын маргаан гэж байхгүй, тухайн компани Засгийн газартай хийсэн гэрээний дагуу л ажлаа гүйцэтгэх ёстой. Засгийн газраас гаргасан шийдвэрийг ямар ч компани, хувь хүн зөрчих эрх байхгүй. Яагаад гэвэл бүх бүтээн байгуулалт төлөвлөлт, цаг хугацаа, хүний хичээнгүй хөдөлмөрийн үр дүнд бий болдог учраас маргааш болно, нөгөөдөр дуусна гэсэн зүйл байхгүй” гэсэн юм. Бүтээн байгуулалтаас гадна тус мужийнхан аялал жуулчлалын салбартаа ихээхэн анхаарал хандуулж байгаа аж. Тус мужид дэлхийд алдартай Дүн Хаунгийн Мөө Гао агуй, Цастын Монголчуудын зан үйл, тэмээн жин зэрэг өвөрмөц онцлогтой соёл иргэншил бий. Үүнээс гадна Сөө На хөгжим, цаасан хайчилбар, Ши Хөө урлаг, ардын жүжиг наадам гээд олон төрлийн жуулчдыг татах урлагийн өв соёлоороо гайхуулдаг байна.

Ланжоуд импортын бараа оруулахыг хориглоно

Бидний дараагийн зочилсон хотын нэг Ланжоу. Энэ хот 2200 гаруй жилийн түүхтэй. Хятадын соёл үүслийн чухал газрын нэг. Хатан голын соёл, Торгоны замын соёл, Нангиадын соёл болон баруун бүсийн чухал уулзвар ажээ. Тус хот нь Шинэ Хятад улсыг байгуулагдсан анхны жилүүдэд аж үйлдвэрийн суурь болж чадсан байна. Хятадын дотоод эх хуурайн төв цэгт байрлаж, Бүх Хятадын есөн их зам харилцааны төвийн нэг  юм. Мөн мэдээлэл холбооны сүлжээгээрээ Хятад улсдаа тэргүүлдэг байна. Тэгвэл манай улс  Ланжоу хоттой    хоёр жилийн өмнөөс нэгэн төслийг хэрэгжүүлэхээр ярилцаж эхлээд байгаа аж. Хятад улс Байгаль нуураас ус дамжуулах хоолой барих замаар ундны усны хомсдолоо шийдэхээр хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл,  Байгаль нуур, Гансу мужийн төв Ланжоу хотыг холбох цэвэр ус дамжуулах хоолой барих төслийн талаарх мэдээллийг  тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хоёр жилийн өмнөөс мэдээлж эхэлжээ.  Гансу мужийн нийслэл Ланжоу хотоос Байгаль нуурын баруун урд хэсгийг холбосон уг хоолой нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжихаар эл төсөлд тусгасан бөгөөд нийт урт нь 1000 км урттай байх юм байна. Гэхдээ уг төслийн үйл явц яриа хэлэлцээнийхээ шатандаа яваа юм байна. Өнөөдөр тус хотын Хөдөө аж ахуйн танхим нь гурван асуудлыг шат дараалан хөгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Ингэхдээ сайтар төлөвлөж, зөв бодлого гаргах, үүнийгээ ягштал хэрэгжүүлэхийг чухалчилжээ.  2018 онд мужийн хуучин тэнхим, Орон нутгийн ажлын алба, Хөгжил шинэчлэлийн хороо, Хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтын газар зэрэг олон байгууллагыг нэгтгэн уг танхимыг байгуулсан гэж тус танхимын дарга Лиан Жүнке хэлсэн.  Энэ нутагт газар тариаланг  үе дамжин эрхэлсээр  иржээ. Зургаан төрлийн аж ахуйг голчлон эрхэлдэг бөгөөд түүнээсээ багагүй ашиг хүртжээ. Тухайлбал, хүнсний ногоо, эмийн ургамал, жимс жимсгэнэ, алим, гахай, тахиа, үхэр хонийг үржүүлдэг. Зөвхөн төмс гэхэд 10 гаруй нэр төрлийг  10.5 сая мү талбайд  тариалж, 12.1 сая тонныг хураажээ. 2018 оны байдлаар 4.6 сая мү (1 мү нь 00.6 га газартай тэнцэнэ) талбайд эмийн ургамал тариалж, 1.2 сая орчим тонныг хурааж авчээ. Эмийн ургамлаа өндөр үнэтэй борлуулж, багагүй ашиг орлого олдог гэх мэдээлэл өгсөн. Мөн Үүнээс гадна 8.8 мянган мү талбайд хүнсний бусад ногоо тариалсан байна.

Бүс нутгийн шинэ сортын алим ч энэ нутгийн брэнд. Тиймээс экспортоор гаргадаг бөгөөд манай улсад ч нийлүүлдэг  гэж байлаа. Үхэр 6.4, хонь 33.4, гахай 12.3, жигүүртэн 78 саяыг тэжээж иргэдийнхээ махны хэрэгцээг хангаж буй. 2018 онд хөдөө аж ахуйн толгойлох 2454 компани, 100 гаруй хоршоо тус танхимд нэгдсэн. 69 нэр, төрлийн хүнсний ногоо жимс жимсгэнэ, 15.9 сая мү талбайг даатгалд хамруулжээ. 820 мянган өрхийн тариачид хөдөө аж ахуйн даатгалд хамрагдан өдгөө ач тусаа   хүртэж байна. Ашиг тусын хувьд ийм байгаа хэдий ч тэдний тариалангийн бүтээгдэхүүн  эко эсэхийг сэтгүүлчид сонирхож асууж байв.  Жишээ нь,  ногоогоо юугаар борддог вэ, химийн бодис хэрэглэдэг үү гэсэн асуултын хариултад тэд ингэж хариулж байна. Ерөнхийдөө өргөн хэрэглээний ногоонууд болох  өргөст хэмхийгууршихаас нь сэргийлж шил цаасаар бүрж тарьдаг. Хүлэмжүүд их урттай байдаг бөгөөд ийм хүлэмж бий болгохын тулд  арван жилээс илүү хугацаа шаарддаг.  Дулаанаа маш сайн хадгалдаг. Гаднын хэм 30 байхад дотор наймаас дээш хэмээс дээш байж чаддаг.  Энэ хэм нь хүнсний ногоо ургахад хангалттай нөхцөл гэж үздэг.

Хөрсний хувьд говийн өөрийнх хөрсийг ашиглана. Өөрөөр хэлбэл,   өвс ногоо ургахгүй орчинд говь газар органик хөрсийг ашиглаж экологийн ногоо ургуулж байна гэсэн үг. Хөрсийг хийхдээ эрдэнэшишийн иш, үхрийн баас, газар тариалангийн хог хаягдлыг биологийн аргаар ашиглаж хөрсийг бий болгож байна. Органик хөрсөнд тарьж байгаа ногооны чанар  сайн, Бүх Хятадын ногооны стандартад нийцсэн хүнсний ногоонуудыг ургуулдаг.  Хөдөлмөр хүчийг хэмнэж, шинэ технологийг нэвтрүүлж, гар утсаараа удирдаж байгаагаараа дэвшилттэй.  Гар утасны хэрэглээг  бүх хүлэмжиндээ ашиглаж байна. Өнгөрсөн жил 2120 нэр төрлийн ургац хураан авсан бөгөөд ингэхдээ талбайдаа эко бордоо ашигласан. Нийт талбайн 36 хувьд хорхой шавьжнаас хамгаалах хор цацсан. Энэ хор гэхдээ химийн найрлагагүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ усгүй технологи нэвтрүүлсэн бөгөөд газар доогуураа шугам татаж тариа ногоог хөрснөөс нь дуслаар нь усалдаг технологи нэвтрүүлсэн байна. Уг технологи нь усыг 60 хувиар хэмнэх хүчин чадалтай юм. Гэхдээ зөвхөн эндээс усны хангамж хийдэг гэсэн үг биш аж. Шар мөрнөөсөө бага хэмжээгээр усаа татдаг гэж байв. Ерөнхийдөө технологийн шинэ дэвшлийг ашиглаж чадсанаар нийт талбайн 55.9 хувьд ногоо, жимс, цэцэгсээ тариалж чаджээ.

В.Сарантуяа, БНХАУ-ын Ганьсу хот.

Үргэлжлэл бий…

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top