Монгол Улс Палеонтлогийн олдвороор дэлхийд эхний гуравт багтдаг

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 24

Азийн Динозаврын холбоо нь 2013 онд Япон улсад байгуулагдсан бөгөөд Япон, Монгол, Хятад, Орос, Тайланд, Малайз, Солонгос зэрэг гишүүн орнууд элсэн орсон Азийн бүс нутагтаа томоохон холбоо юм. Тус холбооны олон улсын симпозиум нь хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд нэгдүгээр хурал нь 2014 онд Япон улсад, хоёрдугаар хурал нь 2015 онд Тайланд улсад, гуравдугаар хурал нь Хятад улсад зохиогдсон.  Монголд болж буй энэ удаагийн чуулган нь энэ сарын 24-25 өдрүүдэд эрдэм шинжилгээний хурал болж, илтгэлүүдээ хэлэлцүүлж дуусаад, 26-29-нд Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дахь хожуу цэрдийн олдворт газар Баянзаг, Төгрөгийн ширээд хээрийн сургалт, судалгаа хийнэ.

Монголын эртний баялаг шим ертөнцийг дэлхий дахиныхтай үе шат, муж бүс тив тивийн хэмжээнд өргөнөөр харьцуулан судалж, дэлхийн эртний амьтан ургамлын түүхэн хөгжилд эзэлж байсан байр суурь, шинжлэх ухаан танин мэдэхүйн ач холбогдлыг нь аль болохоор гүн гүнзгий гаргах шаардлага нэн чухал байдаг учир Азийн бүс нутгийн хэмжээнд, цаашлаад дэлхийн хэмжээнд эртний шим ертөнцийн судалгаа хийдэг. Дэлхийд тэргүүлэх 12 орны 80 орчим эрдэмтэн судлаачид сүүлийн үеийн судалгааны үр дүн, олж авсан мэдээллээ хуваалцах, бусдаас шинэ мэдлэг мэдээлэл авах зорилгоор цуглаад байна.

 

Азийн динокаврын холбооны Монгол дахь хүндэт ерөнхийлөгч Р.Барсболд

-Монголын палеонтлогийн хөгжил бусад орныхтой харьцуулбал ямар төвшинд байна вэ?

Монгол Улс дэлхийд эхний гуравт ордог. 1920 оноос ЗХУ-ын Шинжлэх ухаан академийнхан Өмнөговь аймгийн Нэмэгтийн олдворыг анх нээсэн. Энэ чиглэлээр суралцдаг оюутнууд заавал Нэмэгтэд хээрийн судалгаа явуулдаг. Ази тивээс Хятад, Монгол хоёр хамгийн их нөөц баялагтай. Хадгалагдсан байдал болон тоо төрлөөрөө тэргүүлдэг. Монголын үлэг гүрвэлийг судлахгүйгээр дэлхийг судлах боломжгүй. Япон, Солонгос улс энэ чиглэлээр судлахыг хичээдэг юм байна. Тэр утгаараа ч залуу судлаачдыг дэмжих, хурал уулзалт зохион байгуулах тал дээр санаачилгатай ажиллаж байгаа.

-Манай улсын тэргүүлэх олдворуудаас дэлхийд хамгийн их шуугиан тарьсан ямар олдворууд байдаг вэ?

-Монгол Улс 80 гаруй үлэг гүрвэлийн төрөл зүйлийн олдвортой. Денохерус буюу Аймшигт гарт гэдэг үлэг гүрвэлийн бүтэн ясыг олж тогтоогоод, 50 жил шахам дэлхийд хүлээгдэж байсан “Nature”сэтгүүлд 2014 онд хэвлэгдэж байсан нь дэлхий дахиныг гайхшруулж байсан. Монголын олдворуудын хадгалалт сайтай байдгаараа онцлогтой.

-Монголд музей, Геопарк  байгуулах тал дээр ямхар ахиц дэвшил гарч байна вэ?

-Тухайн үед манай түшмэд палеонтлогийн олдвор дэлхийд улс орноо таниулах чухал салбар гэдгийг ойлгоогүй явжээ. 1960 оноос хойш олон ч жил энэ талаар ярьсан даа. Энэ мөрөөдөл минь биелнэ гэдэгт, би ч гэсэн үзнэ гэдэгт найдаж байна.

 

 

Шинжлэх ухаан, Палеонтлоги, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатар

-Дэлхий дахинд дэлгэгдсэн үлэг гүрвэлийн музейн онцлогоос яриагаа эхлэе?

-Дэлхий дээр байгаа үлэг гүрвэлийн музейд дэлгэсэн бүх үзмэр пласктикаар хийгдсэн. Жинхэнэ яс нь найдвартай, зориулалтын газар хадгалагдаж, судалгаанд хэрэглэгддэг. Манайх шиг жинхэнэ байгалийн бүтээгдэхүүнийг нь дэлгэдэггүй.  2018 онд Инновацийн төсөл хэрэгжүүлээд тусгай лабораторитой болсон учир дэлхийн жишигтэй хөл нийлүүлэх боломжтой болсон.

-Монгол брэндийн нэг бол яах аргагүй эрт галавын олдвор динозавр. Үүнийгээ хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого баримталж байна вэ?

-Энэ сарын 13-нд Японы Токио хотод Дэлхийн үлэг гүрвэлийн экспод Монгол орон том байр суурьтай оролцсон. Үлэг гүрвэлийн судалгаагаар эхний гуравт ордог Америк, Япон, Монгол гурван орон голлож оролцсон бөгөөд Япон Улс 2020 оны Олимпыг угтсан том арга хэмжээ гэж үзжээ. Динозавр Монголын брэнд гэдгийг гадаадын аялал жуулчлалынхан хүлээн зөвшөөрч, ирж үзэх гэж зорьдог болжээ. Байгалийн түүхийн музейн хажууд манай лаборатори дээр жуулчид хүрч ирээд “Би Монголд үлэг гүрвэл үзэх гэж ирсэн. Танай музей чинь хаалттай байна” гэдэг.  Хамгийн түрүүнд энэ асуудлаа шийдэж ганцхан музей биш маш олон музей байгуулах хэрэгтэй. Ганц ч олдворгүй орон өчнөөн музей байгуулчихсан байхад үлэг гүрвэлийн орон болсон манай улс олдворт газар дээр нь музей байгуулвал аялал жуулчлал хөгжих, эдийн засгийн эргэлт аяндаа хурдасна. Мөн түүнчлэн Өмнөговь аймагт үлэг гүрвэлийн үзмэр давамгайлсан шинэ музей баригдаж байгаа.

-"Үлэг гүрвэлийн музей"-г ирэх сарын 1-нээс хаана гэж яригдлаа. Аялал жуулчлалын энэ үед хэр тохиромжтой шийдвэр вэ? Энэ талаар тайлбар өгнө үү?

-"Үлэг гүрвэлийн музей", "Байгалийн түүхийн музей"-г нэгтгээд томоохон музейтэй болох нь эхний зорилго юм. Үлэг гүрвэлийн музей нь хууль бусаар гадагшаа гарсан олдворуудыг судалгаанд болон танин мэдэхүйн зорилгоор дэлгэдэг нь өөрөө хууль бус үйлдэл болчихоод байгаа учир Засгийн газрын тогтоолоор ийм шийдвэр гарсан. Энэ нь тус олдвор гараас гарт, газраас газарт дамжин анхдагч мэдээлэл нь устаж үгүй болсноос мэргэжлийн бус шинжээчдийн гаргасан ашиг сонирхлын зүйл болж хувираад байгаа нь өөрөө эмгэнэлтэй.

-Тэгэхээр "Үлэг гүрвэлийн музей" энэ симпдзиумд оролцоогүй гэж ойлгож болох уу? Ямар ямар олдворыг албан ёсны болгож тогтоогоод байгаа вэ?

-Тийм. Тербазавр Батаарыг Монголоос  мэргэжлийн палеонтлогичид очиж, Америк Канадын мэргэжилтнүүдтэй хамтарч Монголын олдвор байна гэдгийг нь тогтоосон. Мөн Солонгост хууль бусаар гарсан 11 олдворыг Монголынх гэдгийг батлаад байна. Франц улсад бас нэлээн хэд байгаа. Монголынх гэдэг нь тогтоогдсон учир Монголын тал нэхэмжлэх юм бол буцаж ирэх үндэслэлтэй. Буцааж авчрах тээврийн зардлыг Монгол өөрөө даах ёстой. Энэ ажлыг эрчимжүүлэх бодолтой.  Энэ нь аялал жуулчлалын бүтээгдэхүүн болно.

 

Японы Фүкүэ мужийн Байгалийн шинжлэл, Динозаврын музейн палеонтлогич Ёшиказү Нода 

-Япон Улс палеонтлогийн хэдэн олдвортой вэ?

-Япон Улсын хэмжээнд 19 газраас динозаврын олдвор олдсон байдаг. Одоогоор зургаа, долоон төрөл  зүйл тогтоогдсон. Түүн дотор Фүкүэ мужаас тав, зургаан зүйл нь олдсон. Ихэнхдээ бүтэн хэсгээрээ биш, ганц нэг яс нь л олддог. Японы цэрдээс 70 хувь нь далай тэнгисийн амьтадтай төстэй жижиг амьтад олддог бол 30 хувь нь үлэг гүрвэл байдаг. Фүкүэ мужийн музейд 44 үлэг гүрвэлийн цуглуулга дэлгэгдсэн, мэдээж Монголтой харьцуулшгүй. Хэрэв Монголын ховор олдворыг үзүүлэх боломж гарвал хамтарч ажиллахад бэлэн.

-Япон Улсад үлэг гүрвэлийн музей хэр олон байдаг бол?

-Хэвээр цутгасан, пластик материалаар хийсэн 50 гаруй музей байдаг. Тухайлбал Хирошимад энэ төрлийн музей байдаггүй тул бид зориуд очиж байгалийн шинжлэлээр музейд олдвороо байршуулж үзүүлдэг.

-Монголын олдворуудаас хэв авч, паластикаар хийсэн музей Шизоку дүүргийн Шимизу мужид үзэж байсан юм байна. Энэ төрлийн музей олон байдаг уу?

-Энэ бол байнгын музейн үзмэр биш, Монголтой 1990-ээд оноос хамтарч ажиллаж байгаа музейн үзмэр Японд аялан үзүүлж байхтай таарсан байх.

 

 

Канад Улсын Альбертагийн Их сургуулийн доктор Пилип Кари 

-Канад улс палеонтлагийн олдвор тал дээр дэлхийд ямархуу түвшинд яваа вэ?

-Канад бол үлэг гүрвэлийн нэр төрлөөрөө дэлхийд танигдсан орон. Монгол, Канадын үлэг гүрвэлийн нэр төрлүүд хоорондоо төсөөтэй байдаг. Монголын судлаачтай хамтарч ажиллаад 20 гаруй жил болсон байна.

-Өнөөдрийн хуралд ямар илтгэл тавих вэ?

-Дэлхийд алдартай Тераназавр гэдэг махан идэшт бүлэг байдаг. Аварга биетэй энэ үлэг гүрвэлийн төрлийн судалгаагаар голчилж ажилладаг. Энэ төрөл Канадаас олддог. Мөн Монголоос Тарбазавр Батаар, Канадын Альбертазавр хоёрын хоорондын холбоо, шинж төрхийн ялгаатай байдал, амьдралын хэв маягийг судалсан тухай илтгэл тавина.

 

 

Тайланд Улсын Махасаракам Их сургуулийн палеонтлогич Варавүд Сүтэторн 

-Энэхүү чуулганы ач холбогдлыг та юу гэж харж байна вэ?

Азийн Динозаврын холбоо нь үүсгэн байгуулагдаад удаагүй байгаа ч нэгдэх орны тоо нэмэгдсээр байна.  үлэг гүрвэлийн чиглэлээр судлаачид бие биеэсээ туршлага судалж байгаа нь ач холбогдолтой санагдаж байна.

-Тайландад үлэг гүрвэлийн 11 олдвор олдсон гэсэн, мөн танай улсад байгуулагдсан жуулчдын очиж үзэх дуртай Геопаркынхаа тухай ярина уу?

-Тайланд бол энэ чиглэлээр хөгжиж байгаа орны нэг. Тогтоогдоод байгаа 11 олдвороо Засгийн газрынхаа дэмжлэгтэйгээр Геопарк байгуулаад олон улсад жишиг болоод явж байгаадаа баяртай байна. Монголын олдвор маш олон төрөл, баялаг учир түүнээс ч том Геопарк байгуулах боломжтой гэж харж байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.117.35) 2019 оны 07 сарын 24

палеонтологи

0  |  0
Top