"Цэргийн наадам-2019" олон улсын тэмцээн наймдугаар сарын 3-ны өдөр Дэлхийн 10 улсад нэгэн зэрэг нээлтээ хийж 39 орны 223 баг тамирчид цэргийн мэргэжлийн 32 төрөлд өрсөлдөж байна. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж уригдан оролцсон юм. Түүнийг дагалдан Монгол Улсаас ОХУ-д суугаа элчин сайдын яамны албаны хүмүүс болон батлан хамгаалахын атташе, бригадын генерал Г. Энхбаатар нар Цэргийн наадмын нэгэн томоохон төрөл болох "Танкийн биатлон" тэмцээнд оролцож буй баг тамирчдынхаа наймдугаар сарын 4- ний өдөр уралдсан эхний гарааг үзэж сонирхон, баг тамирчдаа дэмжлээ.
Ахлах дэслэгч М.Тамир даргатай танкийн нэгдүгээр экипаж Сири, Венесуель, Казахстан улстай уралдан 2 дугаар байранд орсон сайхан амжилт үзүүлсэн юм. Дэд сайд Т.Дуламдорж цэргийн наадамд 4 дэх жилдээ оролцож буй "Хээрийн гал тогоо" цэргийн тогооч нартайгаа уулзан амжилт хүссэн. Тэрээр: "Жилээс жилд цар хүрээгээ улам тэлж, төрөл нь нэмэгдсээр буй цэргийн наадамд Монгол Улс оролцогч орон байсан бол одоо зохион байгуулагч орон болж эх орондоо "Аравт" морин цэргийн олон улсын уралдааныг амжилттай зохион байгуулж байна. Тиймээс цаашид батлан хамгаалах яам цэргийн алба хаагчдынхаа уг наадамд оролцох нөхцөл бололцоог сайжруулж, цэргийн мэргэжлийн ур чадварыг нь нэмэгдүүлэн, зэвсэглэл техник, хувцас хэрэгслэл гэх мэт бүхий л зүйл дээр нь анхааран ажиллах ёстой юм" гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. /2019.08.04 Москва./
Эх сурвалж: Батлан хамгаалах яам
Сэтгэгдэл ( 0 )