Монгол орны үзэсгэлэнт 10 цавын олонх нь Өмнөговь аймгийн нутагт оршдог. Тэр дундаа Хэрмэн цав, Нэмэгт зэрэг байгалийн давтагдашгүй үзэсгэлэнт, ховор тогтоцтой газрууд “Сауд Гоби Коэл Транс” зэрэг уул уурхайн компаниуд хууль бус үйл ажиллагаа явуулах болсон Өмнөговь аймгийн Гурван тэс суманд бий.
Хариуцлагагүй уул уурхайг эсэргүүцэж, Тосон бумбын нурууны үзэсгэлэнт байгалиа хамгаалах нь иргэн бүрийн ухамсарт үүрэг билээ.
ХЭРМЭН ЦАВ
- Хэрмэн цав нь Өмнөговь аймгийн баруун хэсэгт Гурвантэс сумын төвөөс баруун хойш 120 гаруй км-т, Тосон бумбын нурууны салбар болох Шариг, Шаригийн Сондог уулын баруун хойд бэлийн үзүүрт, Ингэн хөөврийн говь руу хандан тогтсон өвөрмөц тогтоц, илэрц бүхий сархиа ихтэй том ганга юм. Хэрмэн цав нь улаан, шар, цагаан, цайвар өнгийн гантигжсан, болоржсон, шохой чулуу, элсэн чулуу бүхий нуурын хурдсаас тогтох бөгөөд нар салхи, ус зэрэг гадаад хүчний нөлөөгөө хэлбэржин өнөөгийн төрхөө олжээ. Энэ цав нь өргөөшөө 3 орчим км, уртаашаа 12-15 км үргэлжлэнэ. Адагтаа 10-аад км өргөн, зарим хэсэгтээ 100-200 метр гүнтэй. Хэрмэн цавын уудам өргөн ангал хавцалуудын дунд өтгөн зэгс, загаар хүрээлэгдсэн бяцхан Баян бүрд бий.
НЭМЭГТ
- Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвөөс хойш 60 км-т, Нэмэгт уулын өвөрт орших шаргал улаан хурдасаас тогтох сархиа хонгил ихтэй цав юм. Энэ цав нь Нэмэгт уулын өврөөс урссан усны идэх үйл ажиллагааны дүнд өнөөгийн хэлбэрээ олжээ. Энд орших цавуудыг нутгийнхны Нэмэгтийн Их, Бага хонгил гэж нэрлэдэг. Нэмэгт нь палеонталогийн олдворынхоо хувьд нэн алдартай. Орос-Монголын хамтарсан палентологийн шинжилгээ, судалгааны экспедиц 30 метр урт өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн олдворыг нээн илрүүлж Нэмэгтозавр хэмээн нэрлэж байжээ.
Эх сурвалж: МУБИС-ийн Спорт аялал жуулчлалын хөтөлбөр
Сэтгэгдэл ( 0 )