Анх оюутан болсон эхний жил мэргэжлийн ур чадварын хичээл дээр П. Батхуяг багш биднээр “Төгсгөлийг эхлүүл”, “Эхлэлийг дуусга” зэрэг бичил тэмдэглэлүүд ихэвчлэн бичүүлдэг байв. Одоо оюутан үеийнхээ дэвтрийг сөхөн харвал дүүрэн богино тэмдэглэл эрээлжилж үзэгдэнэ. Эргээд бодоход багшийн цаад санааг бүрэн ойлгодоггүй байжээ. Харин утасныхаа мемо дээр үргэлж л ямар нэгэн юм тэмдэглэж явдаг зуршил минь тэр үеэс л эхтэй. Дадал зуршил гэдэг бидний төсөөлснөөс ч илүү хүчтэй бас шидтэй аж.
Оюутан цагийн дэвтэр дээрх олон бичвэрээс нэгэн бичил тэмдэглэлийг энд сийрүүлбэл, “Дурсамж тархинд биш зүрхэнд оршдог…” Тархи зүрх хоёроо бяцхан гүүрээр холбочхоод дурсамжуудаа өдөржин түүгээр холхихыг ажиглана. Заримдаа өнөөх гүүр юу ч үгүй хоосорчихдог бол заримдаа бүр оочер дараалал үүсдэг. Заримдаа гүүрэн дээр нар манддаг. Гэвч бүр халуун болж байсан удаагүй. Ихэнхдээ дулаахан төөнөдөг. Тэнд үргэлж бороо, цас орж байдаг. Чимээ шуугиан ихтэй байх нь ч ховор. Нам гүм, нам гүмийн бүр дотор л дурсамжууд аж төрнө. Зүрхнээс, тархи руу минь дурсамжаа зөөсөөр, цувсаар айсуй хүмүүс… Дурсамж бүхнээ санадаг, хайрладаг минь тэр л нандин мэдрэмж тархинд биш зүрхэнд амьдардгийн учир байх…
Сэтгэгдэл ( 0 )