Эвий дээ, сайхан чиг явсан миний ижий. Магтуулж үзээгүй, магтуулъя ч гэж ч гомдоллодоггүй ижийнхээ тухай би тун чиг ховорхон үг хэлхсэн... Аавынхаа тухай алхам тутамдаа л сайхан үгсийг асгаруулдаг атлаа амийг минь тэтгэсэн сүүтэй бурхандаа баярлалаа ч гэж хэлээгүй өдийг хүрсэн...Ээж минь түүнд гомдож, гомдоллож явсангүй. Нагацын талаас ээжийгээ ярьдаггүй гэх гомдол сонсож байсан ч ижий минь “Намайг битгий магтаарай, миний тухай юу ч битгий бичээрэй, ер нь битгий битгий...” гээд л байдаг ичимхий хүн...
Миний дотор ээжийн минь тухай мянга мянган сайхан дурсамж, сайхан үгс байх ч түүнийгээ эвлүүлж гаргаж чадахгүй, түүнийгээ “Ээжид магтаал хэлээд урамгүй” гэх эв хавгүй, хүйтэн хөндий хэдэн үгээр аргалаад л өнгөрөх... Ижий минь дээ, ичих юу байх вэ дээ...
Таныхаа хийсэн амтат хоолыг хөлсөө дуслуулан байж идчихээд нэг ч удаа баярлалаа, дэндүү амттай байна аа гэж магтаж байсангүй. “Ээж шөлтэй хоол л сайн хийх юм” гэж бараг голж суусан сан. Гэтэл одоо өдөр бүр л таныхаа хийсэн шөлтэй хоолыг идэхийг хүсдэг...
Таныхаа дэргэд дэндүү амгалан нойрсчихоод сэрдэг байсан атлаа ээж унтуулсангүй, унтуулдаггүй гэж ялархдаг сан. Гэтэл одоо таныхаа дэргэд үргэлж л зэмлүүлж суумаар санагддаг.
Дэрсхэн өсөж буй гурван хүүхдээ хайрлаад усанд ч явуулаагүй ижий минь... Өвлийн хүйтэнд тэр хол уулын энгэр рүү усанд явна. Том жижиг 60-70 литрийн сав, дугуй нөхөх хамер, насосоо чамбай гэгч нь тэргэн дээрээ хүлчих нь... Бас болоогүй бид гурвыг суулгах зайгаа ч гаргана. Хүйтэн салхи сөрөн ус түрэх ижийнхээ ачаан дээр ачаа болж олон жил суусан хүн нь би л байх. Гэхдээ ээж минь ядарч ирлээ гэж нэг ч удаа хэлж байгаагүй. “Ээж ээ, ядарсан уу” гэж нэг удаа асууж, “ээж ээ, та ёстой хүчтэй юм аа” гэж ч магтаж байсангүй...
Сүүлд өөрөө ээж болоод “Ээж ээ, ямар их өвдөж, ямар их зовж байж биднийг хүн болгосон юм бэ. Түүнийг би яг одоо л ойлгож байна” гэхэд “Ээж нь зовж байгаагүй ээ, та нар намайг яаж зовоож байсныг санадаггүй. Миний хүүхдүүд ээжийгээ зовоож байгаагүй байх оо” гээд хэнэг ч үгүй инээсэн ижий минь... Таны их хайр бидний гэмийг аль хэдийн л уучилчихсан. Ярьсангүй гэж дотроо бодох ч “Ажил амьдралтай завгүй хүүхдүүддээ гомдоод яах вэ” гээд өөрийгөө зэмлээд л өнгөрдөг амьд бурхан минь...
Ингээд бичихээр намайг өвдсөн үү, нөхөртэйгөө муудалцсан уу, хүнд загнуулсан уу гээд л сэтгэл нь өвдөөд залгана... Би мэдэж л байна... Зүгээр дээ, ээж ээ... Магтуулж үзээгүй болохоор чинь магтах бус үнэн үгсийн цөөнийг л энд хэлсэн юм шүү. Охин нь таныхаа ачийг үгээрээ ч болов хариулж, сайхан үгсийг харамгүй хэлж л байх сан гэх их бодлыг тээж л яваа шүү, ээж ээ. Тандаа маш их хайртай... Баярлаад ч барамгүй...
Сэтгэгдэл ( 1 )
Тийм ээ. Ээж нар ийм л байгаа. Би ч гэсэн ээждээ маш их хайртай боловч нэг ч удаа хайртай гэж хэлж үзээгүй. Ээж минь урт насалж, удаан жаргаж, бидэнтэйгээ олон, олон жил хамт байгаарай.