Мал угаалгыг тогтмол хийснээр махны гарц 15 хувиар нэмэгджээ

2019 оны 09 сарын 03

Мал угаалгын ажил үйлчилгээг жилд хоёр удаа хийнэ

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахын тулд  “Малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээ”-г жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тодорхой төлөвлөгөө, хуваарийн дагуу улс орон даяар аян болгон зохион байгуулж байх талаар Засгийн газраас тодорхой шийдвэрийг гаргасан. Өнгөрсөн жилээс улс даяар өрнөсөн малыг эрүүлжүүлэх ажил үйлчилгээ 2 дахь жилдээ үргэлжлэн улс даяар өрнөж байна.

Засгийн газрын шийдвэрийг ХХААХҮЯам, Мал эмнэлгийн ерөнхий газраас аймаг орон нутгийн удирдлага орон нутгийн мал эмнэлгийн тасгууд хамтран мал, амьтны шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилготой мал угаалгын ажлыг орон даяар тодорхой тогтсон хугацаанд өргөн хүрээтэй зохион байгуулах ажлыг  2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Мал эмнэлгийн Ерөнхий газрын Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын дарга Т.Тунгалаг болон бусад холбогдох албаны хүмүүс өнгөрсөн амралтын өдрүүдэд \2019.08.31-2019.09.01\ Архангай аймагт ажиллалаа.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн санаачилгаар энэ онд Архангай аймгийн 8 сумын хөдөөгийн 44 багт мал угаалгын суурин банн барьж, мал сүргийн угаалгын ажлыг идэвхитэй зохион байгуулж байгаа юм. Тус аймагт малын угаалгын үзүүлэх сургалтыг зохион байгуулж суурин болон зөөврийн угаалгын төхөөрмжөөр бог малыг, бод малыг зориулалтын шүршигчээр угаалгад хамрууллаа. Ингэхдээ мөн хашаа хороо бууцыг хэрхэн ариутгах зааварчилгааг өгсөн юм.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Мал сүргийг тарилга, туулгалт, угаалга, боловсруулалтын арга хэмжээнд тогтоосон хугацаанд нь  бүрэн хамруулснаар арьсны  шимэгчтэх  өвчнөөс урьдчилан сэргийлж, арьс, ширний чанар болон ноос ноолуурын гарцыг мэдэгдэхүйц хэмжээгээр сайжруулахад чухал  ач холбогдолтой байдаг. Арьсных нь  70 хувь нь чанарын шаардлага хангахгүй байсан  малыг угаалгад хамруулснаар арьсны гэмтэл үгүй болж, чанар нь 1-3 зэрэглэлээр дээшилж, махны гарц 15 хувь хүртэл нэмэгдэж байгааг онцоллоо.

Мөн мал угаалгад малчдыг аль болох бүрэн хамруулахын тулд суурин болон, зөөврийн угаалгын ваннаар хангах, хөдөлмөр, хүн хүчийг хэмнэсэн орчин үеийн арга, технологитой хослуулах боломжоор хангах ажлыг салбар яам зохион байгуулж байгааг хэлж, алслагдмал, хүн хүч цөөтэй айл өрхөд хүрч үйлчлэх бог мал угаалгын зөөврийн тоног төхөөрөмжийг олон улсын стандартын дагуу монгол инженерүүдийн бүтээснээр 2018 онд 225 сумын, 2019 онд 91 сумын мал эмнэлгийн нэгжүүдийг хангах ажлыг зохион байгуулсан. Цаашид суурин угаалгын цэгүүдийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа гэлээ.

ХХААХҮ-ийн сайд энэ жилээс эхлэн малын угаалгыг жилд хоёр удаа тогтмол зохион байгуулж байхыг холбогдох мэргэжлийн байгууллагад үүрэг болгоод байгаа юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top