ӨМНӨГОВЬ: "Элсэн манхны баяр” боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 16

Өмнөговь аймгийг хөгжүүлэх гурван тэргүүлэх чиглэл нь хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлалын салбарууд юм. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хүрээнд, говь нутгийн байгалийн өвөрмөц тогтоц, байгалийн сайхныг нийтэд сурталчлах, гадаад дотоод жуулчдын аялах хугацааг уртасгах, эртний үлэг гүрвэл, говийн олон сайхан домгоор элсэн урлал бүтээх зорилгоор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор жил бүрийн есдүгээр сарын хоёрдугаар дугаар 7 хоногийн амралтын өдрүүдэд "Элсэн манхны баяр” арга хэмжээг зохион байгуулж иржээ. "Элсэн манхны баяр” арга хэмжээ энэ амралтын өдрүүдэд Монгол Улсын есөн гайхамшгийн нэг, Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт орших алдарт Хонгорын элст гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээг энэ жил өргөн дэлгэр, шинэлэг олон арга хэмжээгээр зохион байгуулсан юм. Арга хэмжээний хүрээнд марафон гүйлт, элсний оргил булаалдах тэмцээн, автомашины уралдаан, мото уралдаан, мото спортын үзүүлэх тоглолтууд, "Алтан элс" үдшийн шоу болон говь нутгийн онцлогийг харуулсан олон талт арга хэмжээг зохион байгуулсан юм. Энэ жил Өмнөговь аймгийн хэмжээнд салбарын хувьд Соёлыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан элсний баярт зориулж говь нутгийн уран бүтээлчдээ дэмжиж эртний үлэг гүрвэл, Монголын хаад, хатдыг дүрсэлсэн элсэн баримал бүтээлгэж, аялагч, жуулчдын нүдийг баясгалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top