Эртний алдарт бөхчүүдийн талаар домог, хууч яриа их байдаг. “Их Монгол” Ж.Шаравжамц, “Буур” Н.Жамьян, “Боохой” Д.Данзан, “Босоо” Г.Самдан, “Урт гарт” М.Лхагваа гээд л элдэв янзын хочтой, уншиж, сонсоход ч урамтай байдаг байлаа. Ард олны хайрласан нэр нь үнэхээр тухайн бөхөд яг зохицсон, жинхэнэ нэрээс нь ч илүү түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Харин сүүлийн үед бусдаас ялгарах онцлогтой, уран сайхан барилдаантай бөх ховордсоноос хочтой бөх ч өдрийн од шиг цөөхөн болжээ. Том, жижиг Сүхбатаас хойш ер нь олны тойнд үлдэхээр алдар нэр гарсангүй гэхэд болно. Японы үндэсний сүмо бөхөд ч мөн адил. Урьдын сайхан цагт барилдаж явсан сүмочид ард олноос хайрласан “алдар нэрээрээ” алдаршин мандаж байсан бол орчин үеийн бөхчүүд нь шикона буюу дэвжээний нэрийнхээ товчлолоор дуудуулахаас хэтрэхээ больжээ. Ингээд хүчит сүмо бөхчүүд дохёноос гадна ямар нэр хочтой байсныг авч үзье.
Их аварга Чиёонофүжи “Чоно”
61 насандаа таалал төгссөн их аварга Чиёонофүжиг чоно хэмээн нэрлэдэг байлаа. Доогуур зиндаанд барилдаж, галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй явах үедээ Чиёонофүжигийн нүд ёстой л гялалзаж байдаг байсан гэдэг. Түүнийг харсан багш нь буюу одоогийн сүмо тайлбарлагч Китанофүжи “Чи ч яг чоно шиг нөхөр юмаа” гэж хэлснээс үүдэн гарсан энэ хоч Чиёонофүжиг насан эцэслэтэл нь дагаж явсан. Түүний залуу үеийнх нь зургийг үзээрэй. Яг л чоно.
Ёкозүна Важима “Күрамаэ ордны од”
Күрамаэ гэдэг нь одоогийн Кокүгикан ордон баригдахаас өмнө башё явагддаг байсан Бөхийн өргөөний нэр юм. Оюутан байхдаа их, дээд сургуулийн тэмцээнээс 14 цом авсан сонирхогчдын сүмогийн од мэргэжилд ороод ч гялалзаж эхэлсэн тул “Күрамаэ ордны од” хэмээн нэрлэгдсэн юм. Багш нь дэвжээний нэр өгч амжаагүй байхад нь ёкозүна болж, өөрийн жинхэнэ нэрээрээ аварга болсон анхны сүмо бөх болсон. Зүүн шидэх дархан мэхтэй байсан тул Важимаг мөн “Алтан ташаа” гэж нэрлэдэг байлаа.
Их аварга Китаноүми “Живэхгүй мөнхийн хөлөг онгоц”
Шёова үеийн их аварга Китаноүмиг 21 насандаа ёкозүна болох үед нь “Үлэмж хүчтэн” гэж нэрлэдэг байлаа. Мэргэжлийн сүмод ороод 15 жил барилдахдаа нэг ч тэмцээн өнжиж үзээгүй тул “Живэхгүй мөнхийн хөлөг онгоц” хэмээн нэрлэгджээ.
Ёкозүна Ваканохана “Царайлаг сэлэмч”
Сайхан царай, булчин шөрмөс нь таарсан бие хаа, уран сайхан барилдаанаараа олныг бишрүүлж байсан бөх. Важима, Китаноүми нарын их аваргуудтай нэгэн үед барилдаж байсан, өвчин хуучин, гэмтэл бэртэл гээд 4-хөн удаа түрүүлсэн ч ард олон түүнийг “Уран зураг шиг ёкозүна” гэж нэрлэдэг байсан.
Ёкозүна Китанофүжи “Шөнийн хаан”
Сүмо тайлбарлагч Китанофүжи хэнийг ч шүүмжилж, загнахаас айдаггүй. Ид барилдаж байх үедээ наргиж цэнгэхгүй өдөр нэг ч байдаггүй байсан тул “Шөнийн хаан”, “Плейбой ёкозүна” зэрэг олон хочтой байв.
Ёкозүна Сатонояма “Ошин ёкозүна”
Чихрийн шижин өвчтэй байсан ч хоолны дэглэм барин, бэлтгэл сургууль хийсээр ёкозүна болж чадсан бөх. Түүний энэ тэсвэр хатуужлыг тэр үед NHK телевизээр гарч, олныг уярааж байсан “Ошин” киноны баатар Ошин охинтой адилтган ийнхүү нэрлэжээ. Зарим үед түүнийг хүүхэлдэйн киноны баатар болох “Попай”-тай адилтгадаг байлаа. Зодог тайлсных нь дараа түүний “Попай” хоч шавь Ваканосатод нь шилжсэн.
Ёкозүна Оонокүни “Панда”
Цав цагаан тарган бие, бага зэрэг бөлцийсэн нүднийхээ улмаас “Панда” гэж нэрлэгджээ. Зодог тайлсан хойноо амтат бялуу судалж, ном хүртэл бичсэн тул “Амттанд дуртай ояката” гэдэг нэртэй болсон.
Ёкозүна Асахифүжи “Цүгарүгийн далайн өргөст хэмх”
Аомори мужийн Цүгарү хотын уугуул. Өрсөлдөгчийнхөө хүчийг хариулахдаа гарамгай, зөөлөн биетэй тул өргөст хэмх хэмээх хочтой болсондоо тэр дургүй байсан гэдэг. Сүмогийн холбоо ёкозүна цол өгөхдөө тун харам байсан үед барилдаж байсан тул озэки цолтой удсан. Эртхэн ёкозүна болсон бол цол дагаж бяр гэгчээр улам олон түрүүлэх байсан нь гарцаагүй.
Озэки Таканохана “Сүмогийн ертөнцийн хан хүү”
Анхны Ваканохана аваргын дүү. Хүмүүсийн сэтгэлийг уяраасан төрх царай, жижиг биетэй ч шазруун, гарамгай барилдаанаар бөх сонирхогчдын сэтгэлийг татсан түүнийг “Хан хүү” хэмээн нэрлэдэг байлаа. Алдарт Ваканохана, Таканохана нарын аав. Сүмогийн түүхэнд үлдсэн удамт бөхчүүд.
Озэки Асахикүни “Пиранья”
Монгол сүмочдын алтан хараацай Кёкүшюүзан, Кёкүтэнхо, Кёкүтэнзан нарын багш Оошима оякатаг манайхан сайн мэднэ. Харин түүнийг барилдаж байх үед нь махчин пиранья загасаар хочилдог байсныг мэдэхгүй байж болох юм. Нэг барьц авчихаараа тавьдаггүй, зуураад байдаг, ёстой л хазсан бол шүд нь сулардаггүй байсан тул ийм хоч авсан гэдэг. Нойр булчирхайны өвчин тусан, эмнэлэгт хэвтэж байхдаа өдөр нь очиж барилдчихаад үдэш нь эмнэлэгтэй харьдаг байсан чанга гар. Сүмо барилдах төдий биш судлан, эрдэмтний хэмжээнд хүрсэн учир “Сүмо профессор” гэсэн хоч ч зүүж байжээ.
Озэки Кайкэцү “Цэвэр озэки”
Ничидай их сургуулиас гарсан бөх. Нэг дэвжээний Важима нартай хамт бэлтгэл хийсээр озэки цол хүртэж чадсан. Дараалан ялагдаж, 50 хувийн амжилт үзүүлэхэд хэцүү болоод ирэхэд нь тэмцээнээс гарч, өнжих байх гэж байтал “Тэмцээнийг өнжих нь бууж өгөхтэй адил” хэмээн гарч барилддаг, шударга шулуун бөх байсан тул “Цэвэр озэки” хочтой болжээ. Мэргэжлийн сүмод найрааны хэрэг гарахад түүнд Сүмо бөхийн холбоог удирдах алба оноосон нь үнэхээр цэвэр шударга хүн болохоор л хийх ажил байлаа. Тэтгэвэрт гарсныхаа дараа жил нь 66 насандаа нас нөгчсөн.
Озэки Вакашимазү “Өмнөд далайн хар ирвэс”
Өмнө зүгийн Кагошима мужийн уугуул бөх. Гуалиг хар биетэй, хурдан шаламгай хөдөлгөөнтэй тул хар ирвэс хочтой болсон. “Дохёны чөтгөр” хочит Фүтагояма ояката шавиа таргалуулах гэж хоолоор шахдаг байсан талаар “Бэлтгэлээс хэцүү нь хоол байлаа” гэж Вакашимазү дурсан ярьсан байдаг.
Озэки Хокүтэнюү “Хойд тэнгисийн цагаан баавгай”
Их аварга Китаноүмитэй адил хойд зүгийн Хоккайдо арлын уугуул арслан. Өндөр том бие, маш чадалтай бөх байсан тул цагаан баавгай гэж нэрлэгдсэн. Ёкозүна болох тун дөхсөн ч гэмтэл, өвчний улмаас мөрөөдлөө биелүүлж чадаагүй. Зодог тайлсныхаа дараа 45-хан насандаа өвчний улмаас нас барсан.
Озэки Асашио “Бүдүүн бацаан”
Асашёрюү, Асасэкирюү нарын багш Такасаго оякатагийн жинхэнэ нэр Нагаока. Багаасаа л тарган хүүхэд байсан тул “Бүдүүн бацаан” хочтой байсан гэнэ. Макүшитагаас эхлэн барилдаж, их аварга Китаноүмиг ялахдаа гаршсан арслан байлаа.
Озэки Конишики “Хар хөлөг”
Хавайн арлаас ирсэн Конишикиг “Хар хөлөг” гэж нэрлэсэн нь учиртай. Гадаад ертөнцөөс харилцаагаа 200 жил тасалсан Япон орныг дэлхий дахинд нээхээр Ёкохама боомтод гадаадын хөлөг онгоцнууд ирэхэд япончууд “Хар хөлөг” хэмээн нэрлэж байв. Аварга том биетэй Конишики мэргэжлийн сүмод ороод маш хурдан дээшилж, дээд зиндаанд орсон хоёр дахь тэмцээндээ л буюу 1984 оны Намрын тэмцээнд Чиёонофүжи, Таканосато нарыг дараалан хаяж, 12 ялалт байгуулахад сүмо сонирхогчид шоконд орсон юм. Ингээд Хавайн арлын Конишикиг олон жилийн өмнөх гаднын дайсантай адилтган, “Хар хөлөг” гэж нэрлэсэн түүхтэй. Гадаадын анхны озэки болсон түүнийг “Махан бөмбөг” зэрэг олон янзаар нэрлэдэг байлаа. Хэт таргалсан, олон удаагийн гэмтэл бэртлээс болж, ёкозүна болж чадалгүй зодог тайлсан билээ.
Озэки Киришима “Сүмогийн ертөнцийн Ален Делон”
Арлын Япон оронд нэг хэсэг сайхан залууг Францын жүжигчин Ален Делоноор төсөөлдөг байлаа. Сүмо бөхчүүдээс ялгаатай нь хүчний бэлтгэл их хийдэг, булчинлаг сайхан биетэй Киришима тэр үеийнхээ бүсгүйчүүдийг хуулируулдаг байв. 30 настайдаа озэки цол хүртсэн түүнийг “Сүмогийн ертөнцийн Геракл” гэж бас нэрлэдэг байсан.
Сэкивакэ Рокүхимэяма “Дэгоичи”
Нийгата мужийн харьяат энэ бөхийн шикона болох Рокүхимэяма нь нутгийнх нь уулын нэр. Харин хоч “Дэгоичи” бол Нийгатагийн галт тэрэг. Тэрээр урагш л түлхэн, зүтгэж барилддаг, арагш огт ухардаггүй байсан тул бөх сонирхогчид түүнийг ийнхүү галт тэрэгтэй зүйрлэжээ.
Сэкивакэ Вашюүяма “Бяцхан дээрэмчин”
Окаяма мужийн уугуул энэ бөх 175 см өндөр, 112 кг жинтэй, дээд зиндаанд хамгийн жижиг биетэй бөх байв. Гэвч хурдан шалмаг хөдөлгөөнтэй, хөл мэх сайтай, барилдана гэж бужигнуулж өгдөг байсан тул хурдыг нь гүйцэхгүй сүмочид түүнийг дээрэмчин гэж нэрлэсэн юм.
Сэкивакэ Дэванохана “Төмөр хумс”
Аомори мужийн энэ сэкивакэ маш чадалтай бөх. Сэтгүүлчдийн өмнө алимыг атгаад л бяцалж үзүүлдэг байлаа. Урд шуудагны барьц авахаараа тавьдаггүй, үүрч шидэх дархан мэхтэй байсан тул ийм нэртэй болжээ.
Сэкивакэ Дайжюүяма “Мумин”
“Мумин” гэдэг нь Финландын зохиолч Туве Янссоны номын баатар. Дайжюүямагийн царайг харахад л яагаад ийм хочтой болсныг төвөггүй ойлгоно. Зодог тайлсан хойноо Яманаши мужид дэвжээ нээн, олныг шуугиулж байв.
Сэкивакэ Митоизүми “Давс цацагч”
Барилдааны өмнө давсыг атга атгаар нь цацдаг байсан энэ бөхийг манайхан сайн мэднэ. Лондонд болсон тойргийн барилдааны үеэр англичууд түүнд “Давс цацагч” нэр хайрласан юм. Эзэн хааны цом хүртсэн маэгашира цолтой цөөхөн бөхчүүдийн нэг.
Сэкивакэ Масүрао “Цагаан чоно”
Хурц нүд, булчинлаг бие. Ер нь бол Чиёонофүжитэй яг ижилхэн бөх байсан ч бие нь цагаан өнгөтэй байсан тул “Цагаан чоно” нэртэй болжээ. Чиёонофүжитэй барилдахад нь хоёр чонын тулаан хэмээн бөх сонирхогчид баярлан хөөрч, “Цагаан чоно” Чиёонофүжиг хоёр башё дараалан хаяж байсан удаатай.
Комүсүби Такамисүги “Дораэмон”
Японы алдартай мангагийн баатартай адилхан дугараг нүүр, бөөрөнхий биетэй бөх байлаа. Шарсан махны газар ороод 75 хүний орцыг ганцаараа идчихээд “Эрүү ядарчихлаа, болихоос” гэж байсан домогт бөх. Мэргэжлийн дуучдаас дутахааргүй уянгалаг хоолойтой, наргиж цэнгэхийг үзүүлж өгдөг байв
Сэтгэгдэл ( 0 )