Бид сүмо бөхчүүдийн хоч нэрийн талаар цувралаар танилцуулж байгаа билээ. “Чоно, Төмөр хумс тэргүүтэй сүмо бөхчүүдийн хоч”, “Хойд аймгийн агсан залуу” нийтлэлээр “Чоно” Чиёонофүжи, “Шөнийн хаан” Китанофүжи, “Ален Делон” Киришима зэрэг олон бөхийн талаар хуучилсан. Үргэлжлэлийг хүлээн авна уу.
Комүсүби Майноүми “Мэхний их дэлгүүр”
171 см өндөр, 101 кг жинтэй жижигхэн бөх Майноүми уг нь 169 см байсан юм. Мэргэжлийн сүмо бөхөд 170-аас өндөр хүн л орох дүрэмтэй байсан тул толгойндоо мэс заслаар силикон шахуулан, шалгалтад тэнцэн, олныг гайхуулсан түүхтэй. Гэхдээ тэр олон янзын уран мэхээрээ илүү алдаршсан юм. Сүмогийн 82 мэхнээс 34-ийг нь хийн ялалт байгуулж байсан энэ бөх одоо сүмо тайлбарлагчийн ажил хийж байгаа.
Комүсүби Кёкүшюүзан “Мэхний их дэлгүүрийн Монгол дахь салбар”
Монголын сүмогийн алтан хараацай Кёкүшюүзан Д.Батбаяр мэргэжлийн сүмод орж ирэхэд Майноүми ид барилдаж байлаа. Манай бөх түүнээс дутахгүй олон төрлийн мэх хийн, ялангуяа монгол үндэсний бөхийн гар ачих зэрэг мэхээр сүмогийн ертөнцийг донсолгосон. Нэгэнт “Мэхний их дэлгүүр” байгаа хойно бөх сонирхогчид түүнийг “Мэхний их дэлгүүрийн Монгол дахь салбар” хэмээн нэрлэсэн. Хоёр мэхний дэлгүүр 3 удаа халз үзэлцэж, Кёкүшюүзан 2 даван, хэн нь жинхэнэ их дэлгүүр болохыг батлан харуулж байв. Майноүми 34 мэх л хийж байсан бол Д.Батбаяр 45 мэх хийж, бас л даван гарсан. Монгол үндэсний олон янзын мэх хийж, мэргэжлийн сүмогийн дүрэмд өөрчлөлт оруулан, шинээр 15 мэх нэмж өгсөн гавьяатан.
Озэки Ооүчияма “Хүрз”
Шёовагийн үед барилдаж байсан арслан. 203 см өндөр биетэй Ооүчиямагийн гар нь асар том бөгөөд алгаа дэлгэхэд хүрз шиг л байдаг байсан тул “Хүрз” хочтой болсон.
Комүсүби Томонохана “Сэнсэй багш”
Сонирхогчдын сүмогоор тун амжилттай барилдаж, “Ёкозүна” цол хүртэж байсан бөх. Гэвч мэргэжлийн сүмод орох хүсэл огт байсангүй. Ямагүчи мужийн сургуульд багшлан, биеийн тамирын хичээл зааж, амгалан тайван амьдарч байсан ч Нихон их сургуульд хамт суралцаж байсан Майноүми мэргэжлийн сүмод шуугиулж байгааг хараад мэргэжилд орохоор шийднэ. 27 настай, эхнэр хүүхэдтэй “ахмад” бөх 1992 оноос анх барилдаж эхэлсэн. Бөхчүүд түүнийг “Сэнсэй багш” хэмээн хүндлэн дууддаг байлаа.
Сэкивакэ Точиношин “Сүмогийн ертөнцийн Николас Кейжи”
Гүржийн Точиношин царайлаг сүмочдын нэгт тооцогддог. Гэхдээ хатуу ширүүн барилдаантай, архи дарс уух дуртай тул сөрөг талын баатарт тооцогддог. Гүрж ОХУ дайсагналцах үед 2009 оны тавдугаар сард эх орондоо харьж, нэг сар цэргийн алба хаагаад буцаад ирсэн.
Комүсүби Кёкүдозан “Өмнөд тэнгисийн могой”
Кёкүшюүзан, Кёкүтэнхо, Кёкүтэнзан нарыг Японд анх ирэхэд нь өлгийдөн авсан хал цэрэг. Кагошима мужийн уугуул тэрээр хурдан шалмаг хөдөлгөөнтэй, нэг барьсан бол барьцаа салгадаггүй, шазруун бөх байсан тул “Өмнөд тэнгисийн могой” нэртэй болсон. Жижигхэн биетэй ч хэнээс ч айлгүй зоригтой барилддаг, ухарч зугтдаггүй байсан учир гэмтэл их авдаг байжээ. Тиймээс “Гэмтлийн их дэлгүүр” хоч нэг хэсэг зүүж явсан удаатай.
Сэкивакэ Миёобидани “Өргөгч кран”
Өндөр биетэй, үлэмж хүчтэй бөх байжээ. Өрсөлдөгчөө барьж аваад өргөөд дохёноос гаргачихдаг байсан тул ийнхүү кран болсон түүхтэй.
Комүсүби Такамизакари “Робокоп”
Оюутны сүмогийн ёкозүна Такамизакари мэргэжилд орж ирээд тэр үеийнхээ бараг хамгийн алдартай бөх болсон. Утга учиргүй хөдөлгөөн, өөрийгөө зоригжуулах арга зэргийг нь хараад Азүмазэки ояката шавьдаа америк киноны баатар “Робокоп” нэр хайрласан нь олонд ихэд түгсэн юм. Хэчнээн зиндаа доогуур барилдаж байсан ч түүний барилдаанд ивээн тэтгэгчид мөнгө тавьдаг, телевизийн зар сурталчилгааны урилга Робокопд л ирдэг байсан. Нүүр амаа нүддэг нь сүмо бөхөд таарахгүй гээд Сүмогийн холбооноос хориглох гэсэн боловч сүмо бөхийг ард олонд сурталчлан, бөх сонирхогчдын тоог нэмэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа гээд зөвшөөрч байсан юм
Сэтгэгдэл ( 1 )
bayarlalaa sonitholtoi medeelel tavisand