Эртний алдарт бөхчүүдийн талаар домог, хууч яриа их байдаг. “Их Монгол” Ж.Шаравжамц, “Буур” Н.Жамьян, “Боохой” Д.Данзан, “Босоо” Г.Самдан, “Урт гарт” М.Лхагваа гээд л элдэв янзын хочтой, уншиж, сонсоход ч урамтай байдаг байлаа. Ард олны хайрласан нэр нь үнэхээр тухайн бөхөд яг зохицсон, жинхэнэ нэрээс нь ч илүү түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Харин сүүлийн үед бусдаас ялгарах онцлогтой, уран сайхан барилдаантай бөх ховордсоноос хочтой бөх ч өдрийн од шиг цөөхөн болжээ. Том, жижиг Сүхбатаас хойш ер нь олны тойнд үлдэхээр алдар нэр гарсангүй гэхэд болно. Японы үндэсний сүмо бөхөд ч мөн адил. Урьдын сайхан цагт барилдаж явсан сүмочид ард олноос хайрласан “алдар нэрээрээ” алдаршин мандаж байсан бол орчин үеийн бөхчүүд нь шикона буюу дэвжээний нэрийнхээ товчлолоор дуудуулахаас хэтрэхээ больжээ. Ингээд хүчит сүмо бөхчүүд дохёноос гадна ямар нэр хочтой байсныг авч үзье.
Бид “Чоно, Төмөр хумс тэргүүтэй сүмо бөхчүүдийн хоч” нийтлэлээр сүмо бөхчүүд ямар нэр хочтой байсныг танилцуулсан. Үргэлжлэлийг толилуулж байна.
Ёкозүна Ваканохана “Ах”
Алдарт ах дүү аваргууд болох Ваканохана, Таканохана нарын үед сүмо бөхийн хорхойтнуудын тоо асар их нэмэгдсэн билээ. Бөх мэддэггүй хүмүүс ч “Сүмогийн ертөнцийн хан хүү” хочит озэки Таканоханагийн хөвгүүдийн барилдааныг үзэхээр ордонд ирж байлаа. Хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөх дургүй, үг дуу цөөнтэй дүүгээ хамгаалах гэж сэтгүүлчдийн өмнө гарч ирдэг байсан Ваканоханаг ард түмэн “Ах” гэж өхөөрдөн нэрлэдэг байлаа. Харамсалтай нь ах дүүс түнжин хагарч, одоо хоорондоо үг солихоо ч байсан.
Ёкозүна Точинишики “Могой”
Барьц авах юм бол яаж ч байсан тавихгүй зуураад байдаг тул ийм хочтой болжээ. Зодог тайлсан хойноо гольф тоглож, мэргэжлийн тамирчдыг ялж эхэлсэн учир “Сүмогийн ертөнцийн Hole in one” хэмээн нэрлэгдэж байв. Гольфчид яагаад түүнийг ийм сайн тоглож байгааг нь асуухад “Насаараа дохён дээр элс, шороонд хутгалдаж өссөн болохоор аргагүй шүү дээ” хэмээн хариулсан гэдэг.
Минатофүжи “Marshmallow Man”
“Хий үзэгдлийн ангуучид” кинонд гардаг усан цэргийн хувцастай хий үзэгдлийг та бүхэн санаж байгаа байх. Махлаг цагаан бие, царай зүс нь төстэй тул ийнхүү нэрлэжээ. Лам багш шиг амгалан царайтай Минатофүжи одоо манай бөх Ичиножёогийн ояката багш.
Сэкивакэ Тамакасүга “Тама чян”
Токио хотын Тама голд гэнэт гарч ирсэн далайн хавтай зүйрлэсэн. Тэрхүү далайн хавыг япончууд “Тама чян” хэмээн нэрлэж байлаа. Нэрний эхний хэсэг Тама болон царай зүс нь далайн хавтай тун төстэй байсан учир ийнхүү “Тама чян болсон түүхтэй.
Сэкивакэ Мүцүараши “Хойд нутгийн агсан залуу”
Түргэн ууртайгаас гадна дохён дээр өрсөлдөгч нараа өргөж шидэх, түлхэж унагаах зэрэг харгис хэрцгийгээр унагаадаг байсан тул ийм нэртэй болсон. Ялж л байвал яаж ч байсан хамаагүй гэсэн бодолтой бөх байлаа. Сүмо бөх болохоосоо өмнө жолооч, ачигч зэрэг олон янзын ажил хийж байсан ч түргэн ууртайгаасаа болоод удаан ажиллаж чадалгүй, халагддаг байв. Оякатагийнхаа охинтой суун, дэвжээг нь өвлөн авахаар болсон байсан ч багшийнхаа охиныг удалгүй хаяж орхисон этгээд. Архи дарсанд дуртай, хүссэн хэмжээгээрээ ууж болно гэдэг үгийг сонсоод сүмо бөх болохоор шийдсэн гэдэг. Якүза нартай маргалдан зодолдож, буудуулж байсан танхай бөх байлаа. 2002 онд цус харван, 59 насандаа нас баржээ.
Ёкозүна Котозакүра “Догшин бух”
Тачиай дээр хэнийг ч мөргөөд түлхээд гаргачихдаг аварга байлаа. Түүний мөргөлдөх чимээг сонссон мэргэжлийн бөх Андре Гигант “Энэ юуны чимээ вэ” хэмээн гайхаж байсан гэдэг.
Озэки Чиёотайкай “Цүппари озэки”
Коконоэ дэвжээг удирдаж байгаа озэки асан Чиёотайкай цүппари мэхийг гаргуун хийдэг байлаа. Багаасаа том биетэй, хөдөлгөөнтэй, зодоонч хүүхэд байсан тул түүнийг мэргэжлийн бөхийн хамгийн харгис хэрцгий бөх болох “Махчин” Абдуллатай адилтгадаг байлаа. Дунд сургуульд байхдаа Ойта мужийн атаман болж, ганцаараа якүза нартай зодолдоод дийлж байсан удаатай. Хүнд гар гарч ирэх нь гээд нутгийн якүзагийн бүлэг элсүүлэх гэж оролдсон ч ээжийгээ зовоохгүйн тулд Токиод ирж, сүмо бөхийн замыг сонгосон. Хэрэв бөх барилдаагүй бол өдийд тэр юу хийж явах байсныг төсөөлөхөд ч аймаар.
Комүсүби Фүжинишики “Энх тайван”
Үргэлж инээмсэглэж явдаг, найрсаг зантай, тусч бөх байжээ. Ууган хүү нь сүмо барилдалгүй мэргэжлийн бөхийн замыг сонгосонд их уурласан гэдэг. Гэхдээ хүү нь их аварга Асашёорюүгийн менежер болж, ямар ч гэсэн сүмо бөхтэй холбоотой ажиллаж байсан юм.
Сэкивакэ Котонишики “Формула-1”
Маэгашира цолтойгоор хоёр ч удаа Эзэн хааны цомыг хүртсэн бөх. Хурдан шалмаг барилдаантай тул машины уралдааны хамгийн том тэмцээн болох “Формула-1” гэж хочилжээ. Францын Ерөнхийлөгч Жак Ширак Котонишикиг шүтэн биширдэг байв.
Озэки Котоошюү “Сүмогийн ертөнцийн Бекхэм”
Болгар арслан Котоошюү ёкозүна болж чадаагүй ч япон бүсгүйчүүдийн дунд тун их нэр хүндтэй байв. Өндөр гуалиг европ залууг сүмо сонирхогчид царайлаг хөлбөмбөгч Дэвид Бекхэмтэй адилтган дууддаг болсон. Гэхдээ Котоошюүд өөрт нь энэ хоч таалагддаггүй байсан гэдэг. Ямар ч гэсэн түүнийг япон бүсгүйчүүд уургалж дөнгөсөн. Одоо тэр япон эхнэртэй, Японы иргэн болсон. Төрөлх Болгар оронд нь түүнд “Гавьяат тамирчин” цол олгож, ёкозүна болох замд нь саад болсон гол дайсан бол Асашёорюү гэж үздэг байв. Уугуул тосгоных нь дарга Янков сүмо үзэж суугаад “Асашёорюүгийн царайг ч хармааргүй байна” гэж хэлж байсан удаатай
Сэтгэгдэл ( 0 )