“Дүнжингарав” төвийн түрээслэгчид өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 26

“Дүнжингарав” худалдааны төвийн түрээсийн үнийг нэмсэнтэй холбоотойгоор түрээслэгчид өнөөдөр /2019.09.26/ мэдээлэл хийлээ.

Түрээсийн төлбөр 495 мянган төгрөг байсан бол саяхнаас нэг сая төгрөг болгон нэмэгдүүлсэн гэх үндэслэлээр тус төвийн түрээслэгчид өнгөрсөн долоо хоногт жагсаал зохион байгуулж, Засгийн газар болон Нийслэлийн Засаг даргад шаардлага хүргүүлээд байгаа билээ.

"Улсаа аврах ард түмний хөдөлгөөн"-ий ерөнхий зохицуулагч Б.Жагар “Дүнжингарав худалдааны төвийн түрээсийг нэмснээс болж Монгол Улсын хэмжээнд бүх бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдүүлэхэд хүргэсэн тус худалдааны төвийн эзэд эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Миний тооцоолсноор түрээсийн нэмэгдлээс нэг тэрбум гаруй төгрөг “Дүнжингарав худалдааны төвийн эздэд очно. Энэ мөнгийг УИХ-ын ээлжит бус сонгуульд зориулах зорилготой гэж ойлгож байна. Энэ асуудал улам хүндрээд байгаа учраас бид өлсгөлөнгийн хэлбэрт шилжинэ” гэв.

Мөн “Дүнжингарав” худалдааны төвийн түрээслэгч Д.Пүрэвбаатар “Худалдааны төвийн нэг метр квадрат талбайн түрээсийн үнэ өмнө нь 86.500 төгрөг байсан. Одоо 167.000 мянган төгрөг болсон байна. Гэтэл хотын төвд байдаг "Шангри-Ла" зочид буудлын оффисын нэг метр квадратын түрээс 43 мянган төгрөгийн үнэтэй байна. Хотын төвийн газраас ч өндөр үнэтэй байж болох уу. Түрээсийн үнэ нэмэгдсэнээр бүх бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Би ард түмэндээ үнэтэй бараа зарж, халаасыг нь хоосолмооргүй байна. Зарим худалдаачид өлсгөлөн зарлах хүсэлтээ өгч байна.  Албан ёсоор өлсгөлөн зарлах хүсэлтэй есөн хүн байна” гэсэн юм. 

Төрийн байгууллага шаардлагын хариу өгч, “Дүнжингарав" худалдааны төвийн удирдлага түрээсийн үнээ бууруулах хүртэл өлсгөлөн зарлах ажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.161.17) 2019 оны 09 сарын 27

Наран туул зах уруу бүгдээрээ нүүх хэрэгтэй тэгвэл наад түрээсийн үнэ нь навс унаад сарын 100 к болно .

0  |  0
Top