Намрын налгар өдрүүд хумигдсаар, навчис хуйлран сэнсэрсээр, нэг л мэдэхэд ширхэг цасны гялбаа, сэнгэнэсэн чийглэг үнэр, сэрүү татсан жавар мөнх бусын цаг хугацааг мэдрүүлэн, хаяанд иржээ. Зугаатай зун, налгар намар биднийг бүлээн бороо, тансагхан цэцэгс, алтанхан нар, энхрийхэн навчистаа умбуулж жаргаасан бол айсуй өвөлдөө бид бэлэн үү? Хүүхэд байхад бид өвлийн цэнгэг агаарт өдөржин цасаар тоглож, мөсөөр наадаж жаргадаг байжээ. Гэтэл энэ цагийн хүүхдүүд төдийгүй ард түмэнд өвөлдөө жаргаж чадахгүй, нэг л том айдастай. Өвлийн улиралд 40 хэм хүртэл хүйтний эрч чангардаг манай орны нийслэлчүүдийг жилийн жилд айлгадаг аймшигт хар мангаа бол УТАА.
Засгийн газраас түүхий нүүрс хэрэглэхийг хориглосонтой холбогдуулж сайжруулсан шахмал түлш хэрэглэх хууль журмыг тогтоосон. Улаанбаатар хотын нийт 220 мянган айл өрх анх удаа шахмал түлш хэрэглэх гэж байгаа гэхэд болно. Түлшийг борлуулах 500 гаруй цэгийг байгуулж, “Сайн” картыг нэвтрүүлэн, түүхий нүүрс түлсэн иргэдийг мэдээлсэн хүнийг шахмал түлшээр урамшуулна, шахмал түлштэй холбоотой сөрөг мэдээлэл тараасан хүнд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэх зэргээр олон талын арга хэмжээ боловсруулж байна.
Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж туршсан хүмүүс нь илч муутай, хурдан шатдаг, үнс ихтэй юм гэсэн яриа амнаас ам дамжиж, ирэх өвөлдөө даарч хөрөхгүйхэн шиг, урьд урьдын жилийн Утаанбаатарын түүхийг давтахгүйхэн шиг яаж өвөлжинө дөө гэж битүүхэн зовних хүн олон. Агаарын бохирдлыг 50-60 хувь бууруулахад шахмал түлшний зөв хэрэглээ, дадал чухал гэдгийг мэргэжилтнүүд мэдээлэн таниулж, сурталчлан ухуулсаар байгаа энэ цаг үед ямар технологиор, ямар зууханд түлэх нь тохиромжтой талаар илүүтэй анхаарах нь чухал юм шиг. Уламжлан ирж, улс амьтанд ад үзэгдсэн төмөр ширмэн зуух уу?, учиргүй дуулиантай утаа бага гаргадаг хас, өлзий хээтэй зуух уу? Эсвэл сайжруулсан түлшинд зориулсан шинэ технологийн зуух хэрэгтэй юу?
Сэтгэгдэл ( 0 )