Дундговь аймгийн Сайнцагаан суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 100 ортой хүүхдийн цэцэрлэг энэ сарын 7-ны өдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэн, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга А.Ганбат, Боловсрол, соёл урлагийн газрын дарга Ц.Бумангэрэл болон сумын удирдлагууд холбогдох албаны хүмүүс оролцов.
Цэцэрлэгийн үйл ажиллагаанд зориулж аймгийн удирдлагууд болон Боловсрол, соёл урлагийн газраас иж бүрэн компьютер, даралтат хөгжим зэргийг гардуулан өгчээ. Мөн аймгийн Ахмадын холбооны “Хишиг” сангаас 1.5 төгрөгийг хандивласан юм. Түүнчлэн цэцэрлэгийг дулаанаар хангаж буй “Ган илч” компанийн захирал О.Ганбат ангиудад агаар цэвэршүүлэгчийг бэлэглэжээ.
Тус цэцэрлэгийн барилгын ажлыг 895.8 сая төгрөгийн санхүүжилтээр “Монгол дээвэр” ХХК гүйцэтгэсэн байна. Шинэ цэцэрлэг ашиглалтад орсоноор Сайнцагаан сумын хүүхдүүдийн цэцэрлэг хамрагдалт 83 хувьтай болж байна.
Сэтгэгдэл ( 0 )