Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Цагаан овоо баг, Таван толгойн ордын шинэ суурьшлын бүс, “Хонгор хотхон”-ы шав тавих ёслол энэ сарын 14-нд боллоо. Шав тавих ёслолд “Тавантолгой” ХХК-ийн удирдлага, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл, нутгийн иргэд оролцлоо.
Таван толгойн бүлэг ордод Монголын гурван том уул уурхайн компани үйл ажиллагаагаа явуулдаг. Уул уурхай эрчимжихийн хэрээр тус бүс нутагт тоосжилт үүсэж, нутгийн ард иргэд, уурхайчид эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл улам хумигдах болсон. Нөгөөтээгүүр уул уурхайн орд дагасан хүн ам нэмэгдэж, уурхайчид тэдгээрийн ар гэр амьдрах уурхай түшиглэсэн хот босох зайлшгүй шаардлагууд бий болжээ. Иймд Таван толгойн уурхайн шинэ суурьшлын бүсийг байгуулахаар шийдвэрлэсэн билээ.
Дэвшилтэт технологи дээр суурилсан, инженерийн шинэ шийдэлтэй, дэд бүтэц, эрчим хүчний шинэ технологийг нэвтрүүлсэн хот байгуулахаар төлөвлөжээ. Шинэ суурьшлын бүсийн анхны бүтээн байгуулалтын нэг нь “Хонгор хотхон” орон сууц юм. Тус орон сууцны шавыг тавилаа. Шав тавих нээлтийн үеэр үе үеийн уурхайчид, “Таван толгой” ХК-ийн ажилчид, Цагаан-Овоо багийн иргэд 100 гаруй мод тарьж, эко хотынхоо ногоон төглийн түүчээг эхлүүллээ.
Таван толгойн шинэ суурьшлын бүсийн шав тавих ёслолд зориулан Хүчит бөхийн барилдаан зохион байгуулав. Хүчит бөхийн барилдаанд Сүхбаатар, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь зэрэг долоон аймгийн улс, аймаг, цэргийн цолтой 32 бөх барилдсанаас Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат “Их говийн хүчтэн” бөхийн дэвжээ, Ажнай корпорацын бөх Монгол Улсын начин Ц.Одбаяр түрүүлж, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат “Их говийн хүчтэн” бөхийн дэвжээ, “Тавантолгой” ХК-ийн бөх Монгол Улсын начин Ш.Дарханбат үзүүрлэлээ.
Сэтгэгдэл ( 0 )