Зэвсэг үйлдвэрлэлийн эцэг, динамит зохион бүтээгч Альфред Нобел 180-аад жилийн өмнөх энэ өдөр мэндэлжээ. Дайн, дажин, хүний алтан амь түүний зохион бүтээсэн зэвсэглэлтэй холбогддог ч түүний чин хүслээр суутай эрдэмтдэд Нобелийн шагнал олгох болсон билээ. Магадгүй бүх цагийн түүхэнд Шведээс төрсөн хамгийн цуутай суутан бол Нобел юм.
Аугаа суутантай холбогдох сонирхолтой баримтуудыг та бүхэнд хүргэе.
Нэртэй хүний зүстэй хүү
Альфред Нобел 1833 оны аравдугаар сарын 21-ний өдөр Шведийн нийслэл Стокгольм хотод төрсөн. Түүний эцэг Иммануэл Нобел тухайн цаг үедээ нэртэй зохион бүтээгчдийн нэг байлаа. Өдгөө бидний өргөн хэрэглэдэг наамал банз буюу фанер зохион бүтээж амьд ахуйдаа гэр бүлээ хангалттай тэжээх өв хөрөнгийн эзэн болсон юм.
Тэсэж үлдсэн хүү
“Бурхан намайг шалтгаантай учраас л амьд үлдээсэн байх” гэж Альфред Нобел тэмдэглэлийн дэвтэртээ бичиж үлдээжээ. Нээрэн л ямар нэгэн учир шалтгаанаар тэрээр амьд үлдсэн. Иммануэл Нобел найман хүүхэдтэй. Гэвч амьдралын үнэ цэн, амтыг мэдрэхээр яг тал нь буюу дөрөв нь л нас биед хүртлээ амьдарч чаджээ. Альфред Нобел багадаа чичрэг өвчин тусаж үхэл, амьдралын зааг дээр байсан ч гайхалтай учралаар амьд үлдсэн байна.
Их хүний удам
Аав, хүү Нобел л удамдаа тодорсон эрдэмтэн байгаагүй. Эцэг талаасаа Шведийн түүхэнд үлдсэн анагаах ухааны эрдэмтэн Олаус Рудбекийн удам юм. Олаус Рудбек хүний анатомийн судлалаар мэргэшихийн зэрэгцээ, ботаникийн салбарт амжилт олсон нэгэн. Ургамлын дэргэд хөгжим эгшиглүүлэх нь ургамлын ургалтад нөлөөлдөг тухай санааг тэр дэвшүүлж байлаа. Шведийн анхны ботаникийн цэцэрлэгийг ч мөн тэр бүтээсэн.
"Боловсролгүй" сэхээтэн
Энэ цагт ч нэр нь амьд хүмүүсээс илүү сонсогддог Альфред Нобел албан ёсны ямар ч боловсрол эзэмшээгүй. Түүний аав Иммануэл Нобел “өнөө цагийн боловсрол бол хүнийг банз шиг хагална” гэж итгэдэг байсан тул физик, хими, математик, уран зохиолын нэртэй багш нарыг цагаар хөлслөн гэрээр боловсрол олгожээ.
Орост өссөн суутан
Стивен Сигалыг Монгол тулгатны 100 эрхэмд оруулсан шиг Оросууд ч түүнийг өмчилж болох талтай. Нэртэй зохион бүтээгч маань хүүхэд насандаа гэр бүлийнхээ хамт Хаант Орос улсад амьдарч байлаа. Иммануэл Нобелийн наамал банз Хаант Оросод алдаршиж байгааг сонссон тэрээр Оросын Засгийн газрын урилгаар Санк Петербург хотод очсон юм. Технологи, машин механизмын хэд, хэдэн нээлт хийсэн ч Швед улсад алдаршсан шиг амжилт олоогүй юм. Нобелийг зургаан настай байхад Шведдээ эргэн иржээ.
Орос л түүнийг дуудаж...
Орост өссөн тэрээр 18 насандаа өөрийнхөө хүсэлтээр Хаант Оросыг зорьсон юм. Орост очоод удалгүй Парист химийн чиглэлээр нэг жилийн курст суралцахаар болжээ. Чухамдаа динамит буюу тэсрэг бодис зохион бүтээх түлхэц болсон санаагаа эндээс л олсон юм. Парист нэг жил болоод Хаант Орост эргэн ирж тэндээ нэг жил амьдарсан билээ.
Ахын сургаал алт
Тийм ээ. Алдар нэр, атаа хорслын амтанд булуулах суут санаагаа олохын өмнө их эрдэмтнээс хатуу шүүмжлэл сонсож байлаа. Парист суралцаж байхдаа нитроглицериныг ихээр сонирхох болж өдөр бүр л энэ бодисыг судлах болж. Нэг өдөр Италийн суут химич Асиано Собреро түүнтэй таарч. Гартаа нитроглицерин атгасан Нобелийг хараад “Хүү минь наадах чинь тоглох эд биш дээ. Хэдэн хэсэг хуваагдах гээ юу” гэж загнуулж байж. Улмаар яаж аюулгүй ашиглах, тун нь хэрхэн ихдэх тухай Нобелд мэддэг бүхнээ заасан юм.
Суутны анхны нээлт
Альфред Нобел амьд ахуйдаа 355 зүйл зохион бүтээж, зохиогчийн эрхийн гэрчилгээ авчээ. Гэхдээ суут зохион бүтээгчийн хамгийн анхны бүтээл бол “хий хэмжигч” байсан юм.
“Бөмбөг дэлбэлсэн” нээлт
Бөмбөг дэлбэлэх, тэсрэх гэдэг ухагдахуун түүний амьд ахуйд байсангүй. Гэхдээ одоо хүртэл химийн салбарын суут нээлт гэгддэг, зэвсэг үйлдвэрлэлийг бий болгосон динамит буюу тэсрэх бодис 1867 онд Нобелийн оюун ухаанаас мэндэлсэн юм. Парист санаандаа ургуулж, Орост томьёолсон тэсрэх бодис ийнхүү бий болов. Хуурай дарийг бага зэрэг нитроглицеринтэй хольж, найруулсан нь “динамит” байсан билээ.
"Зохиолч" Нобел
Амьдралынхаа туршид тэрээр уран зохиолыг шимтэн сонирхож байсан нэгэн. Аав нь гэр сургалтаар түүнийг хүмүүжүүлэхдээ Шведийн урдаа барьдаг зохиолчдыг ээлжээр урин гэртээ хооллож, цайлдаг байжээ. Ялангуяа 16 дугаар зууны уран зохиол түүнд машид таалагддаг байжээ. Хожим хойно насан эцэс болсных нь дараа “Немесис” нэртэй богино өгүүллэгийн гар бичмэлийг захидал дундаас олсон юм. Тухайн цаг үедээ 100 гаруй хувь хэвлэж ихэвчлэн хамаатных нь хүмүүст тараажээ.
Хөлжсөн суутан
Олон нийтийн боддог шиг динамит л түүнийг алдар нэр, хөрөнгө мөнгөний оргилд хүргээгүй. Динамитыг нээснээс хойш яг найман жилийн дараа 1875 онд зохион бүтээсэн желинит түүнийг алдар нэр, авдар мөнгөнд бялхуулсан билээ. Нитроглицерин, багахан дарь, хүрэн нүүрсийг хольж найруулсан энэ нээлт тухайн цаг үеийнхээ хамгийн хөнөөлт тэсрэх бодис байлаа. Эзлэн түрэмгийлэх дуртай европын орнууд энэ нээлтийг ихээр сонирхож хөрөнгө мөнгийг цацах шиг болсон гэдэг.
Зэвсгийн наймааны “автор”
Түүний нээлт нэг талаар аугаа байсан ч нөгөө талаараа олон хүнийг цус, нулимсанд живүүлэх нүгэл байсан юм. Зохион бүтээсэн желинит, динамит зэргийн эрэлт байсан тул үйлдвэр байгуулахаас өөр аргагүй болсон байна. Амьд ахуйд нь Швед даяар түүний “бүтээлийг” үйлдвэрлэх 90 үйлдвэр ажиллаж байжээ. Энэ 90 үйлдвэрийг нийлүүлэн зангидах “Динамит Нобел” компани тухайн цаг үеийн Шведийн эдийн засгийг нуруун дээрээ үүрч байсан юм.
Амьдадаа “дууссан” суутан
Шведийн нэгэн сонин 1888 онд түүнийг амьд ахуйд нь нас барсан мэтээр нийтэлж шуугиан дэгдээж байв. Үнэн хэрэгтээ түүний ах Людвиг Нобел нас барсныг нутгийн сэтгүүлч буруу сонсож улмаар нийтэлжээ. Олон нийт түүнд амьд ахуйд нь дуртай байгаагүй болохоор галын наадам хүртэл хийж байсан гэдэг.
“Үхлийн худалдаачин”
Европын олон нийт ялангуяа энгийн иргэд Альфред Нобелийг үзэн ядаж байсан нь түүхэн үнэн. Дургүй, дургүй гэхэд түүнийг амьсгалаа хураасан мэдээг Францын өдөр тутмын “Парис” сонин “Үхлийн худалдаачин үхэлд гүйцэгдлээ” гэж гарчиглаж байлаа. Түүний нийт хөрөнгө, өдгөө Нобелийн шагналыг дагалддаг мөнгөн хөрөнгө түүний бүтээсэн тэсэрч, дэлбэрэх бодисоос эхтэй.
Нүглээ наманчлах эцсийн хүсэл
1895 оны арваннэгдүгээр сарын 27. Энэ өдөр Нобел өөрийн нэрэмжит шагнал бий болгож жил бүр сонгогдсон салбар бүрээр эрдэмтдийг шагнаж урамшуулж байх, үүнд нийт хөрөнгөнийх нь 94 хувийг зарцуулах тухай гэрээслэлд гарын үсэг зурсан билээ. Нобелийн бие 1890-ээд оноос эрс муудаж байсан нь гэрээслэл үлдээх дохио болсон биз. Тухайн цаг үедээ нийт хөрөнгөний 94 хувь нь 32.5 сая швед крон болж байсан гэдэг.
"Нобел" хүртсэн эхнэр
Альфред Нобел гурван ч удаа гэрлэж байсан түүхтэй. Нобелийн гэрээслэлээр олгох болсон шагналын хамгийн нэр хүндтэй гэгдэх “Энх тайвны шагнал”-ыг хоёр дахь эхнэр Берта фон Суттнер 1905 онд энх тайвныг уриалсан үйл хэргийнхээ төлөө хүртэж байлаа. “Тэр бол ажилтайгаа гэрлэсэн хүн” гэж, гэр бүлийн хариуцлагагүй гэж шүүмжилдэг байсан ч нөхрийнхөө хүслээр бий болсон шагналыг хүртсэн нь хувь заяа гэлтэй.
Үхлийн худалдаачин мөнхрөв
Ихэнх алдартан өөрийн сэрэг дүр бүхий хөшөө, уран баримал, цээж барималтай байдаг. Гэхдээ Нобел тэднээс өөр. Түүний дүр бүхий медалион суут эрдэмтдийн өрөөнд хүндэтгэлээр байрладаг ч сэрэг дүр нь тийм ч олон бус. Санкт Петербург хотод өсөж, өсвөр насаа өнгөрөөсөн түүний дурсгалыг хожим хойно нь хүндэтгэсэн юм. Гэхдээ сэрэг дүрээр нь бус орчин үеийн сэдлээр олон хүний хүсэл тэмүүллийг нухчин дарсан гэмээр, нэг тийм эмзэглэл төрөм хөшөө 1991 онд Нобелийн шагнал олгогдож эхэлсний 90 жилийн ойгоор хотын иргэдийн санаачилга хандиваар бүтжээ.
Жич: Шинээр гарсан синтетик материалын химийн нэршлийг түүний дурсгалыг хүндэтгэн Нобелиум гэж нэрлэсэн билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Тэсрэх бодис хүн төрөлхтөнд асар их уй гашуу үхэл хагацал авчирснийг дэлхийн 1, 2-р дайн тэр мэдээгүй. Аюултай нээлт хийсэн тул бурхан тавтай морил гээгүй л байх...