Малын эмч нарын анхдугаар их хурал боллоо

2019 оны 11 сарын 01

Монгол улсын ерөнхий сайдын ивээл дор Малын эмч нарын анхдугаар их хурал өнөөдөр \2019.11.01\ Төрийн ордонд боллоо. Их хуралд оролцогсдод Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. Мөн ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Төрөөс мал эмнэлгийн салбарын талаар баримталж буй бодлого, цаашдын зорилт” сэдвээр илтгэл тавьлаа. Малын эмч нарын анхдугаар их хуралд орон нутаг, нийслэлийн 850 гаруй төлөөлөгчид оролцож байна.

Төлөөлөгчид их хурлаараа мал эмнэлгийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулж, Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулиудын хэрэгжилтийг хангуулж, Малын гаралтай бүтээгдэхүүний ариун цэвэр аюулгүй байдлыг баталгаажуулах “Цахим гэрчилгээний систем”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж улсын хэмжээнд бүрэн нэвтрүүлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мөн  Мал, амьтны элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн үзлэгийг улиралд нэг удаа хийж мал эмнэлгийн ажил үйлчилгээг хүртээмжтэй чанартай гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэх “Малын эрүүл мэндийн даатгал”-ын тухай хуулийн төсөл үзэл баримтлалд саналуудаа тусгаж Монгол Улсын Засгийн газарт өргөн мэдүүлэхээр боллоо.

Малын эмч нар хариуцсан нутаг дэвсгэртээ мал эмнэлгийн ажил үйлчилгээг чанартай, хүртээмжтэй гүйцэтгэж, мал сүргээ эрүүл байлгах хууль, тогтоомжийг мөрдлөгө болгон ажиллахыг чармайж байгаагаа энэ үеэр илэрхийлж байлаа.

 Анхдагч үйлдвэрлэгч малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлэх, мал эмнэлгийн салбарын санхүүгийн тогтолцоог боловсронгуй болгох, малчин түмнийхээ нөр их хөдөлмөрөөр бий болдог малын гаралтай бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын эцсийн баталгааг гаргаж хэрэглэгчдэд шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашиглан хүргэх оновчтой тогтолцоог хэрхэн бүрдүүлэх талаар хамтаараа хэлэлцэн ойрын болон хэтийн зорилтуудаа тодорхойлж, төр, хувийн хэвшлийн мал эмнэлгийн байгууллага, малчдын хамтын оролцоотойгоор Монгол малын эрүүл мэндийг баталгаажуулах зорилтыг хангахад ач холбогдолтой их хурал боллоо хэмээн малын эмнэлгийн салбарын эрдэмтэд, хуралд оролцогчид онцолж байна .

Мал эмнэлгийн ерөнхий газар анх, 2018 оны 6 дугаар сарын байдлаар малын гоц халдварт шүлхий өвчин 13 аймаг, 61 голомтод тархсан амаргүй нөхцөл байдалд зйл ажиллагаагаа эхэлж байсан юм. Уг өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг мэргэжлийн түвшинд авч хэрэгжүүлснээр 2018 оны 9 дүгээр сард уг өвчний гаралтыг таслан зогсоож чадсан. Үүнээс шалтгаалж мал аж, ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгдэж улсын эдийн засгийн өсөлтөнд хувь нэмрээ оруулж эхэллээ.

Эх сурвалж: ХХААХҮЯ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top