Спорт, олимпизмийн нэрт зүтгэлтэн Б.Балдоо ба Монголын баг тамирчид анх удаа олимпын наадамд оролцсон нь

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 05

Илтгэгч: Монголын Үндэсний Олимпын Хорооны гишүүн, Монголын олимпын түүх судлалын нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал Ж.Баасанхүү

Монголын баг тамирчид анх удаа олимпын наадам “Токио-1964”-д оролцсоны 55 жилийн ойд зориулав.
 

Б.Балдоогийн товч намтар

Бадамтарын Балдоо 1925 оны 10 дугаар сарын 01-нд Буриад Монголын нутаг, Мухаршибирийн районы “Шанага”-ын адаг хэмээх газар төрсөн,

-1943 онд Нийслэлийн 1 дүгээр 10 жилийн дунд сургууль

-1947 онд Монгол Улсын Их Сургууль

-1959 онд Москва дахь Нийгмийн ухааны академийг тус тус  төгссөн.

-1947-1955 онд МАХН-ын Төв хороонд лектор, Суртал ухуулгын тасгийн дарга

1959-1963 онд “Энхтайван  социализмын асуудал” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч, МУИС-ийн философийн тэнхимийн эрхлэгч, “Үнэн” сонины хэлтсийн эрхлэгч

1963-1976 онд МАХН-ын  ТХ-ны дэргэдэх Намын түүхийн институтын захирал

1976-1984 онд БНАСАУ, БНЭУ, Балба, Бангладеш, Шри Ланка, БНУАУ, Австри зэрэг улсад суух БНМАУ-ын Элчин сайд

1984-1990 онд МАХН-ын ТХ-ны дэргэдэх Нийгмийн ухааны институтын захирал

1991-1999 онд ШУА-ийн Зүүн хойд Ази судлалын төвд зөвлөх, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан

2000-2003 онд Олон улс судлалын хүрээлэнд Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтны алба хашиж байв.

1960 онд Философийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

1961-1976, 1986-1990 онд МАХН-ын ТХ-ны гишүүн,

1975 онд ШУА-ийн сурвалжлагч гишүүн

1991 онд ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдсон.

1988 онд БНМАУ-ын ШУА-ийн дээд цол “Академич”

1966-1976, 1985-1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Эрдмийн зэрэг цол олгох дээд комиссын гишүүнээр ажилласан.

Шагнал, урамшуулал

-1966, 1975 онд “Алтан гадас” одон

-1984 онд БНУАУ-ын Тугийн одон

-1985 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн  одон”

-1981 онд БНМАУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин цолоор тус тус шагнагдсан.

Б.Балдоогийн спортоор хичээллэж эхэлсэн цаг үе

-Б.Балдоо гуайн спорт сонирхож эхэлсэн үе бол 1930-аад оны эцэс 1940-өөд оны эхэн үе юм.

-Энэ үе бол манай оронд 1920-иод оны сүүлчээс дэлгэрч эхэлсэн орчин үеийн спорт тоглоомын нэг төрөл волейболын спорт хот, хөдөөгүй түгж байсан он жилүүд байлаа.

-Тэрээр 1934-1937 онд нийслэл хотын үлгэр жишээ бага сургуульд сурч байхдаа лүнк, лапта тоглож, банз харайдаг байв.

-1937 онд дунд сургуульд шилжсэн үеэс волейбол сонирхох болсон. Спортын олон талын авьяастай Гончигжамбаа багшийн байгуулсан 1-р сургуулийн багт багтан орж хичээллэжээ.

-Ийнхүү 3 жил өнгөрч 16 настай 8-р ангид орсон жил буюу 1940 онд биеийн тамирын багш Н.Гоош волейбол тоглодог хүүхдүүдээс 1-р 10 жилийн сургуулийн шигшээ баг байгуулахад түүнд нь багтаж тэр оны 9-р сард зохиогдсон Улсын хэмжээний нэгэн томоохон тэмцээнд оролцож 3-р байр эзэлж байжээ. 1940-1950-иад оны эхний хагаст зохиогдсон Улс, хувьсгалын ойн баяр наадмын олон удаагийн тэмцээнд эхлээд 1-р 10 жилийн сургууль, дараа нь МУИС, мөн залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүнд орж тоглон олон удаа тэргүүн болон 2-р байр эзэлснийг гэрчлэх үнэмлэх хадгалагдан үлджээ.

Энэ үеийн нэг тэмдэглүүштэй үйл явдал бол Монгол улсын волейболын шигшээ баг анх удаа гадаадад олон улсын наадам тоглолтод оролцсон явдал юм .

-БНАГУ-ын Берлин хотод 1951 онд болсон Дэлхийн залуучууд оюутны III фестивальд спортын хөнгөн атлетик, волейболын төлөөлөгчид илгээхэд М.Дүгэрсүрэн ахлагчтай багийн бүрэлдэхүүнд тоглож 14 улсын багаас 8-р байр эзэлж байжээ.

ДЗО-ны III их наадмын тэмцээнд анх удаа оролцсон Монгол улсын волейболын шигшээ баг / Зүүн гараас М.Дүгэрсүрэн /Багийн ахлагч/, Б.Очир, Б.Балдоо, Б.Сурмаажав, Ш.Буд, Д.Агваандугар. Берлин хот, 1951 оны 7 сар

Ардын хувьсгалын 31 жилийн ойн баярын тэмцээнд түрүүлж, ”улсын рекордч” цол хүртсэн баг  Зүүн гараас: Ш.Буд, Д.Агваандугар, Өлзийдүүрэн, Б.Балдоо, А.Дэсээжалбуу, М.Дүгэрсүрэн /багийн ахлагч/, Б.Очир, Б.Сурмаажав  Яармаг, Наадмын талбай 1952 оны 7 сарын 13

-Дараа нь Б.Балдоо гуай 1954 онд БНУАУ-ын Будапешт хотод болсон Бүх дэлхийн оюутны спортын 12-р тоглолтод Монголын волейболын шигшээ багийн ахлагч бөгөөд тоглогчоор оролцож 13 улсын багаас 8-р байрыг эзэлж байсан байна.

Дэлхийн оюутны спортын XII тоглолтод оролцсон Mонголын шигшээ баг Өвөр эгнээнд: Зүүн гараас Ш.Буд, Б.Авирмэд, Б.Балдоо /Багийн ахлагч/,  Арын эгнээнд: Жанцан, Д.Гүрдорж, Д.Намсрайжав,  Өлзийдүүрэн, Содномцэрэн. Будапешт хот, 1954 оны 8 сарын 12

Манай тамирчид оюутны спортын наадмын нээлтийн ажиллагаанд жагсаж яваа нь. Будапешт хот, 1954 он

-Б.Балдоо гуай 1955-1959 онуудад Москвад аспирантурт суралцахаар явж спортын уралдаан тэмцээнд идэвхтэй оролцох явдлаас түр хөндийрсөн байна.

Биеийн тамир спорт, олимпын хөдөлгөөнтэй холбогдсон он жилүүд

1960 онд манай орны БТС-ын хөдөлгөөн зохион байгуулалтын шинэ бүтцэд шилжиж, МБТСЭвлэл байгуулагдаж, спортын олон төрлөөр холбоод шинээр бий болж байсан үед Б.Балдоо гуай Москвад хичээл сургуулиа амжилттай дуусгаад эх орондоо буцаж ирсэн байна.

1957 онд байгуулагдсан Монголын волейболын холбооны анхны ерөнхийлөгч, нэрт дипломатч, Гадаад явдлын яамны сайд М.Дүгэрсүрэн гуай гадаадад томилолтоор ажиллах болсон тул түүний оронд Б.Балдоо гуайг Монголын волейболын холбооны ерөнхийлөгчөөр 1960 онд сонгожээ.

Шинээр үүссэн спортын холбоод нь тухайн төрлийн мэргэжлийн байгууллага болохын хувьд манай орны БТС-ын системд чухал үүрэг гүйцэтгэж байлаа.

-Монголын волейболын холбоо нь БТС-ын нийгэмлэг, хороод болон бүх шатны сургуулиуд дахь секцүүдээр дамжуулан волейболын спортод өсвөр үе, залуучуудыг өргөнөөр татан оролцуулах, волейболын орчин цагийн тоглолт, сургалт-дасгалжуулалтын техник, тактикийн арга барилыг тамирчдад эзэмшүүлэх, шүүгчдийн арга ажиллагаагаар дамжуулан тамирчдыг дүрмээ мэддэг бас баримталдаг болгох улсын болон нийгэмлэг хороодын шигшээ багуудын ур чадварыг байнга дээшлүүлэхэд чухал түлхэц өгдөг уралдаан тэмцээнийг олшруулах, гадаадын баг тамирчид оролцсон тэмцээнийг өөрийн оронд олонтоо зохиох энэ үндсэн дээр улсынхаа багийг чадавхжуулан бэлтгэж, ДАШТ болон бусад тэмцээнд оролцуулах чиглэлийг баримтлан МБТСЭ-ийн Төв зөвлөлийн холбогдох хэлтэс, нэгжүүдтэй нягт холбоотой хамтран ажиллаж байсан гэж Б.Балдоо гуай дуртгалдаа өгүүлсэн байна.

Монголын волейболын хөгжилд хэдхэн жилийн өмнөөс хийж эхэлсэн шинэчлэлийн бодлогын үр дүнд манай улсын волейболын эрэгтэй баг 1962, 1966, 1970 онуудад 3 удаа, эмэгтэй баг 1970 оны ДАШТ-д оролцож шилдэг 16 багийн тоонд багтаж, спортын гавьяат мастер Х.Доржжүгдэр 1962 оны ДАШТ-ний “Гарамгай хамгаалагч” -ийн шагнал хүртэж, 1970 оны ДАШТ-ний шилдэг 24 волейболчны тоонд спортын мастер Ц.Шоовдор, Г.Дэмбэрэлсайхан нар багтсан нь үүний нэг баталгаа юм.

Монголын спортыг хөгжүүлэх үйл хэрэгт гавьяа байгуулсан тамирчдыг төр, засгаас хөхиүлэн урамшуулах болж, БНМАУ-ын “Спортын гавьяат мастер” хэмээх цолыг орчин үеийн спортын төрлүүдээс анх удаа 1965 онд Х.Доржжүгдэр, 1971 онд Ц.Шоовдор нар хүртэж, манай нэрт 2 волейболчин маань спорт сонирхогч олон нийтийн хүндэтгэлийг хүлээх болсон билээ.  

Волейболын спортод өрнөл хөгжил гарсан он жилүүдэд МВХолбоо, волейболчдын хамт олонтой хамтран ажиллах бололцоотой байсандаа би чин сэтгэлээсээ баярлаж явдаг . МВХ-ны ерөнхийлөгчийн сонгууль хүлээсэн үеийн миний ажил үйлс энэ өрнөл хөгжлөөс ангид байгаагүй нь ойлгомжтой. 1976 онд миний бие гадаад оронд дипломат албанд томилогдсон тул МВХ-ны ерөнхийлөгчийн сонгуульт албыг орхих болсон юмаа гэж өгүүлжээ.

Б.Балдоо манай улсын шигшээ багт ажиллаж байсан ЗХУ-ын мэргэжилтэн А.В.Макагоновын хамт. УБ хот, 1966 он

Б.Балдоо 1966 онд Чехословак улсад болсон волейболын ДАШТ-д баг тамирчдын ахлагчаар,  мөн “Токио -64, “Мехико-68”, “Мюнхен-72” олимпын наадмын үеэр болсон ОУВХ-ны их хурал/ конгресс/,-т МВХ-ны ерөнхийлөгчийн хувьд 3 удаа холбоогоо төлөөлөн оролцсон байна.  Тэрээр тамирчнаас холбооны ерөнхийлөгч хүртэл алба хашсан Монгол улсын Волейболын “Спортын мастер” цолтой волейболын нэрт зүтгэлтэн хүн байлаа.

МВХ-ны Ерөнхийлөгч Б.Балдоо ОУВХ-ны IX их хуралд оролцов. Япон, Токио хот, 1964 оны 10 сарын 16

Ерөнхийлөгч Б.Балдоо ОУВХ-ны XIII их хуралд орчуулагч Л.Болдын хамт оролцов. Мюнхен хот, 1972 оны 9 сарын 4

Б.Балдоо Монголын биеийн тамир спорт, олимпын хөдөлгөөний удирдах байгууллагуудын сонгуульт үүрэг хүлээсэн нь

Б.Балдоо гуайд БТС-ын удирдах дээд байгууллагуудын дараахи сонгуульт үүргийг хүлээлгэж байсан.

1960-1976 он: МБТСЭ-ийн Төв зөвлөлийн гишүүн

1965-1976 он : МБТСЭ-ийн Төв зөвлөлийн тэргүүлэгч гишүүн

1962-1976 он МҮОХ-ны гишүүн, орлогч дарга /Дэд ерөнхийлөгч/

1960-1976 он Монголын волейболын холбооны ерөнхийлөгч

Монголын баг тамирчид анх удаа олимпын наадамд

1950-иад оны эцэс, 1960-аад оны эхэн үе бол манай орны БТС-ын амьдралд онцлог он жилүүд байлаа. Нам, төрийн дээд байгууллагуудаас чухал шийдвэрүүд гаргасны нэг түүхэн заалт нь Монголын БТС-ын хөдөлгөөнийг олон улсын олимпын хөдөлгөөнтэй нягт  холбоотой хөгжүүлэхэд оршиж байв.

Үүний дагуу 1956 онд МҮОХ байгуулагдаж, уг хороог 1962 онд ОУОХ хүлээн зөвшөөрч, гишүүнээр элсүүлсэн явдал юм . Энэ шийдвэр нь Монголын баг тамирчдыг өвөл, зуны олимпын наадамд оролцох бололцоог нээж өгсөн байна .

-Энэ дагуу Японы Токио хотод 1964 онд болох 18-р зуны олимпын наадамд оролцох урилгыг олимпыг зохион байгуулах хорооноос МҮОХ-д ирүүлснээр олимпын наадамд оролцох бэлтгэл ажил эрчимтэй өрнөсөн байна.

Энэ тухай Б.Балдоо гуай дурсахдаа:

-Тухайн үед МҮОХ-ны орлогч дарга /Дэд ерөнхийлөгч/, МБТСЭ-ийн төв зөвлөлийн гишүүн байсан намайг олимпын наадамд оролцох Монголын төлөөлөгчдийн тэргүүнээр баталсан юм.

-Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг нийт 38 хүнээр баталсан. Үүнээс спортын 5 төрөлд эмэгтэй 4, эрэгтэй 17 бүгд 21 тамирчин, 6 дасгалжуулагч, спортын цол зэргээр нь авч үзвэл спортын мастер -16, I, II зэрэгтэй 5,

-Улсын аварга, рекорд цолтон -9 хүн байсан.

-Тамирчдын дундаж нас -22/17-28 насны хооронд/

Чөлөөт бөхийн төрөлд  

Спортын мастер цолтой Б.Сүхбаатар, Д.Сэрээтэр, Ж.Мөнхбат, Ө.Эрдэнэ-Очир, Ц. Санжаа /том/

I зэрэгтэй Б.Санжаа/жижиг/, Х.Баянмөнх

II зэрэгтэй Ч.Дамдиншарав

Дасгалжуулагч –О.Цэрэндагва

Дугуйн төрөлд

Спортын мастер цолтой -Л.Буудай, Я.Баатар, Ч.Саманд

I зэрэгтэй – Л.Эрхэмжамц

Механикаар -Спортын мастер Я.Гончиг

Дасгалжуулагч -Спортын гавьяат багш Ц.Даржаа

Буудлагын төрөлд

Спортын мастер – Т.Цэрэндондов, Т.Мягмаржав

I зэрэгтэй -Л.Дэхлээ

Дасгалжуулагч- Л.Аюуш/Буудлын төв клубийн дарга

Хөнгөн атлетикийн төрөлд

Спортын мастер – Д.Намжилмаа/ зээрэнцэг шидэлт/

Р.Алдааныш /эм/ 400 м, 800 м-ийн зайд

Д.Амарсанаа /400 м, 800 м-ийн зайд/

Дасгалжуулагч -Ч.Найдан

Гимнастикийн төрөлд

Спортын мастер -Ц.Гүндэгмаа, Я.Туяа / эмэгтэй/, З.Нямдаваа/ эрэгтэй/, Дасгалжуулагч -Д.Норов, Д.Дангаасүрэн

Баг тамирчдыг Токио мордохын өмнө МАХН-ын Төв хорооны I нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Ю. Цэдэнбал хүлээн авч хэлсэн үгэндээ :

1.Та бүхэн дээд зэргээр чармайн мэрийж амжилт гаргах

2.Дэлхийн шилдэг тамирчдын арга барилаас ихийг сурах

3.Спортын ур чадвараа дээшлүүлж ирэхийг уриалж байжээ.

Монголын баг тамирчид 1964 оны 9-р сарын 19-ний өдөр Улаанбаатараас гарч нисэх онгоц, галт тэрэг, усан онгоцоор Эрхүү, Хабаровск, Находкаар дамжин/6 хоногийн турш явж 9-р сарын 24-ний орой Токиод хүрэлцэн иржээ.

“Чингисийн удмын залуус анх удаа Олимпын наадамд оролцохоор ирлээ” гэж “Япон Таймс” сонинд бичиж байжээ.

Бид тамирчдаа Токиогийн халуун дулаан, усархаг чийгтэй өвөрмөц газар орчин цаг уурын нөхцөлд дасан зохицуулах зорилгоор тэмцээн эхлэхээс 15 хоногийн өмнө Токиод очих зорилго тавьсан бөгөөд манай тамирчдын бие организмд гарсан өөрчлөлт 7-10  хоногийн дотор хэвийн болж чадсан байна.

-БНМАУ-ын олимпын багийнхан юуны өмнө олимпын их наадамд Монголын тамирчдыг анх удаа төлөөлөн оролцож тэнд өөрийн орны  төрийн далбааг бусад орны тамирчдын нэгэн адил мандуулан дэлхий дахины олимпын хөдөлгөөний нэг идэвхтэй гишүүн болсоноо батлан харуулах, дэлхийн спортын тэргүүн туршлагын индэр болсон олимпын тоглолтыг өөрийн нүдээр үзэж, биеэр турших замаар түүнээс суралцах, өөрсдийн авьяас чадварыг дээд зэргээр дайчлан аль болох сайн амжилт үзүүлэх зорилгыг өмнөө тавьж оролцсон байна.

Монголын баг тамирчид 1964 оны 9-р сарын 30-ны өдөр Шинэ Зеланд, Чад зэрэг орны тамирчдын хамт төрийн далбаагаа олимпын тосгонд ёслол төгөлдөр мандуулав.

Зуны 18-р олимпын наадмын нээлт 1964 оны 10-р сарын 10-ны өдрийн 12 цаг 47 минутад Токиогийн цэнгэлдэх хүрээлэнд болж байлаа.

Манай тамирчдын жагсаалын хувцас нь : эмэгтэйчүүд цагаан дурдан даашинз, шаргал гуталтай,

-эрэгтэйчүүд- хүрэн бор пиджак, ногоон цэнхэр өмд, хар гуталтай, энгэр дээрээ БНМАУ-ын далбааны өнгөөр хийсэн эмблем, “Монгол” гэсэн үсэг, сийлсэн далбааны хэлбэр бүхий тэмдэг зүүсэн бөгөөд толгой нүцгэн жагссан байна.

Монголын тамирчдын жагсаалын манлайд БНМАУ-ын төрийн далбааг хөнгөн атлетикийн дасгалжуулагч Ч.Найдан мандуулж явав.

Олимпын тоглолт нээгдэхийн өмнө 18-р олимпын наадмын зохион байгуулах хороонд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал баярын илгээлт явуулж байлаа.

Мөн манай эх орны спорт сонирхогч олон мянган хүний сэтгэл хүслийг тусгасан олон тооны захидал, цахилгаан утас зэргийг хүлээн авсан нь бид бүхнийг улам зоригжуулж байлаа гэж дурсжээ.

Монголын тамирчид анх удаа олимпын тоглолтод оролцохдоо орчин үеийн олимпын хөдөлгөөнийг үндэслэн санаачлагч Францын аугаа их соён гэгээрүүлэгч Барон Пьер дэ Кубертэнээс Олимпын хөдөлгөөний мөн чанарыг тодорхойлон дэвшүүлсэн үндэслэлийг сэтгэл оюундаа санаж байлаа.

П.Д.Кубертэн хэлэхдээ: “Амьдралын хамгийн чухал нь ялалт байгуулахад биш харин тэмцэл хийхэд оршдогийн нэг адил Олимпын тоглолтын хамгийн чухал нь хожиж дийлэхэд биш харин түүнд оролцоход оршмой ”гэсэн байна.    

Гэвч тамирчин хүнд уралдаан тэмцээнд оролцон тэмцэлдэж байж ялалт байгуулахаас өөр сайхан юм юу байх вэ ?

Тэгэвч энэ ялалт байгуулах явдал бол тодорхой их хугацааны тэмцэл, шаргуу нөр их хөдөлмөрийн үр дүн байх ёстой гэдгийг манай тамирчид сайн ойлгож байлаа гэжээ.

1964 оны 10-р сарын 12-нд Монголын төлөөлөгчдийн тэргүүн Б.Балдоо ОУОХ-ны ерөнхийлөгч Эвери Бренджид бараалхан бид олимпын наадамд анх удаа оролцож, байгаадаа баяртай байна. Цаашид ОУ-ын олимпын хөдөлгөөний идэвхтэй гишүүн байж хамтран ажиллана гэдгээ илэрхийлжээ.

А.Бренж хариу хэлэхдээ

13-р зууны үед Чингисийн Монгол хүчирхэг улс байсныг мэднэ. Та бүхэн энэ хүчирхэг байдлаа Олимпод харуулах биз.

-Танайх бөхөөр алдартай гэдгийг дуулсан. Олимпын медальд хүртэл барилдах байх.

-Би Дорнын соёлыг их сонирхдог

-Монголын олимпын хөдөлгөөнтэй очиж танилцахыг хүсдэг, ажлын бололцоо гарахгүй байна гэжээ.

-Манай бэлэглэсэн архийг задалж тэнд байсан бүх хүмүүст амсуулж байлаа .

-Ерөнхийлөгчтэй олон хүн уулзахаар очерлож байсан тул бидний уулзалт 15 минут болоод өндөрлөсөн гэж Б.Балдоо гуай дурссан байна.

10-р сарын 17-нд ОУОХ-ны 70 жилийн ойд зориулсан баярын хурал болж ОУОХ-ны ерөнхийлөгч А.Бренж илтгэл тавьж ойн жилийн олимпын наадамд 15 шинэ улс оролцсоны дотор Монгол улс байгааг онцлон дурджээ.

Монголын баг тамирчид тус тусын тэмцээнд хэрхэн оролцсон дүнг дурдъя

Чөлөөт бөхийн тэмцээн 10-р сарын 11-14-ний өдөр Токиогийн Камазава гимназиум гэдэг спортын тохилог ордонд болов.

Сугалсан сугалааны дүнд манай бөхчүүд нэг ба хоёрдугаар тойргийн учраанд дараах орны бөхчүүдтэй барилдах болов. Үүнд Ч.Дамдиншарав-Цейлон ба Германы бөхтэй, Б.Сүхбаатар –АНУ,  Энэтхэгийн бөхтэй, Б.Санжаа-Япон/1963, 64 оны дэлхийн 2 удаагийн аврага Ватанабэ/, Филиппиний бөхтэй, Д.Сэрээтэр-Япон/ 1964 оны дэлхийн аврага Хориочи/, АНУ-ын бөхтэй, Ж.Мөнхбат-Австрали, Италийн бөхтэй, Х.Баянмөнх Филиппин, Японы бөхтэй, Ө.Эрдэнэ-Очир –Герман, Швейцарын бөхтэй, Ц.Санжаа-ЗХУ/ 1964 оны дэлхийн аварга Иваницкий/, Унгарын бөхтэй барилдах болсон юм. Эхний хоёр тойргийн барилдаанд Б.Сүхбаатар, Б.Санжаа, Д.Сэрээтэр, Ө.Эрдэнэ-Очир, Ц.Санжаа нар торгуулийн 6 буюу түүнээс дээш оноотой болж мөн жин тохироогүйн улмаас цаашдын барилдаанд орох эрхгүй болсон.

Хагас хүнд жингийн бөх Х.Баянмөнх Филиппиний бөхийг оноогоор ялж, Японы бөхөд цэвэр ялагдаж торгуулийн 5 оноотой болж 3-р тойрогт Ардчилсан Германы бөх Баухд оноогоор ялагдаж, торгуулийн 8 оноотой болж цаашид барилдах эрхгүй болсон.

Хамгийн хөнгөн жингийн бөх Ч.Дамдиншарав Цейлоны бөхийг оноогоор ялаад, бэртсэний улмаас тэмцээнд ирээгүй, Германы бөх барилдаагүй учир цэвэр ялалт авч гуравдугаар тойрогт Зөвлөлтийн бөх, дэлхийн 2 удаагийн аварга, спортын гавьяат мастер А.Алиевтэй барилдаж оноогоор ялагдаж торгуулийн 4 оноотой болсон юм. Дөрөвдүгээр тойрогт Туркийн бөх Янилмазтай барилдаж цэвэр ялагдав.

Залуу тамирчин Ч.Дамдиншарав техникийн арга барил, олон улсын барилдааны үлэмж дадлага туршлагатай эдгээр хоёр бөхөд ялагдсан боловч чөлөөт бөхийн орчин үеийн техникээс шамдан суралцаж барилдааны тэсвэр хатуужил сууж байгаа ирээдүйтэй бөх болохоо харуулсан юм. Ч.Дамдиншарав 4 тойргийн дараа торгуулийн 8 оноотой болж хасагдаад мөн ийм  тооны оноо ба ялалт ялагдалтай болсон Энэтхэгийн бөх Малватай 9-10-р байрыг хувааж эзлэв.

Дунд жингийн бөх Ж.Мөнхбат Австралийн бөх Бойлэг нэгдүгээр тойрогт, Италийн бөх Девесковийг хоёрдугаар тойрогт, Ирландын бөх Феенэг гуравдугаар тойрогт тус бүр оноогоор ялж, торгуулийн 3 оноотойгоор дөрөвдүгээр тойрогт шилжсэн боловч Туркийн бөх Огантай барилдаж, өөрөө техник, тактикийн арга барилаар давуу олон улсын барилдааны нэн их туршлагатай энэ бөхөд цэвэр ялагдахгүй бололцоо байсан боловч цэвэр ялагдахгүйг хэт хичээн дэвжээнээс 3 удаа зугтааж гарсан гэж 3 сануулга авч цэвэр ялагдсанд тооцогдож энэ жингийн дэлхийн хүчтэн 6 бөхийн тоонд орох эрхээ алдаж 7-р байранд орсон юм. Энэ жингийн дэлхийн тэргүүний 22 бөхийн барилдаанд 7-р байрыг эзэлсэн явдал нь залуу бөх Ж.Мөнхбатын томоохон ялалт болсон бөгөөд энэ нь чөлөөт бөхийн барилдааны арга техникийг эзэмшиж, тэсвэр хатуужилтай болж байгаагийн илрэл болсон юм .

Бөхчүүдийн барилдааны тухай бүхэлд нь авч үзвэл юуны өмнө манай бөхчүүд үндэсний бөхөөс нэлээд хэмжээгээр уламжлан ирсэн босоо барилдах арга  голчлон, дэвжээн дээр ноцолдох талаар нэлээд сул байгаа  харагдав. Энэ нь эсрэг бөхийг унагааж дороо хийсэн боловч түүнийг цэвэр ялалтад хүртэл гүйцээх арга барилыг бүрэн эзэмшээгүй явдал, өөрийн дор байгаа бөхийг тогтоон барьж, цэвэр ялалт болгон хувиргах арга техник дутагдалтай явдал, эсрэг бөхийн дор орж дэвжээн дээр даруулсан үед хийх техникийн янз бүрийн арга барилыг сул эзэмшсэн явдлыг харуулж байлаа.

Мөн түүнчлэн олон улсын томоохон тэмцээнд тактикийн туршлага суугаагүйн улмаас зөв тактикийг зохих цаг, мөчид нь хэрэглэж чадахгүй, дэвжээний захад очихдоо санаа тайвшран эсрэг бөхөд ашиглуулах сул талтай байв. Эцэст нь дурдахад бэлтгэл сургуулийн даац бага байгаа нь харагдав. Үүнээс болж ширүүн барилдааны тэсвэр хатуужил суугаагүй, амархан цэвэр ялагдах зэрэг дутагдал гаргаж байв.

Цаашдын бэлтгэл сургуульд техник, тактикийн арга барилыг нарийвчлан хийж сурах, олон улсын хүчтэй, техник тактикийн талаар давуу бөхчүүдтэй хийх уулзалтыг олшруулах, шинэ залуу тамирчдыг олшруулах, чөлөөт бөхийн секцийг жилийн 4 улиралд байнга ажиллуулах, улсын тэргүүн шалгаруулах уралдаан явуулах, чөлөөт бөхийн бүрэн төхөөрөмжилсөн зал танхимтай болгох арга хэмжээ авах нь шаардагдаж байна.

Хөнгөн атлетикийн тэмцээн 10-р сарын 14-нөөс Токиогийн үндэсний стадионд эхэлсэн юм. Дунд зайн гүйгч Р.Алданыш цаг агаарын байдалд гүйцэд дасаагүй, биеийн ерөнхий байдал хангалтгүй, ядаргаатай байсан учир 400 ба 800 метрийн эмэгтэйчүүдийн уралдаанд оролцохдоо үзүүлж байсан амжилтаасаа доогуур амжилт үзүүлэв.

400 метрийн зайд тэргүүн байранд орсон тамирчин 52 сек-ийн амжилт үзүүлсэн байхад манай тамирчин 1 минут гаруй гүйж түүнээс 8 сек-ээр хоцорсон ба 800 метрийн зайд гүйж дэлхийн шинэ рекорд тогтоосон тамирчны амжилтаас 20 сек-ээр хоцорч байв.

400 ба 800 метрийн зайн гүйгч тамирчин Д.Амарсанаа зөвхөн 800 метрийн уралдаанд оролцсон бөгөөд 1:56,3 сек гүйж өөрийн амжилтыг 1,1 сек-ээр дээшлүүлээд Чад, Эфиопи, Шинэ Зеланд, Мали, Таньганика, Тайланд зэрэг орны тамирчдын өмнө орсон боловч 48 тамирчдын дотор 42-р байр эзэлж энэ зайд түрүүлсэн Шинэ Зеландын тамирчин Снелийн үзүүлсэн 1,45,1 сек-ийн амжилтаас 11,2 сек-ийн дутуу байлаа. Зээрэнцэг шидэгч тамирчин Д.Намжилмаа 15 орны 22 тамирчин эмэгтэйчүүдтэй өрсөлдөж 44 метр 56 см шидэж 16-р байранд орсон бөгөөд өөрийн тогтоосон үндэсний рекордыг 1 метр 20см-ээр ахиулжээ.

Д.Намжилмаагийн амжилт нь түүний ард орсон Солонгос, Тайланд, Шинэ Зеланд, Иран, Филиппиний тамирчдын амжилтаас 1-ээс 9 метр илүү боловч олимпод нэгдүгээр байр эзэлсэн Зөвлөлтийн нэрт тамирчин Прессийн 57 метр 27см-ийн амжилтаас 12 метр 70-аад см-ээр дутуу байлаа

Олимпын хөнгөн атлетикийн  тэмцээн, түүнд манай цөөн тамирчин оролцсон байдал тэдний үзүүлсэн дээрх амжилт зэргээс үзвэл орчин үеийн спортын гол төрөл болсон хөнгөн атлетикийг хөгжүүлэхэд их анхаарал тавих явдал эрс шаардагдаж байгаа нь илт байна.

Хөнгөн атлетикийг бүх талаар хөгжүүлэх явдал спортын бусад төрөлд амжилт гаргахын суурь болж өгөх чухал ач холбогдолтойг анхаарах цаг нэгэнт болжээ.

Олон төрлийн спортын дотроос хөнгөн атлетикийн төрлүүдийг өргөн олон түмэн залуучуудын хүртээл болгох, түүгээр дамжуулан спортын бусад төрлийн авьяаслаг тамирчдыг бэлтгэх хэрэгтэй байна.

Олимпын дугуйн 109,893 км-ийн багийн уралдаан 10-р сарын 14-ний өдөр Токиогийн дүүргийн Хачиожи тосгоны засмал замд болов. Энэхүү багийн уралдаанд 32 орны 128 тэргүүний тамирчдын хамт Я.Баатар, Л.Буудай, Ч.Саманд, Л.Эрхэмжамц нарын бүрэлдэхүүнтэй баг оролцов.

Явах зам нь 500-800 метрийн гурван даваа, 9 огцом эргэлт бүхий 36 км-ийн битүү тойрог байсан бөгөөд түүнийг 3 удаа тойрох ёстой. Дугуйн багийн уралдаанд Голландын баг 2:26.31,39 сек хурдалж түрүүлсэн бөгөөд 32-р байранд орсон Малайзийн баг уг зайг 3 цаг 11 мин 47,02 сек явсан юм .

Манай баг 2 цаг 48 мин 55.57 сек-ийн амжилт үзүүлж 23-р байранд орлоо. Манай багийн амжилт нь нэгдүгээрт орсон багийн амжилтаас 22 минут дутуу, сүүлчийн байранд орсон багийн амжилтаас 22 минутаар илүү байв. Гараа ойролцоо байж уралдааны замд гол өрсөлдөгч болж байгаад манай өмнөх байранд орсон Япон, АНУ, Колумб, Ираны багуудаас 5-8 минут хожигдож мөн манай ард орсон Өмнөд Солонгос, Этиоп, Камбожийн багаас 3-8 минутын түрүүнд байв. Уралдаанд орсон нийт багуудын амжилт муу байсан бөгөөд энэ өдөр усан бороотой нэлээд хүчтэй салхитай байсан явдал дугуйчдын үзүүлсэн амжилтад сүрхий нөлөөлсөн юм .

Багийн уралдааны сүүлчийн тойрогт Л.Буудайн дугуй гэмтээд Я.Баатар, Ч.Саманд, Л.Эрхэмжамц нар багийн уралдааны барианд орсон бөгөөд Л.Буудай гэмтсэн дугуйгаа янзлаад 28 км газар ганцаар явж 2 минутын дараа барианд орсон юм.

10-р сарын 22-ны өдөр болсон засмал замын 194, 832 км-ийн нэг бүрчилсэн уралдаанд 37 орны 172 тамирчдын дунд манай улсын дээрх 4 тамирчин оролцов. Энэ зам 10 даваа, 7 огцом эргэлттэй бөгөөд 21-40 градусын эгц өндөрлөг бөгөөд 300-800 м урт өгсүүртэй 24 км-ийн битүү тойрог бөгөөд түүнийг 8 удаа тойрох ёстой байлаа. Уралдааны 1-р байранд Италийн тамирчин Занин 4 цаг 39 мин 63 сек-ийн амжилтыг үзүүлсэн бөгөөд уралдааны барианд 107 тамирчин оржээ. Энэ 107 дахь байр эзэлсэн Өмнөд Солонгосын тамирчин 5 цаг 27 мин 16 сек хурдалсан байв.

Манайхаас барианд орсон тамирчин Л.Буудай 5 цаг 01 мин 57 сек-ийн амжилт үзүүлж 46-р байр эзлэв.  Л.Буудайн үзүүлсэн амжилт нь алтан медальт тамирчныхаас 21 мин 09 сек хожигдолтой, сүүлчийн байр эзэлсэн тамирчныхаас 26 мин 16 сек-ийн илүүтэй байлаа.

Нэг бүрчилсэн уралдаанд Л.Эрхэмжамцын өрц татаж 5 дахь тойргоос, мөн Ч.Саманд, Я.Баатар нар сүүлчийн тойргоос гарч барианд орж чадаагүй юм.

Манай дугуйчдын олимпод орсон дүнгээс үзвэл нэг талаас дэлхийн тэргүүний тамирчдын амжилтын хэмжээнд хүрээгүй бөгөөд түүнээс нэлээд зайтай байгааг харуулав. Нөгөө талаас манай дугуйчдын бэлтгэгдсэн байдал бусад орны тамирчдынхаас тийм ч доогуур бус байсан нь ажиглагдлаа.

Гэвч дэлхийн тэргүүний дугуйчдын амжилтаас биднийг холдуулж байгаа гол зүйл техникийн нарийн хөдөлгөөнийг сайтар эзэмшээгүй, мэргэжлийн өндөр хурдыг бартаат замын бүх нөхцөлд хадгалж, зөв байрлалыг олж, хүчээ зөв хуваарилах арга барил, дадлага туршлага, тэсвэр хатуужилтай болж чадаагүйд оршиж байгааг уралдааны явц харууллаа. Нарийн замд олон дугуйчид шахцалдан явах том уралдааны онцлог байдалд өөрийн байрыг зөв олох, тэгснээр хүч гаргах түр амсхийх зэргээр хүч бололцоог зөв хуваарилах, олноор шахцалдан уралдаж байх үед өндөр хурдыг хадгалан давааны уруу бууж чадах буюу огцом эргэлтийг хийж чадах зэрэг онцлог чадвартай байхыг олимпын уралдаанаас манай дугуйчид мэдэж авсан. Ийм чадварыг цаашид манай тамирчдад бий болгохын тулд дугуйчдын эгнээг олшруулан олон хүний уралдааныг бартаат замд зохиох, олон улсын том уралдаанд оролцож байх нь чухал шаардагдаж байлаа.

Үүний зэрэгцээ манай оронд дугуйн спортын техникийн олон төрлүүдийг хөгжүүлэх талаар санаа тавих нь чухал бөгөөд энэ нь засмал замын дугуйчдын амжилтанд сайн нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм .

Олимпын  буудлагын спортын 5 төрлийн тэмцээн 10-р сарын 15-наас 20-ны өдрүүдэд Токиогийн дүүргийн “Асака” дахь цэргийн буудлагын байранд явагдсан бөгөөд манай баг том калибрын  винтовын 300 метрийн, бага калибрын винтовын 50 метрийн, бага калибрын сонгомол гар бууны 50 метрийн эдгээр 3 төрлийн тэмцээнд оролцсон юм.

Том калибрийн  винтовын буудлагын тэмцээнд манай тамирчин Л.Дэхлээ 19 улсын 29 тамирчдын хамт оролцож хэвтээ, суугаа, зогсоо 3 байрлалын нийлбэр дүнгээр 1070/371, 356, 343/ оноо авч 24-р байранд орсон бөгөөд түүний дараа Филиппин, /2/, Хонконг /1/, Япон/ 1/ ,Тайландын /2/ бүгд  6 тамирчид оржээ.

Л.Дэхлээгийн оносон 1070 оноо бол өөрийн нь тогтоосон манай рекордоос 3 оноогоор илүү бөгөөд энэ тэмцээнд алтан медаль авч дэлхийн шинэ рекорд тогтоосон АНУ-ын тамирчин Андерсоны онооноос 83-аар дутуу бөгөөд 30-р байранд орсон Тайландын тамирчны онооноос 65 оноогоор илүү байлаа.

Бага калибрын винтовын буудлагын тэмцээнд 31 улсын 53 тамирчин тэмцэлдэж АНУ-ын тамирчин Виггер 1164 оноо /398, 394, 372/ онож дэлхийн шинэ рекорд тогтоосон бол Ираны тамирчин 1018/376, 317, 355/оноо онож сүүлчийн 53-р байранд орсон юм. Энэ тэмцээнд оролцсон манай тамирчин Т.Цэрэндондов 1087/384,362,341/ оноо онож өөрийн тогтоосон улсын рекордыг 14  оноогоор дээшлүүлсэн юм. Гэвч манай энэ рекорд дэлхийн шинэ рекордоос 77 оноогоор дутуу, сүүлчийн байр эзэлсэн тамирчны онооноос 69-өөр илүү байв.

Бага калибрын сонгомол гар бууны тэмцээнд оролцсон тамирчин Т.Мягмаржав эх орондоо үзүүлж байсан амжилт /552 оноо/, манай улсын рекордын /550 оноо/хэмжээнд олимпийн үеэр хүрээгүй бөгөөд 518 оноо онож Аргентин, Пуэрто-Рико, Хонконг, Тайланд, Австрали, Пакистан, Франц, Филиппин, Малайз, Перу, Ямайка, Иран улсын тамирчдын өмнө орж 40-р байр эзэлсэн байна. Энэ нь 34 орны 52 тамирчны дотор дэлхийн рекордыг давтаж алтан медаль авсан /560 оноотой/ Финландын тамирчин Маркканэ-ийн амжилтаас 52 оноогоор, 6-р байр эзэлсэн /550 оноотой/ Перугийн тамирчны амжилтаас 32 оноогоор доогуур, 52-р байранд орсон Ираны тамирчны онооноос 28 оноогоор дээгүүр байна.

Хэрэв тамирчин Т.Мягмаржав эх орондоо үзүүлж байсан дээд амжилтаа олимпын үеэр үзүүлж чадсан бол 5-р байранд орохуйц байсныг тэмцээний дүн харуулж байна.

Олимпын буудлагын тэмцээний үеэр Азийн буудлагын холбооноос зохиосон Азийн орны тамирчдын нөхөрсөг тэмцээнд Т.Цэрэндондов, Т.Мягмаржав нар оролцож 551 ба 538 оноо онож Япон ба Өмнөд Солонгосын тамирчидтай өрсөлдөн 2 ба 3-р байранд тус бүр орсныг дурдах нь зүйтэй байна.

Манай оронд сүүлийн жилүүдэд хөгжсөн буудлагын спорт нь шинэ залуу бөгөөд спортын шинэ төрлөөр сургуулилсан тамирчид дээд тал нь 1-2 жил, доод тал нь 7-9 сар олимпод зориулсан тусгай бэлтгэлийг хийсэн зэрэг дэлхийн энэхүү асар том уралдаанд тун бага бэлтгэлтэй байсан хэдий боловч манай багийн тамирчид олимпын тоглолтын үеэр өөрсдийгөө сайн талаасаа харуулж чадсан гэж зүй ёсоор үнэлэх хэрэгтэй юм.

Сайн буудагч байхын тулд сэтгэл санааны талаар үлэмж тэсвэр хатуужилтай, буудлагын онолын өргөн мэдлэгтэй, олон улсын том тэмцээний туршлагатай бөгөөд цаг үеийн нөхцөлийн өчүүхэн боловч өөрчлөлтөд буудах баримжаагаа зохицуулж чаддаг арвин дадлагатай болохыг 18-р олимпын сургамж харуулж өгөв.

Олимпын гимнастикийн тэмцээн 1964 оны 10-р сарын 18-аас 23-ныг дуустал “Токио Метрополитен гимназиум” гэдэг спортын ордонд болов. Эрэгтэйчүүдийн гимнастикийн тэмцээнд 33 орны 130 тамирчид оролцсон. Эрэгтэйчүүдийн 5 хэрэглэлийн заавал гүйцэтгэх ба хувиараа гүйцэтгэх уралдааны нийлбэр дүнгээр Японы тамирчин Эндо 115,95 оноо авч нэгдүгээр байранд орсон бөгөөд 2,3-р байранд Японы Цүрүми, Зөвлөлтийн Шахлин нар оров. Манай залуу тамирчин З.Нямдаваа нийлбэр дүнгээр 105,65 / заавал-52, 65, хувийн 53,00/оноо авч 94-р байранд оров. 95-130-р байранд Өмнөд Солонгос, Куба, Иран, Энэтхэг, Нэгдсэн Араб улс, Филиппин зэрэг орны зарим ба бүх тамирчид 104,35-аас 11 оноо авч орсон байна.

Эмэгтэйчүүдийн гимнастикийн тэмцээнд 24 орны 84 тамирчид оролцсоны дотор 10 орон багаар оролцлоо. Эмэгтэйчүүдийн 4 хэрэглэлийн заавал ба хувийн уралдааны нийлбэр дүнгээр Чехословакийн гимнастикч Чеславска 77,564 оноо авч нэгдүгээр байранд, Зөвлөлтийн  Латынина, Астахова нар 2-3-р байранд оров. Манай тамирчин Ц.Гүндэгмаа 71,631/заавал -35,932, хувийн -36,699/ оноо авч 63-р байр, Я.Туяа 69,965 / заавал -35,633, хувийн 34,332/ оноо авч 67-р байранд орсон бөгөөд 64-84-р байранд Франц, Өмнөд Солонгос, Финлянд, Португали, Австрали, Англи, Шинэ Зеланд, Филиппин, Тайван, Ираны зарим ба бүх тамирчид 71,063-аас 29,464 оноо авч орсон байна. Манай эмэгтэй тамирчдын үзүүлж байсан доод оноо нь 8,633, дээд оноо нь 9,266 байв.

Манай залуу гимнастикчдад үлэмжийн их сургууль болсон энэхүү том тэмцээнд оролцсон байдлаас үзвэл техникийн нарийн арга барилыг эзэмших талаар сүрхий дутагдаж байгаагийн зэрэгцээ бас биеийн хөдөлгөөнийг уян хатан уран болгох, хөгжимтэй ажиллаж сурах, талбайн хэмжээнд өөрийн хөдөлгөөнийг захируулж сурах явдал шаардагдаж байгааг харуулав.

Цаашид манай залуучууд, ялангуяа сургуулийн сурагчдын дотор спортын энэхүү нандин сайхан, уран гоё төрлийг өргөн дэлгэрүүлж, гимнастикчдийн эгнээг ихэд тэлэн өргөтгөх, гимнастикийн бүрэн төхөөрөмжлөгдсөн зал танхимтай болгох, гимнастикчдын техникийн уран чадварыг өндөржүүлэхийн хамт акробатикийг хореографитай сайтар хослон сургуулилах, дэлхийн тэргүүний гимнастикчдын арга техникийг харуулсан кино зэрэг үзүүлэнгийн зүйлсийг өргөн ашиглах явдал хэрэгтэй байна.

БНМАУ-ын олон мянган залуучууд тамирчдыг төлөөлөх сайхан завшааныг олж, олимпын XVIII тоглолтод оролцон, манай орны шилдэг тамирчдаас ирээдүйн олимпын наадамд байнга оролцон, эх орныхоо спортын алдрыг дэлхийн спортын тайзанд цуурайтуулахын анхны гүүрийг тавьж өгсөн 21 тамирчид, тэдний багш дасгалжуулагч нарын анхны хүчин зүтгэл, чин сэтгэлийн чармайлтын үр дүн ийм байна.

Олимпын ариун галыг дэлхийн орон бүрийн тамирчдын хамт Токиогийн XVIII олимпын наадамд асаалцаж, олимпизмийн эрхэм нандин зарчмын дор чин үнэнч бөгөөд ариун шударгаар уралдан тэмцэлдэх тангаргийг өргөсөн тамирчдынхаа анхны зүтгэлийг цаашид арвижуулан, улс орныхоо спортын хөгжлийг шинэ шатанд дэвшүүлэн 4 жилийн дараа Мехико хотноо болох олимпын XIX тоглолтод гялалзсан амжилт гаргах зорилт манай залуучууд тамирчин бүхний өмнө тавигдлаа. Олимпын хөдөлгөөний үзэл санааг өргөн дэлгэрүүлж эх орныхоо биеийн тамир, спортыг хөгжүүлэх үйл хэрэгт хүн бүр сэтгэлчлэн оролцож, шинэ сайхан амжилт гаргахын төлөө өнөөдрөөс эхлэн ажиллацгаая гэж Б.Балдоо гуай уриалж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top