Морьтон Монголынхоо малчин ахуй, биет бус соёлын өвийг хадгалах, адуу дагасан соёлыг сурталчлах "Талын түмэн адуу" эвент түүхэн аялал жуулчлалын бүс нутаг гэж тодорхойлогдсон Хэнтий аймгийн Батноров суманд арваннэгдүгээр сарын 1-3нд зохион байгуулагдлаа.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агенлаг Соёл, урлагийн газраас тус эвент, арга хэмжээг хоёр дахь жилдээ дэмжин хамтран ажилласан бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд ЗГХА Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат оролцож үг хэлсэн юм. Тэрбээр “Талын түмэн адуу” эвент арга хэмжээ нь Монгол Улсад өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх гадаад дотоодын томоохон жуулчдын урсгал бий болгоод зогсохгүй өвөл цагийн адуу маллах эртний нүүдэлчин өв уламжлалыг хадгалан авч үлдэх, орон нутагтаа адуучдын авьяас, чадварыг алдаршуулах ач холбогдолтой гэдгийг онцолсон юм.
Мөн тус арга хэмжээг үзэж сонирхохоор АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клечески гэргийн хамт хүрэлцэн ирсэн бөгөөд сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлсэн юм.
Энэ удаагийн Талын түмэн адуу эвентэд улс, аймгийн аварга адуучид болон адуу сонирхогч залуус 2000 адуун сүрэгтэйгээ мөн ӨМӨЗО-оос 10 гаруй адуучид уламжлал ёсоор ирж оролцсон нь онцлог байлаа. Арга хэмжээ нь Хэнтий аймагтаа хамгийн олон адуутай Батноров болон зэргэлдээх сумдын малчдын амьжиргаа, эдийн засгийн эргэлтийг дэмжих үүднээс 2015 оноос эхлэн жил бүр зохиогдож байгаа юм.
Хэнтий аймаг нь Монгол Улсын төдийгүй дэлхийн хэмжээний түүхэн газар нутаг учир аялал жуулчлалын үйлчилгээ, дэд бүтцийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, байгалийн адал явдалт аялал, түүх соёлын аяллын төрлүүдийг нэгэн зэрэг хөгжүүлэх боломжтой нутаг юм. Тийм ч учраас Батноров суманд Андлалын өргөө цогцолбор, Норовлин суманд Шихихутагийн цогцолбор, Чингис хааны төрсөн нутаг болох Дадал суманд Тэнгэрийн хаалга цогцолбор болон Биндэр суманд Их хуралдай гэх мэт Монгол Улсын засгийн газар болон азийн хөгжлийн банк зэрэг олон улсын донар байгууллагын санхүүжилттэй томоохон цогцолбор байгуулахаар бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна.
Энэ удаагийн “Талын түмэн адуу” эвентэд дараах үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Үүнд,
• Сүлдэнд мөнхөрсөн хүлэг адууны тухай дуу дуулаачдын тэмцээн
• ТОРГОН ТАР богино зайн бооцоот уралдаан
• Хэнтий аймгийн хэмжээнд Шилмэл гүү шалгаруулалт
• Адууны зүс нэршлийн танилцуулга
• Хос морьдын хөтөлгөө, ховор зүсний адууны цуваа
• Уран уургач шалгаруулах ШУРГУУ 2019 тэмцээн
• Эмнэг булгиулах үзүүлбэр, тэмцээн
• Батноров, Дарьганга, Сэврэй хийцийн нэгдсэн бүтээлийн үзэсгэлэн
• Тал нутгийн тайга нохойн уралдаан, хийц шалгаруулалт
• Адууны хийморь гэрэл зургийн уралдаан, үзэсгэлэн
• Удамт Монгол хүүхдийн морьтон парад
• Баяр наадмын зочдод зориулсан хүндэтгэлийн тоглолт
Сэтгэгдэл ( 0 )