Аль таван жилийн өмнө төгсөж болох байсан “Жолооны курс”-ээ сая нэг юм дүүргэж, би жолооч боллоо. Иргэний үнэмлэхний ичмээр зурагтай нийтлэгдсэн шинэхэн үнэмлэхээ хараад сэтгэл догдлонгуй суух цаг дор өнгөрсөн хугацаанд юу хийж өнгөрүүлснээ эргэн санав. Залуу, завтай, залхуу байжээ, би.
45-хан хоногийн зүйлийг 1825 хоног нухаж, ноцолдож байж сая дуусгав. Хайран чиг цаг хугацаа минь... Хүн завтай байх тусмаа л залхуу байдаг юм байна. Харин завгүй болоод ирэхээрээ улам л ихийг хийх хүсэлд автагдаж, тэр нь бүтэхгүй бол бачимдаж, бухимдана.
Таван жилийн өмнө би шинэхэн ажилчин нэртэй, өдөр тутмын ажлаасаа өндийж эс чадсан нэгэн байж. Бас болоогүй хайр дурлал, кино шийд зав гаргадаг атлаа хоёрхон цагийн жолооны хичээлийг тасалж орхидог хэнэггүй нэгэн байлаа.
Харин өнөөдөр хоёр хүүхдийн ээж болчихсон, хоногийн 24 цаг үл хүрэлцэх их ажлын ард дараастай нэгэн. Тэгсэн атлаа тэр жолооны курсыг төгсөж, энэ хэлний курсэд суралцах их хүсэл өвөртлөөстэй. Заримдаа цаг хугацааг аргамжиж орхимоор... Залхуурч суусан, хэнэггүйтэж өнгөрөөсөн таван жилийнхээ хугацааг нэхэн авмаар санагдах...
Энэ л үед “Өөрийнхөө төлөө зүтгэдэггүй хүнийг тэнэг л хүн гэнэ биз дээ” гэх нэгэн эрхмийн үг санаанд бууж, толгой руу тонших шиг болдог. Ажиллаж хөдөлмөрлөж байна гэдэг сайхан зүйл.
Гэвч сурч боловсрох, амьдрал ахуйд хэрэглэгдэх зүйлдээ зав гаргаж өөрийнхөө төлөө зүтгэж сураарай. Эцсийн эцэст чи л хожно шүү дээ...
Сэтгэгдэл ( 0 )