Өвөр Монголын үндэсний бөхийн гарьд цолтон, нийгэмд тустай хандивын аян өрнүүлдгээрээ алдартай Цэрэндоржийн Мөнхдүүрэнтэй ярилцлаа.
-Сайн байна уу. Та аль нутгийнх вэ. Хэдэн жил барилдаж байна?
-Би Улаан хад хотын Ар хорчин хошуугаар нутагтай. Өвөр Монголынхоо монгол бөхийг барилдаж яваа жирийн нэгэн залуу. Багаасаа монгол бөхөд дурлаж, 18 наснаасаа эхэлж барилдсан. Одоо ес дэх жилдээ барилдаж байна.
-Гэр бүлээс тань өөр бөх төрж байсан уу, бөхийн удамтай юу...
-Манай нагацын удамд барилддаг хоёр хүн байсан. Манай аавын удамд бол бөх байгаагүй.
-Таныг амжилтад хүргэсэн багшийнхаа талаар танилцуулна уу?
-Манай багш Хятадын жүдо бөхийн зүтгэлтэн, залуудаа олон амжилтад хүрсэн Ар хорчин хошууны Жигмэдцэрэн. Багштайгаа 2011 онд танилцаж, одоог болтол багшийнхаа удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байгаа.
-Амжилтынхаа талаар сонирхуулаач?
-Амжилт гэвэл би монгол бөхөө барилдаж, цол олгох найраар гарьд цол хүртсэн.
-Таны өмссөн дээл монгол загвартай юм?
-Миний сэтгэлд бол бүх монголчууд нэг гэр бүл. Ар монгол, өвөр монгол гэж ялгахгүй. Монгол бөхчүүд наашаа солилцоо хийхээр орж ирвэл би сайхан ах нарыгаа гэж хүндэлж явдаг юм.
-Монголд очиж барилдаж байв уу?
-Ар Монголд очиж барилдаагүй л байна.
-Манай бөхчүүдээс хэн хэнтэй учраа таарч байв. Монгол бөхчүүд Өвөр Монголд олон ирж барилддаг болсон?
-Монгол Улсын аварга Н.Батсуурь, гарьд Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Б.Амарзаяа, Д.Анар, Э.Даш зэрэг бөхчүүдтэй барилдаж байсан.
-Манай монгол бөхчүүдийн барилдаан ямар санагдсан бэ?
-Монгол бөхчүүд бяр ихтэй байдаг. Манай Өвөр Монголын бөхчүүд тэдэн шиг олон баяр наадамд барилдвал бяртай болно.
-Таны хүндэтгэж явдаг монгол бөх хэн бэ?
-Би аварга Ч.Санжаадамбыг их хүндэтгэж явдаг. Өвөр Монголд гурван том барилдаанд ирээд гурвууланд нь түрүүлээд явсан, сайхан амжилттай аварга. Бид бүгдээрээ Ч.Санжаадамба аваргыг биширдэг.
Би аварга Ч.Санжаадамбыг их хүндэтгэж явдаг. Өвөр Монголд гурван том барилдаанд ирээд гурвууланд нь түрүүлээд явсан, сайхан амжилттай аварга. Бид бүгдээрээ Ч.Санжаадамба аваргыг биширдэг.
-Бэлтгэл сургуулилтаа хэрхэн хийдэг вэ?
-Манай бөхчүүд өвөл, хаврын бэлтгэл хийдэг. Бас Ар Монголд очиж, бэлтгэл хийж байгаа бөхчүүд бий. Танай бөхчүүдтэй солилцоо хийж, олон юм сурч байгаа.
-Өвөр Монгол бөхийн зодог, шуудаг Монголынхоос өөр. Бөхийн өмсгөлийнхөө тухай яривал?
-Манай Өвөр Монголд бөхийн олон төрөл бий. Хөлөн буйр, Ордос нутаг, баруун аймгаар гээд бүгд бөхийн өөр өөр төрөлтэй. Манай одоогийн бөхийн нэг төрөл нь гэхэд урьдын, Чингисийн үеийн бөөгөөс эхлэлтэй гэж үздэг. Өмсгөл нь үүнийг илэрхийлнэ. Өмсгөлүүд олон янз байгаа.
-Та хүүхдүүдэд туслах сайн үйлсийн аян хийдэг. Энэ талаараа тодруулж яриач?
-Монгол бөх барилдаж байгаа хүмүүс ард түмнийхээ тусаар амьдарч байгаа. Тэднийхээ тусаар шагнал олж байна. Ард түмэн найр хийхгүй бол монгол бөхчүүдийн амьдрал хэр түвшинд хүрэхийг мэдэхгүй. Би 2016 оны хавраас өөрийнхөө “Говийн наран” гэх сайхан газрыг байгууллаа. Манай сан хошууныхаа ядуу, өвчтэй, эцэг эх нь нас барсан хүүхдүүдэд тусалж, хайр халамж үзүүлэх хөдөлгөөн өрнүүлж байгаа. Хоёр хоногийн өмнө аймгийнхаа хүчний ажил хийж байгаа нэгэн гэр бүлийн ясны сүрьеэгээр өвдсөн 15 настай охинд тусаллаа. Гэрээс нь эмнэлгийн төлбөр төлөх хүмүүс байхгүй учир бид мөнгө цуглуулж түүнд явуулсан. Өчигдөр бас нэг хүүхдэд тусламж үзүүллээ. Гурван сарын өмнө аав нь элэгний өвчнөөр нас барж, гэрт нь цахилгаанаас болж гал гаран бүх юм нь сүйдсэн тэр айлд манайхан мөнгө цуглуулж өгсөн.
-Хандив тусламжийг хэрхэн цуглуулдаг вэ?
-Ганцхан хүн олон хүнд тусална гэдэг амаргүй. Интернет сүлжээ хөгжиж байгаа болохоор би live-аар дамжуулж, олон хүнийг уриалдаг. Монгол хүн монгол хүндээ хайртай байдаг болохоор ядарч зүдэрч яваа монгол үндэстэндээ хайр халамж үзүүлье гэж бодоод олон хүнийг цуглуулсан. Одоо миний бүлгэм 2000 гаруй хүнтэй болоод байна. Ямар нэгэн хөдөлгөөн өрнүүлье, арга хэмжээ зохион байгуулъя гэвэл тэр хүмүүс нэгддэг. Гэхдээ энэ 2000 гаруй хүн мөнгөтэй хүмүүс биш. Хөдөө амьдардаг хүмүүс. Хүчний ажил хийж яваа хүмүүс байдаг болохоор ядарч зүдэрч буй хүмүүсийг илүү ойлгоно. Тэд надаар чиг болгож, олон сайхан хөдөлгөөнийг өрнүүлж яваа.
-Таныг цахимаар дагаж, дэмждэг 2000 гаруй хүн ихэвчлэн аль насныхан байдаг вэ?
-Намайг дагаж, хүндэлдэг хүмүүс насны хувьд 20-60 насныхан байдаг. Би бүгдийг нь танихгүй ч live хийгээд мөнгө цуглуулдаг.
-Энэ зун ямар барилдаанд барилдах вэ?
-Өвөр Монголын зуны найр наадам олон. Танайхаар бол сумын наадам, аймгийн наадам, бас хувь хүн нутаг усандаа бороо хур хүсэж, ард иргэдээ баярлуулж олон сайхан найр наадам хийдэг. Нэг өдөр олон найр наадам болно. Зуны гурван сард бараг өдөр бүр найр наадам болдог.
-Таны малгайн тэмдэг, залаа их анхаарал татлаа...
-Малгайныхаа тэмдгийг Монгол Улсаас хийлгэж авчирсан. Залаа маань надад хоёр жил болж байна.
-Монголд очиж барилдах бодол байдаг л байх...
-Монголд очиж барилдах бодол бий. Бас очиж бэлтгэл хийхийг их хүсдэг. Ар Монголын бөхчүүд энд ирвэл би сайхан уулзаж танилцаад ярилцахыг хүсдэг.
-Өвлийн бэлтгэлээ хийж эхэлсэн үү?
-Өвлийн бэлтгэлээ энэ жил би өөр хотод хийж байгаа. Соёл, Оюунбат багшийн дор бэлтгэл хийж байгаа хүмүүс хавар хөдөө бууна. Адуу малтай ноцолдоно. Айлаар сайхан идээ ундаа идээд, өдөртөө бэлтгэл хийгээд явна. Өвлийн бэлтгэл арван нэгдүгээр сараас эхэлсэн. Цагаан сарын өмнө дуусна. Цагаан сараар Хөлөн буйрд том барилдаан болно.
-Монгол Улсын бөхчүүдээс барилдаж үзэх юмсан гэж боддог бөх тань хэн бэ?
-Монголоос харцага О.Хангайтай л нэг барилдмаар санагддаг. О.Хангай Өвөр Монголд хоёр удаа ирсэн. Нэг сайхан найрын түрүүг авч, Өвөр Монголын их аварга Баярбаатар, бас Гэгээрэх нарт унасан.
-Таны дархан мэх юу вэ?
-Залуу бөх болохоор өөрийн биед тохирсон дархан мэх гэж байхгүй л байна. Хэдэн жилээс дархан мэхтэй болно байх /инээв/.
-Таны ирээдүйн зорилгыг сонирхъё...
-Миний зорилго бол монгол бөхөө сайхан барилдаад, Монголынхоо соёлыг олон хүмүүст таниулах. Өөрөө монгол бөхөө барилдаж яваа энэ цагтаа олон хүнийг таньж мэдэж, олон хүнтэй найзалж нөхөрлөхийг хүсэж байна.
-Барилдахаас гадна юу хийдэг вэ?
-Надад ажил байхгүй. Монгол бөхөө л барилдаж явна. Үүнийгээ л ажил, мэргэжлээ болгоод явж байгаа.
-Өвөр Монголд бөхийн спорт хэр хөгжиж байна?
-Дундад улс /Хятад/ бол том улс. Өвөр Монголдоо бид монгол бөхөө барилдаж яваа ч Өвөр Монголоосоо гарвал бид нарыг таних хүн байхгүй. Барилдаж эхэлснээсээ хойш харахад монгол бөх их хөгжиж байгаа. Монгол бөхийг анхаардаг хүмүүс олон болж. Ер нь бол монгол сувгаар монгол бөхийн тухай олон зүйлийг мэдээлж байгаа. Цахим сүлжээгээр дамжуулаад нийгэмд нэн сайхнаар хүргэж байна. Бас бөхчүүд бүгдээрээ нэгдэж, нэг чигтэй болно гэж бодож байна. Одоо манайд монгол бөх барилдаж байгаа залуус олон байгаа ч идэвхтэй бэлтгэл сургуулилт хийж байгаа нь цөөн. Манайд бол ажлын чөлөөгөөр бэлтгэл хийдэг. Танайх шиг улсын цолд хүрвэл өндөр хангамжтай болно гэсэн юм байхгүй. Ар гэрийн амьдралаа зохицуулаад л бэлтгэл хийнэ.
-Өвөр Монгол бөхчүүдийн ёс жаяг болон бие бялдрын талаар яриач?
-Манай энд шинэ гарч ирж байгаа бөхчүүд нь хуучин бөхчүүдийнхээ багш нь байна. Бие бялдрын хувьд бөхчүүд 175-180 см-ийн дотор, тэгшхэн биетэй байсан бол одоо том нь том, бага нь бага болсон. Дээр үеийн бөхчүүд бэлтгэл сургуулилт хийсэн нь л сайн байсан. Малчин хүмүүс ч барилддаг байсан бол одоо больсон. Тэд яаж ч барилдаад бэлтгэл сургуулилт хийдэг хүмүүсийг дийлэхгүй. Дээхэн үеийн бөхчүүд одоо байсан бол өрсөлдөөн их байх байсан.
-Монгол бөх аль нутгаар илүү хөгжсөн байдаг вэ?
-Ер нь бол бөхийн өлгий Шилийн гол гэж ярьдаг. Бас хоёр Үзэмчин хошуу монгол бөхийг орхиогүй. Олон сайхан бөхчүүд төрдөг. Манай Улаан хад бөхийг ойлгох талаар Шилийн голоос дутуу байсан бол одоо сайхан бөхчүүд гарч ирээд Шилийн гол аймгийн бөхчүүдтэй барилдаж байна.
-Зурагтаар харж байхад Өвөр Монгол бөхөд гар нь газарт шүргэсэн л бол унасанд тооцож байгаа харагдсан...
-Манайд гар юм уу өвдөг газарт хүрээд л унасанд тооцно. Өөр олон дүрэм бий. Сар гаруйн өмнө Монгол бөхийн нийгэмлэг хурал хийсэн. Энэ хурлаар цол олгох талаар ярьсан, бас дараа жилийн долоодугаар сараас Өвөр Монголын бөхийн дүрмийг цэгцэлнэ. Одоо бол аймаг бүр өөр өөр бөхийн дүрэмтэй байгаа. Нэг газар очоод барилдахад тэр газрын дүрмийг мөрдөхгүй бол болохгүй. Ар Монгол шиг бөхийн нэгдсэн дүрэм байхгүй.
Сэтгэгдэл ( 10 )
сайхан залуу бнаа амжилт хүсье аварга болоорой \n\n\n
Ёстой мундаг залуу бна амжилт аварга болоорой дүү
Estoi saihan zuil hiideg saihan ch zaluu um Avarga bolooroi minii duu
Za avargad bolj bidniigee bayrluuldag ym shuu. Kkk
niigemiin telee ajilladag chini behiin chini hiimoriig zeb dyydna zaluu mini zeb sydraga yabaad chini bayar hyrgye!
Мөн шүү . Тэр бөх .. хятадаар ярихгүй гээд ..
Тэгшхэн сайхан зөв бодолтой мундаг залуу бна удахгүй цолоо ахиулаарай
Сайн үйлсийн аян өрнүүлж, бараг бүх орлогоо хүүхдүүдэд зориулдаг юм гэсэн.
тэр залуу мбөн бол ёстой мундаг.
Нөгөө хятадын сурвалжлагчдад ”хятадаар ярихгүй” гэж хэлдэг залуу байна.