ОЛОН ӨНГӨ: Энэ өвөл сэтгэл минь даарахгүй

Админ | Zindaa.mn
2019 оны 11 сарын 22

1. Өнгөрсөн зун буюу өнөөдрөөс дөрвөн сарын өмнө ууланд амьдардаг өвөөтэй уулзахаар очсон юм. Манай сурвалжлах баг өвөөд боов, чихэр, ус ундаанаас гадна уран зохиолын ном авахаа ч мартсангүй. Машинаа уулын хормойд тавьчихаад дээш алхаж байснаа санахаар одоо жаахан цуцаж байна гээч. Учир нь өвөөгийн амьдардаг хэсэг нэлээд оргилд ажээ. Уулын энгэрээ дагаад түүний алхдаг хэсгээр жим гарсан байлаа. Бид урилгагүй зочин гэдгээ мэдэж байсан болохоор жаахан санаа зовж байв. Гэсэн ч нэгэнт л зорьж ирсэн болохоор түүний унтдаг хадтай хэсэгт очин мэнд мэдсэнээр энэ бүхэн эхэлсэн. Анхандаа өвөө биднээс сэрэмжилж, мэл гайхаж цэл хөхөрч байлаа. Аргагүй л  дээ, өмнө нь хүмүүс түүний хажуугаар өнгөрч байсан уу гэхээс, зорьж ирж байсан тохиолдол үгүй биз. Гэхдээ цагдаа нар түүнийг зорьж ирсэн болохыг өвөө бидэнд ярьсан. Тэр ярихдаа ихэд болгоомжилж байснаас үзвэл, түүнийг дээрэлхсэн ч байж мэднэ. Харин бид түүнд “Юунаас ч битгий айгаарай” гэж баатарлагаар хэлж билээ. Сурвалжилгаа авч дуусаад явахдаа бөөн бодолд автсан. Гэхдээ тэглээ гээд ирээд хамт амьдарч чадахгүй учир, сурвалжилгаа сайн бичих нь миний хийж чадах гол зүйл байлаа.

2. Л.Рэнцэндорж өвөөгийн талаар сурвалжилга гарсны дараа түүнд туслах хүсэлтэй ганц нэг хүмүүс холбогдсон гээч. Би үүнийг л хүлээж байсан. Энэ бол миний сурвалжилга хийсний гол зорилго. Ингээд түүнд туслах хүсэлтэй Дүгэрсүрэн ах, Эрдэнэбулаг эгч хоёр манай ажил дээр ирснээр бид шууд л өвөө дээр явж очсон юм. Биднийг очиход өвөө өмнө нь сурвалжилга хийхдээ авч очсон “Барбарис” чихрийг хүлхчихсэн сууж байсан нь одоо ч санаанд тод. Ингээд бид түүнийг нь гэр оронтой болгохыг хүсэж байгаагаа хэлсэн. Тэгтэл тэр “Бодож үзэх хэрэгтэй” гэж их л нухацтай хэлж билээ. Би бодохдоо түүнийг шууд л зөвшөөрнө гэж санасан. Гэхдээ олон жил ганцаараа амьдарсан болохоор олны дунд орохоос айж, эмээх нь мэдээж. Түүнд хугацаа хэрэгтэйг ойлгосон. Хоёр дахь уулзалтын дараа бороо орох бүрд өвөөд санаа зовно. Ядах нь аа, өнгөрсөн зун усархаг бороо их орсныг яана. Анхны цас ордог өдөр ажлынхаа цонхоор уулын зүг ширтэж нэг их санааширсан даа. 

3. Гадаа хасах хэмтэй хүйтэн өдрүүд үргэлжилж байна. Гэхдээ сэтгэл минь дулаахан байгааг хэлэх хэрэгтэй. Учир нь ууланд амьдардаг өвөө хүйтэн орохоос өмнө гэртээ орж амжсан юм. Түүний тухай эхний сурвалжилга гунигтай мэт байсан бол хоёр дахь нь миний бичиж байсан хамгийн гэгээлэг сурвалжилга болж чадсан. Учир нь ууланд есөн жил амьдарсан тэрээр одоо дулаахан гэртээ, тайван амар байгаа гэж санах тоолонд сэтгэл дүүрч байна. Ихэнх хүмүүс бусдад туслах сэтгэлтэй байдаг ч завгүй амьдралын хэмнэлээс болж төдийлөн чаддаггүй. Харин миний хувьд хэдий завгүй ажилтай ч ажлаа хийнгээ бусдад туслах боломж байгаа нь аз шүү. Хэн нэгэнд би тус нэмэр болж чадаж байгааг мэдрэх нь хамгийн гоё мэдрэмжүүдийн нэг биш гэж үү.

Энэ өвөл сэтгэл минь даарахгүй...

А.Азжаргал

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
123(119.40.98.177) 2020 оны 02 сарын 27

Сайхан сэтгэлтэй сайн охин байна. Буян заяа нь дэлгэрч яваг.

1  |  0
Hen negen(66.181.161.27) 2020 оны 02 сарын 27

Зорилготой хөөрхөн охин байна. Амжилт хүсье.

1  |  0
Zochin(66.181.176.71) 2020 оны 02 сарын 27

Mundag busguid talarhaj baina unheer mundag bna buyantai saihan busguid ajild ni amjilt amidrald ni sain saihan buhniig husey saihan niitlel unshlaa bayarlalaa

3  |  0
. (176.41.154.184) 2020 оны 02 сарын 27

Yagaad iim olon jil uuland amidarsan hvn be

1  |  0
Наран(103.9.90.130) 2020 оны 02 сарын 27

Буян нь будаа шиг үржиг.Сайн үйлс дэлгэрэг. Ийм халуун сэтгэлээр хандсан ажил жинхэнэ ажил болдог.Амжилт хүсье. Сайн охин.

5  |  0
Top