Миний охиныг Сувд-Эрдэнэ гэдэг, одоо гурван настай. Улсын нэгдүгээр төрөх буюу “Өргөө” амаржих газарт 2016 оны долоодугаар сарын 6-ны өдөр төрсөн. Яагаад ч юм тэр өдөр төрөх хувь заяатай хүүхэд шиг өөрөөрөө төрөх боломжгүй учир хагалгаагаар төрсөн юм. Тэр өдөр бурхан багшийн мэндэлсэн өдөр байсныг сүүлд би мэдсэн. Ээж хүн болохын жаргал, мөн хэцүү бүхнийг тэр л үед ойлгосон юм даа. Тэр энхрий зөөлхөн гар, жижигхэн биеийг хараад дотроо нэг л итгэж чадахгүй байсан сан. Учир нь тэр үед 19-хөн настай залуу төрсөн ээжүүдийн нэг байлаа. Бараг л хүүхдээрээ ээж боллоо гэж эмч нарт зэмлүүлэх нь холгүй байсан шүү. Нэг л зүйлийг ээж, эх хүн болоод ойлгосон. Өөрөө өвдсөн ч өвдөөгүй мэт, зовсон байлаа ч зовоогүй байхыг охин минь надад ухааруулж дээ. Хүн бүхэнд яг л минийхтэй ойролцоо мэдрэмж төрсөн байх. Тэр бяцхан охиныг л харж би өвдсөн ч өвдсөнөө мартаж, зовсон ч зовсноо мартаж чаддаг. Бурхны илч шиг сахиусан тэнгэрийг бурхан надад бэлэглэсэн юм даа. Түүний төлөө би өвдөх эрхгүй, түүнийхээ төлөө би зовох эрхгүй ээж хүн.
Өрөвдүүлэх биш хүчтэй байхыг
Өвдөх биш эрүүл байхыг
Шантрах биш зоригтой байхыг
Шургаж биш үнэн байхыг охин минь надад ухааруулж дээ. Ээж, эх хүн байхын жаргал үрээ гэсэн сэтгэлд бий.
Э.Энэрэл
Сэтгэгдэл ( 1 )
Saihan dursam, am”draliin jam yum daa...Az jargaliig husie!