Өвөрхангайчууд Уянга сумынхаа ГАЗАР НУТГИЙГ 30 ЖИЛ сэндийчүүлжээ

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 11 сарын 23

Монгол эх орноо нар зөв тойрон өртөөлж байгаа "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлэг өчигдөр /2019.11.22/ 14 дэх аймагтаа үргэлжиллээ. Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод болсон уг хэлэлцүүлгийг хариуцлагатай уул уурхайн төлөө, байгаль эхээ хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга", “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” зэрэг төрийн бус байгууллага хамтран зохион байгуулав.

Энэ удаагийн үндэсний хэлэлцүүлэгт Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд тэргүүтэй албаныхан болон гурван сумын иргэдийн төлөөлөл оролцож, хариуцлагатай уул уурхайн төлөө үзэл бодлоо илэрхийлсэн бол зохион байгуулагчдын зүгээс Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор, Монгол Улсын маркшейдерийн зөвлөх инженер Д.Гэрэлгуа, “Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа нар оролцож, үндсэн илтгэлийг тавилаа. 

УЯНГА СУМАНД ЗУРГААН АЖ АХУЙН НЭГЖ АШИГЛАЛТЫН НАЙМАН ЛИЦЕНЗ ЭЗЭМШИЖ БАЙНА 

Одоогоос 30 жилийн тэртээ таван хошуу мал нь таавараа бэлчиж, хүн малын жаргалын орон байсан Өвөрхангай аймгийн Уянга сумын газар нутаг алтны уул уурхайчдын гарт үрэгдэж, танигдахын аргагүй болтлоо өөрчлөгджээ. Хэдхэн жилийн өмнө тус суманд хаа сайгүй эрэг ганга, овоолго шороо, ухсан нүх л байж. Харин сүүлийн хоёр, гурван жилд сумын зүгээс хариуцлагагүй уул уурхайтай тууштай тэмцсэний үр дүнд үлдсэн газар нутгаа онгон дагшнаар нь авч үлдэж чаджээ. Түүнчлэн тухайн нутаг дэвсгэрт ашиглалтын лиценз эзэмшдэг аж ахуйн нэгжүүд ч нийгмийн хариуцлагынхаа хүрээнд биологийн болон техникийн нөхөн сэргээлтийг хийдэг болсон байна.

Өвөрхангай аймагт уул уурхайн хөгжил бусад аймгаа бодоход бага. Өөрөөр хэлбэл, аймгийнхаа ихэнх газар нутагт уул уурхайн "савар"-ыг хүргээгүй юм. Гэхдээ энд Уянга сумыг тооцохгүйгээр шүү. Гагцхүү Өвөрхангай аймгийн Уянга суманд зургаан аж ахуйн нэгж найман лиценз эзэмшиж байна. Түүнээс бусад суманд уул уурхайн нэг ч лиценз байхгүй уул уурхайн салбараас ангид ганц аймаг гэж хэлж болно.

Үндэсний хэлэлцүүлгийн үеэр Уянга сумын Засаг дарга "Манай суманд хайгуулын лиценз эзэмшдэг таван аж ахуйн нэгж бий. Тэдний зарим нь хуурамчаар бичиг баримт бүрдүүлж лицензийн эрх авсан байдаг. Тэр лицензийг цуцлуулах тал дээр нутгийн иргэд олон удаа тэмцсэн. Гэхдээ өнөөг хүртэл ямар ч үр дүнд хүрээгүй. Энэ хэлэлцүүлгээр дамжуулж, тэр хууль зөрчиж авсан лицензийг цуцалж өгөхийг хүсэж байна" хэмээн ярилаа. 

Түүнчлэн "Сүүлийн хэдэн жил хур бороо ихтэй байсан болохоор тасарсан гол байхгүй. Одоогоор байгаль эх сүйдсэн хохирлын хэмжээг тогтоогоогүй. Сүүлийн хэдэн жил нөхөн сэргээлтийг тодорхой хэмжээнд хийж байна. Нэг үеэ бодоход уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нөхөн сэргээлтийг тогтмол хийх болсон. Энэ бол бидний хувьд том ахиц юм" гэв.

Г.ГАНБОЛД: ӨВӨРХАНГАЙ БОЛ УУЛ УУРХАЙН ГАШУУН СУРГАМЖТАЙ АЙМАГ

Тэгвэл Өвөрхангай аймагт уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл, байдлын талаарх товч мэдээллийг Засаг дарга Г.Ганболд өгсөн. Тэрбээр "Өвөрхангай аймгийн хувьд уул уурхай харьцангуй хөгжөөгүй. Улсын хэмжээнд бусад аймгийн лиценз эзэмшиж байгаа тоо өндөр байдаг. Харин манай аймгийн газар нутгийн ихэнх нь ухагдаагүй. Өнөөдрийн байдлаар Өвөрхангай аймагт орон нутгийн өмчит нүүрсний нэг уурхай байна. Таван аймгийн хэрэгцээг хангадаг. Түүнээс гадна ашиглалтын лицензтэй үйл ажиллагаа явуулж байгаа таван аж ахуйн нэгж бий. Багахан хэмжээгээр үйл ажиллагаа явуулдаг. Бүгд Уянга суманд байдаг. Бид өмнө нь уул уурхайн гашуун сургамж авсан. Уянга аймагт үйл ажиллагаа явуулдаг байсан алтны орд газрыг түшиглэсэн "Эрэл" компани байлаа. Энэ уурхайн эвдэлсэн газар их. Үндсэндээ Уянга сум 30 жил газар нутгаа ухуулж, сэндийчүүлсэн. Маш олон аж ахуйн нэгж "Эрэл" компанийн ашиглаж байсан газрыг олон дахин ашигласан байдаг" хэмээн онцоллоо.

Үргэлжлүүлэн "Аймгийн зүгээс цаашид бичил уурхай эрхлүүлэх эсэх асуудалд шийдвэр гаргасан. Засаг даргаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулсан. Энэ чиглэлээр тодорхой хэмжээний ажлыг өрнүүлсэн. Бичил уурхайн чиглэлээр өнгөрсөн жил Хайрхандулаан сумын нутагт ажлын зохиосон. Мөн цөлжилтийн эсрэг олон ажлыг зохион байгуулсан. Нөхөрлөлүүд нь өнгөрсөн сард нөхөн сэргээлтээ хийгээд дууссан. Өнөөдөр аймгийн хэмжээнд уул уурхайг дэмжихгүй, хариуцлагатай уул уурхайг эрхэмлэх болно" гэж хэлэлцүүлгийн төгсгөлд байр сууриа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.78.75) 2019 оны 11 сарын 28

Уяангынхан өөрсдөө нутгаа там болгоод баяжичгаасан шүү дээ.

0  |  0
zochin(73.51.245.247) 2019 оны 11 сарын 24

Ereliin hogoon Erdenebat yg burxan gesgeene dee mon xobdogiin gai xamart Ochirbat 2oos nexdee

0  |  0
zochin(73.51.245.247) 2019 оны 11 сарын 24

Ereliin hogoon Erdenebat yg burxan gesgeene dee mon xobdogiin gai xamart Ochirbat 2oos nexdee

0  |  0
Zochin (202.179.26.119) 2019 оны 11 сарын 23

Ta nart yu naaldav! Baina uu! Odoo bolooshde temtseh heregtei oorsdodoo ur huuheddee yu uldeehiin gazar nutag n yadahdaa butneeree baig

0  |  0
Zochln(220.171.3.158) 2019 оны 11 сарын 23

Ochirbatiin blah\n

0  |  0
Уугуул Монгол(202.179.25.98) 2019 оны 11 сарын 23

Хужаагийн эрлийз Очирбатын АлТ хөтөлбөрийн хор уршиг. Түүнд ялын дээд хэмжээ өгөх хэрэгтэй. Түүний охин олон газын лициензийг авч уул ус бузарласан. Их эзний нутагт хүртэл газар ухан гадныханд худалдсан ялтай.

0  |  1
Top