Увс аймгийн нутаг дэвсгэрт 1940-өөд оноос ашигт малтмалын судалгаа, хайгуулыг хийж эхэлсэн гэдэг. Харин 1990-ээд оны эхэн үе хүртэл 400 гаруй орд, илрэлийг нээж, таамаг нөөц тогтоожээ. Үүнээс 70 орчмыг нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой, ирээдүйтэй орд байж болох дүгнэлт гаргасан байдаг. Эндээс Увс аймаг нь газрын хэвлийн үүцээ бүрэн нээгээгүй, геологийн шинжлэх ухаан талаасаа эрэн судлах, ашигт малтмалын нөөцийг нэмэх стратегийн орд бий болгох асар их ирээдүйтэй бүс нутаг болох нь харагдаж байна.
Гэхдээ өнөөдрийн байдлаар Увс аймагт 117 аж ахуйн нэгжийн 131 тусгай зөвшөөрөл байна. Энэ нь аймгийн нийт нутаг дэвсгэрийн 5.7 хувь буюу 400.2 мянган га талбайг хамарч байгаа аж. Харин ашиглалтын тусгай зөвшөөрөл 39-ийг олгожээ. Тодруулбал, нүүрсний 16, алтны 13, давсны дөрөв, төмрийн хүдрийн дөрөв, зэсийн нэг, газрын ховор металлын нэг зөвшөөрлийг 25 аж ахуйн нэгжид олгосон байна.
Тэгвэл эзэн Чингис хааны өлгийн нутаг болох Хэнтий аймгаас эхлүүлсэн "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлэг өнөөдөр /2019.11.28/ 19 дэх аймагтаа өртөөллөө. Увс аймгийн Улаангом хотод болсон уг хэлэлцүүлгийг хариуцлагатай уул уурхайн төлөө, байгаль эхээ хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга", “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” зэрэг төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн үндэсний хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор, Монгол Улсын маркшейдерийн зөвлөх инженер Д.Гэрэлгуа, “Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа нар тавилаа.
Д.БАТСАЙХАН: КАЗАХСТАНЫ ЭЗЭМШДЭГ ТӨМРИЙН ХҮДРИЙН УУРХАЙГ ЗОГСООХ ШААРДЛАГАТАЙ
Үндэсний хэлэлцүүлгийн эхэнд Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан аймгийнхаа уул уурхайн салбарын өнөөгийн байдал, бодлого хэрэгжилт, шийдвэрлэх шаардлагатай алхмын талаарх товч мэдээллийг өгөхдөө онцолсон юм.
Тэрбээр "Увс аймагт уул уурхайн салбарын бодлого бол чухал асуудлын нэг. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан хоёр чухал бичиг, баримт байдаг. Өөрөөр хэлбэл, аймгийн хөгжлийн стратеги төлөвлөгөө гэж 2008-2021 онд хэрэгжүүлэх баримт бичиг, аймгийн Засаг даргын 2016-2020 онд хийх үйл ажиллагааны хөтөлбөр гэсэн хоёр чухал баримт бичиг бий. Эхний баримт, бичигт хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, ил тод санаачилгатай байдлыг дэвшүүлэх, аймгийн зарим нутагт тодорхой түвшний ашигт малтмалын геологийн ажлыг нэмэх, нарийвчилсан хайгуулыг явуулах гэсэн асуудлыг тусгасан байдаг. Мөн Увс аймгийн хэтийн зорилгод хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийг тусгасан. Харин 2016-2020 оны Увс аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт зайлшгүй хэрэгцээтэй байгаа уурхайг бодлогоор дэмжих, тэр нь эдийн засагт болон ахуйн амьдралд хэрэгцээтэй байдаг нүүрсний уурхайнууд юм" хэмээн онцоллоо.
Увс аймагт өнөөдөр нүүрсний гурван уурхай үйл ажиллагаа явуулж байна. Тодруулбал, Хар тарвагатайн нүүрсний уурхай, Хотгорын нүүрсний уурхай, Эрчим Баян-Өлгий нүүрсний уурхай орон нутгийн чанартай олборлолт явуулж байгаа аж. Эндээс Хотгор болон Эрчим Баян-Өлгий нүүрсний уурхай нь 100 хувь Баян-Өлгий аймгийг нүүрсээр хангадаг бол Хар тарвагатайн нүүрсний уурхай нь Ховд, Увс аймгийг нүүрсээр хангаж байна. Үүнээс гадна Казахстаны иргэний эзэмшдэг Төмрийн хүдрийн уурхай Наранбулаг суманд байдаг талаар аймгийн Засаг дарга Д.Батсайхан ярилаа.
Тэрбээр "Төмрийн хүдрийн уурхай нь 2007 онд хайгуулын лицензээ авсан. Түүнээс хойш 2017 онд 50 мянган тонн төмрийн хүдрийг урагш гаргаж, Гангын үйлдвэрт нийлүүлсэн байдаг. Энэ асуудалд Ажлын хэсэг гаргаж, өнгөрсөн гуравдугаар сард зориулалтын бус гэх шалтгаанаар ажлыг нь зогсоочихсон байна. Харин аравдугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлж, ачилт хийж байгаа юм билээ. Цаашид энэ уурхайг зогсоох шаардлагатай гэж үзэж байна" гэв.
Түүнчлэн Наранбулаг сумын Засаг дарга Ц.Загдсамбар "Манай суманд Казахстаны иргэний эзэмшдэг Төмрийн хүдрийн уурхай байдаг. Сум орон нутгийн зүгээс хуулийн хүрээнд шаардлага тавьж, уурхайгаас гурав, ард иргэдээс гурав, төрийн албан хаагчаас гурван хүн нийт есөн хүнээс бүрдсэн Ажлын хэсэг ажилладаг. Сүүлийн үед энэ уурхайгаар явахад бэрхшээл гардаг. Манай гурван сумыг дайрч, Ховд аймгаар дайрч бүтээгдэхүүнээ тээвэрлэдэг. Энэ үеэр бэлчээрт муугаар нөлөөлдөг" хэмээн нэмэлт мэдээлэл өгөв.
УУЛ УУРХАЙГ ДЭМЖИХГҮЙ, СУДАЛГААНЫ ХЭМЖЭЭНД ХӨГЖҮҮЛНЭ
Увс аймаг уул уурхайн салбарын бодлогыг судалгааны хэмжээнд хөгжүүлэх зорилт тавьжээ. Түүнээс уул уурхайг дэмжихгүй гэдгийг хэлэлцүүлгийн үеэр онцолж байлаа.
Энэ талаар аймгийн Засаг дарга Д.Батсайхан хэлэхдээ "Зарим нэг нь уул уурхайг хөгжүүлэхгүй байна гэж шүүмжилдэг. Увс аймгийн хувьд уул уурхайг хөгжүүлэхгүй байх хэд, хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, өнөөдрийн мөрдөж байгаа хууль, эрх зүйн орчин нь орон нутагт үр дүнгээ өгөхгүй байна. Хоёрдугаарт, Увс аймаг байгаль, экологийн эмзэг нутаг. Маш олон нуур, голтой. Жишээ нь, Увс нуур л гэхэд дэлхийн өвд бүртгэгдсэн. Монгол орны бүх усны шувуу Увс нуураар дайрч, нутагладаг байх жишээний. Тиймээс уул уурхайн хөгжлийг ярихад эрт байна гэж үздэг. Гуравдугаарт, уул уурхайг хөгжүүлэх дэд бүтэц байхгүй. Энэ ч утгаараа уул уурхайг бодлогоор хөгжүүлэх боломжгүй" хэмээн мэдээллийнхээ төгсгөлд тодотголоо.
Дээрх гурван шалтгаанаас болж Увс аймгийнхан уул уурхайн салбарыг дэмжихгүй, зөвхөн судалгааны хэмжээнд хөгжүүлэх боломжтой гэдэг дүгнэлтэд хүрсэн байна. Үүнийгээ ч аймгийн Засаг дарга нь үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө тусгаж, аймгийнхаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулжээ.
УВСЫН ДӨРВӨН СУМАНД ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОГЧДЫН ТОО ӨСЖЭЭ
"Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлгийн үеэр хөндөгдсөн гол асуудал бол хууль бус уул уурхай юм. Ялангуяа хууль бусаар алт олборлогчдын тоо жилээс жилд өсөж байгаа талаар орон нутгийнхан ярьж байна.
Тухайлбал, Увс аймгийн Тариалан, Өмнөговь, Түргэн, Хяргас сумдын нутагт хууль бусаар алт олборлогч иргэдийн тоо нэмэгджээ. Энэ жил л гэхэд энэ тоо 600-г хол давсан байна. Хэдийгээр дээрх үйл ажиллагаа нь хууль бус гэдгийг хүн бүр ойлгож байгаа ч нөгөө талаасаа иргэд ажлын байргүй байгаа нь түлхэц болдог гэдгийг хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн иргэдийн төлөөлөл ярьж байна.
Харин иргэдийг ажлын байраар хангах, эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгаж өгчээ. Тиймдээ ч газрын нөхөн сэргээлт хийх нэрийдлээр хууль бусаар алт угаах, олборлох ажиллагаа явуулах техникжсэн бүлэг, аж ахуйн нэгжүүд ирж, дур мэдэн дайрах явдал Увс аймагт 2017-2018 онд гарчээ. Үүнийг хууль, хяналтын байгууллагатай хамтран удаа дараа шалгаж, албадан нүүлгэсэн байна.
Энэ хугацаанд Улаангом, Тариалан, Өмнөговь, Түргэн, Давст, Хяргас зэрэг суманд иргэдийн 40 шахам нөхөрлөлийг байгуулжээ. Эдгээр нөхөрлөлд 400 гаруй хүнийг гишүүнээр бүртгэж, цахимжуулах ажлыг хийжээ. Энэ нь ажиллах газрын асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд нөхөрлөлүүдийг албажуулж, гэрээ байгуулан ажиллуулах нэг алхам урагшилсан гэдгийг аймгийн зүгээс тодотгож байлаа.
Т.ЦЭРЭННАДМИД: АРВАН СУМЫН 389.4 ГА ГАЗАР ЭВДЭРЧ, ОРХИГДСОН
Хууль бус ашигт малтмал олборлолтын улмаас эзэнгүй орхигдож, хөндөгдсөн газрын тооллого, судалгааг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсэг хийжээ. Энэ талаар аймгийн Байгаль орчны үнэлгээ, ул уурхай хариуцсан мэргэжилтэн Т.Цэрэннадмид "Увс аймагт хөндөгдсөн газрын тооллогыг 2018 онд хийсэн. Нийт 10 сумыг хамарсан 389.4 га газар эвдэрч, орхигдсон нь тогтоогдсон. Аж ахуйн нэгж, нөхөрлөлийн хүчээр 2017 онд есөн га, 2018 онд 42.8 га, 2019 онд 47,9 га талбайд нөхөн сэргээлтийг хийсэн. Нийт 100 гаруй сая төгрөгөөр нөхөн сэргээлт хийгээд байна" гэх мэдээллийг өглөө.
Харин аймгийн мэргэжлийн хяналтаас "Тусгай хэрэгцээнд авсан нэг ч газар байхгүй. Ашигт малтмалын газраас дүгнэлт аваад ажилласан нэг ч бичил уурхайчин байхгүй" гэсэн бол Увс аймгийн Бичил уурхайчдын холбооны тэргүүн Н.Цэцэг "Тусгай хэрэгцээний газар авах хүсэлт олон удаа тавьсан. Одоо хэр нь шийдэгддэггүй. Бидний ард 400-800 хүн амьдралаа залгуулдаг. Бид Тариалан суманд аман гэрээгээр ажилладаг. Холбоог байгуулаад хоёр жил болж байна. Энэ хугацаанд өнгөрсөн онд 10 га газарт нөхөн сэргээлт хийсэн. Харин энэ онд 19.6 га газарт нөхөн сэргээлт хийж, хүлээлгэж өгөхөд бэлэн болчихсон байна. Холбоо дан ганц ашигт малтмал олборлоход чиглээгүй. Өөр ажлын байр хаана байгааг эрэлхийлж, хайж байна. Өнгөрсөн хугацаанд 10 хүнийг өөр ажлын байранд зуучилж өгсөн" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 0 )