Эзэн Чингис хааны өлгий нутгаас эхлүүлсэн "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлэг 21 аймгаар өртөөлж, өнгөрсөн баасан гарагт хоймор нутагт өндөрлөлөө. Хариуцлагатай уул уурхайн төлөө, байгаль эхээ хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга", “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” зэрэг төрийн бус байгууллага хамтран зохион байгууллаа.
Хамгийн сүүлчийн аймаг болох Хөвсгөлийн Мөрөн хотод болсон үндэсний хэлэлцүүлэгт тус аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Ган-Очир тэргүүтэй албаныхан болон нутгийн иргэд оролцсон бол үндсэн илтгэлийг Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор, Монгол Улсын маркшейдерийн зөвлөх инженер Д.Гэрэлгуа, “Босоо хөх Монгол” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа нар тавьсан юм.
ХӨВСГӨЛЧҮҮД УРТ ХУГАЦААНЫ "ХӨГЖСӨН ХӨВСГӨЛ" БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
Хөвсгөл аймаг нь хүний хөгжлийг дээдэлсэн, үндэсний өв соёлоо хадгалсан, ногоон эдийн засаг, үйлдвэрлэл бүхий инновацыг дэмжсэн Монгол Улсын аялал жуулчлалын тулгуур төв болох зорилго тавьжээ. Энэхүү зорилгоо биелүүлэхийн тулд "Хөгжсөн Хөвсгөл" урт хугацааны бодлогын баримт бичгийг хэрэгжүүлж байна. Тэд алсын хараагаа хүрээлэн буй орчиндоо ээлтэй, хүнлэг, оюунлаг иргэдтэй, жаргалтай гэр бүлтэй "Хөгжсөн Хөвсгөл" гэж тодорхойлсон байна. Энэ талаар Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Ган-Очир "Манай Хөвсгөл аймаг 2030 он хүртэл хөгжлийнхөө бодлого, төлөвлөлтийг тодорхойлсон. Урт хугацааны болон дунд хугацааны бодлогын бичиг, баримтаа баталсан. Жил бүр эдийн засаг, нийгмээ хөгжүүлэх үндсэн чиглэлээ тодорхойлж ажилладаг" хэмээн ярилаа.
Тэгвэл арван жилийн өмнө Хөвсгөл аймагт уул уурхайн 270 тусгай зөвшөөрөл байжээ. Харин өнөөдөр тус аймагт ашиглалтын болон хайгуулын 25 лиценз байна. Тодруулбал, барилгын материалын долоо, нүүрсний зургаа, фосфоритын тав, хөнгөн цагааны хоёр, молибден вольфрамын нэг тусгай зөвшөөрөл байна. Өөрөөр хэлбэл, тэд уул уурхайгаас татгалзаж чадсаны үр дүнд арван жилийн хугацаанд тусгай зөвшөөрлийнхөө тоог хэд дахин багасгаж чаджээ. Дээрх 25 тусгай зөвшөөрлийг есөн суманд олгожээ. Өөрөөр хэлбэл, Түнэл суманд гурав, Алаг-Эрдэнэ суманд хоёр, Арбулаг суманд дөрөв, Цэцэрлэг суманд тав, Бүрэнтогтох суманд долоо, Цагаан нуур болон Мөрөн, Цагаан-Уул, Ренчинлхүмбэ зэрэг суманд тус бүр нэг лиценз байна.
Харин идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг хоёрхон аж ахуйн нэгж бий. Тодруулбал, "Могойн гол" болон "Жилчиг булгын Мон Ажнай" гэсэн хоёр компани тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа бол үлдсэн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогссон байна. Хэдийгээр хоёр компаниас бусад аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаггүй ч ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 21, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй дөрвөн аж ахуйн нэгж Хөвсгөл аймагт бүртгэлтэй байдаг байна.
ХАЙГУУЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХЫГ 2025 ОН ХҮРТЭЛ ХОРИГЛОЖЭЭ
Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Ган-Очир "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлэгт Хөвсгөл аймгийн уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлын талаарх мэдээллийг өгсөн юм. Харин газар нутгийнхаа хэмжээгээр улсын хэмжээнд зургаад ордог аймаг юм. Харин бусад аймгаас улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар нутгийнхаа хэмжээгээрээ ялгаатай.
Энэ талаар Х.Ган-Очир дарга ярихдаа "Анх 2009 оны зургаадугаар сарын 1-нд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар 50 дугаар өргөргөөс хойш газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан. Мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон олборлолтын үйл ажиллагаа явуулахыг 25 жилээр хориглох шийдвэрийг 2014 оны тавдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаас гаргасан. Өөрөөр хэлбэл, 2025 он хүртэл хайгуулын үйл ажиллагааг хориглосон байдаг" гэв.
Хөвсгөл аймгийн 50 дугаар өргөргөөс урагш газар нутгийн хэмжээ нь 3.8 сая га. Энэхүү га газрыг 2018 оны зургаадугаар сарын 20-нд орон нутгийн тусгай хэрэгцээнд авчээ.
Аймгийн нийт газар нутгийн хэмжээ нь 10 сая 62 мянга 882 га талбай. Үүнээс орон нутгийн тусгай хэрэгцээнд зургаан сая 903 мянга 142 га газрыг авсан байна. Энэ нь нийт газар нутгийн 68.6 хувь аж. УИХ-ын 2019 оны тавдугаар сарын 2-ны өдрийн тогтоолоор Хөвсгөл аймгийн Булнай нуруу, Тэсийн голын эх орчмын 369630.89 га газар нутгийг байгалийн цогцолборт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авчээ.
Харин ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан газар 10.2 мянган га, хайгуулын тусгай зөвшөөрөл авсан газар 6.4 мянган га талбай аж. Өөрөөр хэлбэл, энэ нь 16.6 га талбай буюу аймгийн нийт газар нутгийн 0.2 хувийг эзэлдэг байна. Тэгвэл энэ онд "Хургатай хайрхан", "Эрэл" гэх хоёр аж ахуйн нэгжийн ашиглалтын тусгай зөвшөөрөл, "Дамсмондрилл" компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлуулж чадсан байна.
ЭВДРЭЛД ОРСОН ЗУРГААН СУМЫН 107.4 ГА ГАЗАР БАЙНА
Хөвсгөл аймгийн удирдлагууд өнгөрсөн онд эвдэрсэн газрын тооллогыг явуулжээ. Энэхүү тооллогоор уул уурхайн балгаар эвдрэлд орсон зургаан сумын 22 газар бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, нийт 107.4 га газар уул уурхайн улмаас эвдрэлд орж, хаягджээ. Тиймээс дээрх газарт нөхөн сэргээлт хийх ажлыг аймгийн зүгээс шат дараатай авч хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаар Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Ган-Очир ярилаа.
Тэрбээр “Хөвсгөл аймгийн газар нутгийн ихэнхийг улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаас өмнө уул уурхайн салбар амар, хялбар байгаагүй. Зарим сумын нутагт гар аргаар алт олборлож байсан. Үүний улмаас тодорхой хэмжээний газар нутаг эвдрэлд орж, хаягдсан байдаг. Нутгийн иргэд болон төрийн байгууллага уйгагүй ажиллаж, тухайн үед нь алт олборлолтыг зогсоосон. Хамгийн сүүлд 7000 орчим нинжа нарыг тарааж байлаа” хэмээн ярилаа.
ШИНЭЭР ЛИЦЕНЗ ОЛГОХЫГ ДЭМЖИХГҮЙ ГЭВ
Хөвсгөл аймгийн удирдлагууд уул уурхайн эсрэг цаашид авч хэрэгжүүлэх ажлынхаа жагсаалтыг гаргажээ. Энэ талаар Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Ган-Очир “Тусгай зөвшөөрөл аваад үйл ажиллаагаа явуулаагүй аж ахуйн нэгжүүдийн талаар холбогдох дээд шатны байгууллагад саналаа хүргүүлнэ. Аймгийн 50 дугаар өргөргөөс урагш орон нутгийн хэрэгцээнд авсан газар нутгийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын бүртгэлийн системд оруулж, баталгаажуулахаар ажиллаж байна. Цаашид манай аймгийн газар нутаг дээр шинээр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг дэмжихгүй” гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 1 )
ene gudamjnii hevtee bosson bulegleluudiig tagnuul tsagdaa shalgaj anhaarlaa sulruulj bolohgui shuu