Жижиг намууд идэвхжив

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 05

ХҮН: Сонгуулийн хуулийн шинэчлэл бол эрх баригчдын башир арга

Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/ УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар дамжуулан эрх баригчид өөртөө давуу байдал олгох уламжлалт башир аргаа хэрэглэж байна хэмээн шүүмжиллээ. Тус намын дарга Г.Найдалаа “Ард түмэн засгийн эрх мэдлийг хэрэгжүүлэх зарчмаас ухарч, гагцхүү өөрсдийн эрх мэдэлтэйгээ үлдэж байвал монголчуудын ирээдүй, хөгжил дэвшил хамаагүй мэт хүнийрхүү сэтгэлээр Сонгуулийн тухай хуульд хандахыг ХҮН эсэргүүцэж байна. Иймд дараах саналуудыг УИХ-д хүргүүлж байна" хэмээн мэдэгдэв. ХҮН-ын саналд:

-Төрийн авлигыг гааруулж, улсын төсөв, хөгжлийн бодлогыг жижиг тойргийн эрх ашигт захируулан тарамдуулдаг, Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон парламентат ёсыг устгаж буй өнөөгийн жижиг 76 тойргийн системийг хэрхэвч хэвээр нь үлдээж болохгүй. Харин хууль ёсонд нийцүүлэн тойргийг томсгосон, хувь тэнцүүлсэн сонгуулийн хэлбэрийг сонгон батлах;

-Өнөөдөр Монгол Улсын 250 мянган иргэн гадаадад ажиллаж, амьдарч байна. Иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийн баталгааг Үндсэн хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд аль болох бүрэн хангахын тулд гадаад улсуудад ажиллаж, амьдарч буй монголчуудыг УИХ-ын сонгуульд оролцох боломжоор хангах;

-Одоогийн сонгуулийн тогтолцооны улмаас бүрдээд байгаа “мөнгөний сонгууль” буюу хөрөнгө чинээгээр ялгаварласан, “төрөөс төрсөн тэрбумтнууд”, тэдгээрийн халаасны этгээдүүд сонгогддог бурангуй ёсыг халахын тулд сонгуулийн сурталчилгааны зардлыг бууруулахыг хуульд тусгах шаардлагатай байна. Нэр дэвшигчдэд нэг хэмжээний ижил самбар гаргаж өгөх, олон нийтийн радио телевизээр ижил хугацаан сурталчилгаа явуулах, сурталчилгааны зардлыг улсын төсвөөс бүрэн болон хэсэгчлэн санхүүжүүлэх зохицуулалтыг тусгах гэжээ.

* * *

МАХН: Бүх нийтийн жагсаал зохион байгуулна

МАХН-аас нийслэлийн авто зам ашигласны татвар нэмснийг эсэргүүцэж хэвлэлийн хурал хийв. МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар “Нийслэлийн ИТХ Нийслэлийн төсвийг хэлэлцэх явцдаа авто зам ашигласны төлбөрийг хувь хэмжээг тав дахин нэмэгдүүлсэн. Урьд нь 17 орчим тэрбум төгрөг төвлөрдөг байсныг 90 гаруй тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийн тогтоомжийг зөрчиж байна. Мөн татвар төлөгч болон аж ахуйн нэгж байгууллага, жирийн иргэдийн эрх ашгийг зөрчсөн үйлдлийг бид эсэргүүцэж байгаа. Энэ хууль бус шийдвэрийг нэн даруй цуцлах хэрэгтэй. Иймээс иргэний нийгэм болон улс төрийн намууд, иргэдтэй хамтарч бүх нийтийн тэмцлийг энэ сарын 9-нд зохион байгуулна. Жагсаал цуглаанд нийслэлийн иргэд болон автомашин эзэмшигчид идэвхтэй оролцохыг уриалж байна” гэв. СХД-ийн МАХН-ын  дэд дарга С.Орхонбаяр “МАН 2016 оны сонгуульд нэр дэвшиж өрсөлдөж байхдаа татвар нэмнэ гэдэг асуудлыг хэлж байгаагүй. Ард түмнээ аз жаргалтай болгоно гэж амласан. Одоо хэлж ярьсан зүйлүүд нь бүгд эсрэгээр эргэж байна. НИТХ-ын дарга Р.Дагва хоёр хоногийн өмнө мэдээлэл хийхдээ “Өдрийн 271 төгрөг гаргаж чадахгүй бол автомашин бариад яах юм бэ. Сардаа найман мянга, жилдээ 100 мянган төгрөг өгөхөд болохгүй зүйл байхгүй. Энэ мөнгөөр зам тавина” гэж хэлсэн. Өнөөдөр 271 төгрөггүй хүмүүс зөндөө байгаа. Чанаргүй зам тавьдаг. Нийслэлийн чанаргүй замыг нийслэлийн удирдлагууд, авто замын газар, мэргэжлийн хяналтынхан хүлээж авч байна” гэсэн юм.

* * *

ШИНЭН: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллахгүй бол тэмцэнэ

ШИНЭ намын удирдлагууд болох УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өчигдөр Улсын ерөнхий прокурорт хандлаа. Тэд УИХ-ын даргын захирамжаар байгуулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хэргийг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороонд ирүүлсэн Олон улсын парламентын холбооны шийдвэрийг хүргүүлсэн юм. Ингэхдээ ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах өмгөөлөгчдийн хүсэлтийн хариуг шаардаж буйгаа мэдэгдлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Олон улсын нэг байгууллага, дотоодын хоёр байгууллага Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж ял тулгасан гэдэг нь албан ёсоор тогтоогдсоныг нотолсон дүгнэлт шийдвэрүүдээ гаргасан. Гурван шатны шүүхээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн нөхцөл байдлыг анзааралгүйгээр, судлалгүйгээр шийдвэр гаргасан. Энэ бол шинээр илэрсэн нөхцөл байдал” хэмээн тодотголоо. Түүнчлэн “Мөрдөн байцаагч, прокурорын хууль бус үйл ажиллагаанаас болж Монгол Улсын иргэд хэлмэгдэж, шүүх ял өгсөн, шийтгэсэн тохиолдолд хожим нь мөрдөн байцаагч, прокурорын буруутай нь илэрвэл үүнийг шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээж шалгадаг. Ц.Амгаланбаатар гэж хүн мэдүүлгээсээ буцсан. Тиймээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шинээр сэргээн шалгах ёстой” гэв. Хэрэв тэд энэ сардаа багтааж энэ Б.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг суллахгүй бүх нийтийн жагсаал цуглаан, улс төрийн тэмцэл зохион байгуулахаа албан ёсоор мэдэгдлээ.

* * *

МХТН: Ард түмний шударга шүүх байгуулснаа зарлалаа

Монголын хүний төлөө нам /МХТН/-аас “Иргэдийн шударга шүүх” ТББ, Монголын худалдаачдын холбоо, “Гүрэнт Монгол” хөдөлгөөнүүдтэй хамтран монгол хүн эх орондоо эзэн байх зарчмын төлөө “Эзэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. “Эзэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд шүүгч нарт холбогдох хууль бус үйлдлүүдийг шалгуулахаар АТГ-т хандах ажиллагаа эхлүүлж байгаа ба эхний удаад Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч н.Батчимэгийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хэрэг маргааныг шийдэхдээ хоёр этгээдийг эвлэрүүлэх хэрэгт гуравдагч этгээдийн эрх ашгийг ноцтой зөрчиж онц их хэмжээний хохирол учруулсантай холбогдуулан АТГ-т өгч байгаа аж. Мөн дээрх байгууллагууд монголчуудыг эвлэлдэн нэгдэж, байгуулсан төрөө хяналттай байлгахыг уриалж Ард түмний шударга шүүх байгуулснаа зарлалаа. Монгол хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт энэ сарын 10-нд тохиох олон улсын хүний эрхийг хамгаалах өдөр шүүх, прокурор, цагдаагийн албан хаагчдын хууль бус үйл ажиллагаа, шийдвэрээс болж хохирсон иргэдийг Хүүхдийн ордонд бүртгэх талаар мэдэгдсэн юм. Түүнчлэн үндэсний аюулгүй байдалд халдаж, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан лиценз, газрын наймаа, хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийн мэдээллийг цуглуулна гэв.

* * *

МНН: Сонгуульд Гэр хорооллыг хөгжүүлэх намтай эвсэнэ

Гэр хорооллыг хөгжүүлж, ногоон болгох зорилго бүхий “Гэр хороолол ногоон хөгжил” хэлэлцүүлэг болох үеэр Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/, Монголын ногоон нам /МНН/-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Намуудын удирдлагууд гэр хорооллын газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь хамгийн зөв шийдэл гэдгийг онцолж эрх мэдэлтнүүд өөрсдийн бизнесийг хөгжүүлэхийн тулд иргэдийн газрыг булааж байгааг шүүмжилсэн. Иргэд рүү чиглэсэн энэ бодлогын үүднээс ГХХН, МНН-ууд хамтарч ажиллахаар болжээ.ГХХН-ын дарга Б.Батсүх “Гэр хороолол хөгжлийн нам иргэдийн хашааны газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, өөрсдөө ажлын байраа бий болгох, орон сууц барих боломжийг хангах шаардлага тавьсаар дөрвөн жил болж байна. Харин төр засаг энэ боломжийг хаасаар ирсэн. Энэ талаар Монголын ногоон намтай хамтран ажиллах ойлголцолд хүрсэн учраас өнөөдөр санамж бичиг байгуулж байна. Бид гэр хорооллыг ногоон болгох ажилд ханцуй шамлан орж байна. Цаашид хоёр нам сонгуульд эвсэж оролцоно” гэсэн бол МНН-ын дарга О.Бум-Ялагч “Гэр хорооллын иргэдийн газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахад сард нэг сая төгрөгийн орлоготой байх боломжтой судалгаа бий. Гэр хорооллыг хөгжүүлэх бодлогыг барьж буй нэг нам нь Гэр хорооллын хөгжлийн нам. Мөн залуучууд ихтэй учраас залуучуудаа гаргах үүднээс тус намтай хамтрах ажиллахаар боллоо” гэв.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.40.14) 2019 оны 12 сарын 05

Намуудын шоунд одоо итгэхээ болих хэрэгтэй . Бие даагчдыг гаргах хэрэгтэй . \n

0  |  0
Зочин (202.9.40.58) 2019 оны 12 сарын 05

Ард түмнээ байр оронтой, ажилтай болгоод дарамт шахалтгүй сэтгэл тэнэгэр амьдруулж чадах намыг 100 жилээр сонгосон ч яахав

0  |  0
иргэн(122.201.31.232) 2019 оны 12 сарын 05

худлаа ярьсан хулхинууд намд бүү итгэ хүнийг л сонго нам гэж хувааж иддэг бүлэглэл шүү дээ

0  |  0
Top