Хатан ухаант “Хадны мангаа” буюу “Nature dance”-ийг үүсгэн байгуулагч

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 11

"Зиндаа" сэтгүүлийн №13 дугаараас онцлов


“Орчлон ертөнц бол хөдөлгөөний зохицол. Монголчууд бүр чулуун зэвсгийн үеэс аливаа хөдөлгөөнийг дүрсжүүлэн хад чулуунаа дүрслэн тэмдэглэсэн байдаг. Хадны зураг, буган чулуун хөшөөнүүд дээрх аливаа амьтан, хүн мөнхийн хөдөлгөөн дунд байгаа гэдгийг зураасаар, сийлбэрээр маш тодорхой илэрхийлжээ. Тэрхүү оюуны чадамжаа өөрсдийн эрхэлж байсан бэлчээрийн мал аж ахуй, ан агнуурын үйл ажил, амьдрал ахуйдаа тохиолдох бүхий үйл хөдлөлийг, орчин тойрноо ажиглан мэдэрч биеийн хөдөлгөөнөөр хүртэл илэрхийлж чаддаг болсон нь эртний Монголчуудын бий биелгээ, бүжгийн урлаг хөгжих үндсэн суурь дэвсгэр нь болсон байна. Иймээс манай урлаг судлаачид, бүжиг дэглээчид энэхүү түүхэн эх сурвалжаа байнга хүндэтгэлтэй анхааран харж, өөрсдийн уран бүтээлдээ, бүжгийн урлагтаа нөлөө, тусгал болгож ашигласаар буй...”

Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхимийн эрхлэгч, Түүхийн ухааны доктор, профессор Д.ЭРДЭНЭБААТАР


Балчир хүүхдүүдийг “Хадны мангаад өгнө. Хадны мангаа авч явна шүү” хэмээн айлгадаг сан. “Чингэхэд хадны мангаа гэж ямар амьтан байдаг юм бол...” гэх нялх багын бодол санаанаас огт гарахгүй. Урьд хожид хэзээ ч үзэж хараагүй хадны мангаа хэмээгчийн тухай бодол, сэдэв одоо ч сонин хэвээр.

Тэгвэл “Хадны мангаа” гэж хэн бэ, эсвэл юу вэ? Хадны дурсгалыг хэлээд байна уу, эсвэл археологич, геологич, судлаачдыг нэрлээд байна уу хэмээн эргэлзсэнийг яана. Гэтэл хадны зураглал болоод монгол адууны тамгыг бүжгийн урлагт шингээж, өв дамжуулан хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж яваа бүжиг дэглээч байх юм гэж хэн бодох билээ. Түүний нэр Мөнхбадрахын Мөнгөнцэцэг. Тэрбээр ЮНЕСКО-ийн Дэлхийн бүжгийн зөвлөлийн гишүүн, СУИС-ийн ахлах багш, докторант, “Nature dance” продакшныг үүсгэн байгуулагч билээ.

Түүх ийнхүү эхэлдэг. 1995 онд СУИС-ийн бүжиг дэглээчийн гуравдугаар дамжааны оюутан М.Мөнгөнцэцэг бие даалтын хичээл дээрээ хадны зургаас сэдэвлэсэн бяцхан зохиомж бүжив. Түүнийг хэн ч тоож үнэлсэнгүй. Багшид нь ч таалагдаагүй бяцхан зохиомжоо бүтээсний дараа тэрбээр “хадны зураглалыг уран бүтээлдээ хэрхэн тусгах вэ” гэдэгт оюун санаа нь бүрэн төвлөрч, түүгээрээ бараг л өвчилсөн байна.

Гурван жилийн дараа хадны зураглалаас санаа авч бүтээсэн анхны томоохон бүтээл “Уламжлал” бүжгээ олны хүртээл болгов. Энэхүү бүтээлийг “New dance” хамтлагийн тайлан тоглолтод зориулж, МУГЖ Д.Энхгэрэл, “Түмэн Эх” чуулгын Уран сайхны удирдаач Т.Отгонсүрэн нар дэглэн найруулж, хамтран бүтээсэн ажээ. Олон хүнээс сайшаалын үг сонсож, урам зориг авсан гэдэг. Түүний бүжгийг үзсэн Урлал судлалын ухааны доктор Ч.Болдбаатар “Энэ чинь л жинхэнэ монгол модерн бүжиг байна даа” хэмээн урам хайрлахад нь залуу насны ааг омгоо багтааж ядан омогшиж байсан аж. Тэр цагаас хойш өнөөг хүртэл М.Мөнгөнцэцэгийн хийсэн бүтээл бүр хадны зургаас сэдэвлэсэн санаагаар амьсгалж, түүх соёлын дурсгал бүрийг очиж үзэхийг тэмүүлсэн он жилүүдийг туулжээ. Энэ талаараа тэрбээр “Найз нөхөд, хамтран ажиллагсад, бүжгийн багш нар намайг “Хадны зурагнаас санаа авлаа гэж үү” хэмээн гайхаж, тэдний санаанд нэг л багтахгүй “Чи арай өөр, ядаж дүрслэх урлалын зургаас санаа аваач” гэдэг байсан.

Намайг “Хадны мангаа” гээд нэрлэчихсэн, “Өө Мөнгөөтэй уулзахаар нөгөө л хадны зургаа яриад байна” гэдэг болчихсон байлаа. Тэгэхээр нь нэг хэсэг ярихаа больсон. Уран бүтээл хийвэл гэртээ ирж хадны зургуудаа харчихаад, гүйж очоод л уран бүтээлээ хийчихдэг байлаа” хэмээн дурсан ярьж байв.

Эх орныхоо түүх соёлын дурсгалыг хадгалан авч үлдсэн байгалийн өвөрмөц сонин тогтоц бүхий газруудаар явж монголчуудынхаа үр хойчийн бахархал, үлгэр дуурайл болох их өвийг бүтээх хүсэл зорилго нь улам хурцлагдав. Ямар ч саад бэрхшээлийг даван туулах их хүч, том зорилгыг сэтгэлдээ тээсэн тэрбээр өөрийн унаагаар, өрөөлийн машинаар, морьтой, мотоцикльтой, явганаар ч олон газраар явж, очсон газар бүрээсээ л ганзага дүүрэн олзтой ирнэ...

Үнэхээр түүнийг юу ч зогсоож чадсангүй. Тэрбээр 2008 онд “Хадны зураг дахь бүжиг дүрслэгээ” сэдвээр магистрын ажлаа хийв. Түүний удирдагчаар Урлаг судлалын ухааны доктор С.Бадрал ажиллаж “Чи заавал энэ яриад байгаа зүйлээ хийж, олонд таниул” хэмээн зоригжуулж байлаа.

Тухайн үед хадны зураглалаас монгол төрхтэй, монголжуу хэв маягтай хөдөлгөөнүүдийг нь уран сайхны аргаар баяжуулан гаргана гэдэг урлаг судлаачдын хувьд шинэлэг ажил байсан юм. Чухам энэ үеэс л түүнийг анхааралтай сонсож, сонирхож эхэлсэн байдаг.

Гэтэл Мөнгөө зөвхөн хадны зураглалаар сэтгэл ханасангүй. Тэрбээр хадны тамганаас хальж монгол малын тамга тэмдэглэгээг нарийвчлан судалж эхлэв. Өмнө нь морь малд тийм ч ойр байгаагүй бүсгүй хүн адууг ихэд хайрлаж, тамгаар нь ямар угсаатан болох аль нутгийнх гэдгийг нь таньдаг болжээ. Түүгээр ч зогсохгүй тамгаар тухайн хүний удам угсаа, үндэс гарвалыг тодорхойлж болох талаар судалж эхэлжээ. Одоо тэрбээр Урлаг судлалын докторын зэрэг горилох диссертациа “Малын тамганы дүрслэлийг монгол бүжгийн хөдөлгөөнд хэрэглэх нь” сэдвээр хийж байгаа аж.

Амьдралынхаа 40 орчим жилийг бүжгийн урлагтай холбож яваа М.Мөнгөнцэцэг 200 орчим тайзны бүжиг, 10 гаруй бэсрэг болон бүрэн хэмжээний бүжгэн жүжиг дэглэн найруулж, Олон Улсын мэргэжлийн бүжгийн болон бүжиг дэглээчдийн уралдаанаас 18 шагнал, Монгол Улсын Мэргэжлийн бүжиг дэглээчдийн уралдаанаас Гранпри, гурван тэргүүн байрын шагнал хүртээд байна. Мөн зөвхөн бүжгийн урлагийн бус урлагийн өөр төрлийн уран бүтээлүүд дээр бүжиг дэглэж, дэлхийн томоохон уралдаануудаас тэргүүн болон дэд байруудыг эх орондоо авчраад байгаа билээ.

Зорьсондоо заавал хүрч, судалж мэдэж байж ард нь гардаг шаргуу зантай тэрбээр төгс хийж чадлаа хэмээн өөрийгөө хөөргөдөггүй. Урлагийн төлөөх чин сэтгэл, хойч үедээ их өвийг үлдээх зорилготой Хатан ухаант “Хадны мангаа” буюу СУИС-ийн БУС-ийн ахлах багш, Natur dance продакшны бүжиг дэглээч, МУСТА, докторант М.Мөнгөнцэцэгтэй цөөн хором хууч хөөрснөө доор сийрүүлье. Түүнтэй уулзахад нөгөө л ихийг бодож, завгүй гүйдэг шаргуу хичээнгүй байдлаараа “Бүжигчин хүн амьд байх хугацаандаа тууль хайлсаар байдаг юм байна” гэсээр угтсан билээ.


М.МӨНГӨНЦЭЦЭГ: ХҮНИЙ БИЕИЙН ХӨДӨЛГӨӨН БОЛ АМЬД ТУУЛЬ ХАЙЛАХ ЯВЦ

-Монгол ардын аман билгийн нэр эртний төрөл туульс хайлах ёсон нэгэн шөнөөс эхлээд нэлээд хэдэн шөнийг дамнан хайлдаг томоохон туурвил. Гэхдээ өмнө нь хэзээ ч тан шиг ингэж адилтган үзэж байсангүй?

-Тууль бол зөвхөн үгийн урлаг төдийгүй хөгжим аялгуу, туульчийн уран чадвар, хэлэх ёс жаяг, зан үйлийг багтаасан нийлмэл урлагийн шинжтэй цогц үзэгдэл. Туульч хүн уран сэтгэмж, үгийн баялаг, ой тогтоолт сайтай байж, уйдсан хүний сэтгэлийг сэргээж, унтсан хүний нойрыг хулжааж чадах уран чадварыг эзэмшсэн байх шаардлагатай шиг, бүжигчин хүн ч адил. Тэгэхээр хүний биеийн хөдөлгөөн бол амьд байх хугацааных нь тууль хайлах явц юм гэх бодол төрсөн нь энэ л дээ.

-Таны “Туульсын хатад” гэж бүтээл байдаг. Энэ бодлоос тэрхүү уран бүтээл төрсөн болов уу?

-Энэхүү бүтээлээ хоёр жилийн өмнө, С.Соронзонболд, Ж.Цэнгэлмаа, Г.Солонго нартай хамтарч туурвисан. Нэрийг нь хань маань өгсөн. Бүтээлийн гол санаа нь хатан хүн тууль хайлж, үлгэр домог хэлэн үр хүүхэд, төрт улсынхаа үндэсний дархлаат байдлыг хадгалахад нь үлгэр дуурайл үзүүлдэг тухай өгүүлдэг. Өөрөөр хэлбэл, хатан ухаантай байхын үлгэр дуурайлыг илэрхийлдэг. Хувцас хэрэглэл ч тухайн үеийн нөхцөл байдлыг илтгэх ёстой байдаг нь хатны зэрэг зиндааг илэрхийлж буй хэрэг. Хатан өөрөө төрийн их ятгыг тоглодог. Энэ ятгыг зөвхөн их хатад л ордондоо тоглодог байсан тухай түүх сурвалжид олонтоо бичигдсэн байдаг. Бүжгийн хөдөлгөөнөөр хатан болон хааны угсааны удмын тамгын дүрслэлийг илэрхийлэхдээ учир тайлал, утга бэлгэдлийг нь тодотгож гаргаснаараа онцлогтой.

-Малын тамгуудыг ашигласан талаараа дэлгэрүүлээч...?

-Жишээ нь танай удмын тамга “Дэгэрээ” байлаа гэхэд удам судар, өвөг дээдсийг олох боломжтой. Х.Пэрлээ гуай 1975 онд “Монгол түмний гарлыг тамгаар нь хөөж судлах нь” гэсэн ном бичсэн байдаг. Энэ номын буянаар маш олон монголчууд өөрийн удам судраа мэдэж авсан. Миний хувьд ч энэ ном ширээний маань үнэт өв. Харин бүжгийн хөдөлгөөний тухайд, би зохиогоод байгаа юм биш, ерөөсөө л бэлэн байна. Манайхан монгол бүжгийн дасгалдаа Д.Нанжидын зохиосон мэндийн, баярын, дээдлэх гар гэсэн гурван гарын байрлалыг ашигладаг. Гэтэл тамгаар л гэхэд хайруулган, нуман, саран, наран, гал, эвэр, бариул, бумбан, гурвалжин гар гэх мэтээр гарын байрлалыг дэглэж болох юм. Энэ монгол нэр томьёог хөдөлгөөнийхөө нэр томьёон дээр ашиглавал нэгдүгээрт хөдөлгөөн баяжих, хоёрдугаарт үндэснийхээ хэл соёлыг хадгалах чухал ач холбогдолтой. Бариул, эвэр, бундан, дэгэрээ, зуузай гэх энэ үгсийг өдөр тутамдаа нэг их хэрэглээд байдаггүй учраас мартагдаж байна. Тэгэхээр монгол бүжгийн нэг үүрэг нь үндэснийхээ хэл соёлыг хадгалахад чиглэгдэх ёстой гэж боддог.

 -Монгол адууны тамга маш олон төрөл байдаг. Хэзээнээс эхэлж тамга тэмдэглэгээг сонирхож эхлэв ээ?

-Монгол үндэстэн угсаатан бүр өөр өөрийн гэсэн тамгатай. Тухайлбал, Өөлд угсаатны гал тамга маш их алдартай. Гал тамгатай ганзага имтэй Галдан бошигтын Өөлдүүд гэж ярьдаг. Одоо гал тамгыг үр хүүхдүүд нь авч чимэг зүүлт нэмдэг болов чиг “гал” гэдэг нэг тулгуур нуруу нь байгаад л байна. Үүгээр ч зогсохгүй гал тамгаас бүжгийн олон хувилбарт хөдөлгөөнүүдийг гаргаж болохоор байгаа юм.

Дөрвөд угсаатны Дэгэрээ буюу Зуузай тамга бол Өгөдэй хааны тамга гэдгийг археологичид аль эрт тогтоочихсон. Тэгвэл өнөөдөр дөрвөд биелгээн дээр Дэгэрээ тамгаас үүдсэн хөдөлгөөнүүдийг дүйцүүлэх боломжтой байна. Хөдөлгөөн нь угаасаа аргын буюу билгийн дэгэрээ тамгыг үүсгээд байдаг. Ер нь ингээд хөөгөөд үзэх юм бол угсаатан болгоныг тодорхойлж болно. Миний хувьд монгол тамганы судалгаанд суурилсан уран бүтээлүүд нэлээд туурвиж байгаа.

-Ингэхэд та малын тамгануудаас хэчнээн хөдөлгөөн гаргаад байна вэ?

-Археологичдын үзэж байгаагаар 3000 хол давсан малын тамга судлагдаад байгаа. Гэтэл би 100 хүрэхгүй тамгыг нь л судлаад явж байна. Эндээс зөвхөн гарын 25 орчим хөдөлгөөний нэршил, үүнээс гадна бүжгийн суулт, хөл, мөр, цээжний хөдөлгөөний нэршлүүд гаргаж судалж байна. Гэтэл санаанд оромгүй байдлаар буюу хүмүүсийн тавьсан бүтээлүүдийг харж байхад тамгануудтай ойртуулж, уялдуулж болохуйц хөдөлгөөнүүд цөөнгүй байдаг.

-Тамганууд нутаг нутгийнхаа онцлогийг харуулаад тухайн бүс нутгийн хаднууд дээр дурсгал нь үлдсэн байна гэж ойлгож болох нь ээ?

-Хэнтий аймгийн Батширээт сумын Биндэр уулын Рашаан хадны тамганууд Монголдоо төдийгүй дэлхийд алдартай. Энэ ууланд байгаа тамганууд тэр чигтээ Монголын язгуурын аймгууд, угсаатнуудын хамгийн гол гол тамганууд байгаа юм. Мөн Дундговь, Ховд, Баян-Өлгий, Баянхонгор аймгуудын хадны тамганууд өвөрмөц сониноороо алдартай.

Тамганууд ер нь Монгол орны хаа сайгүй элбэг байдаг ч нэг газраа олноороо байх нь тун ховор. Хэл бичгийн ухааны доктор, Ардын багш С.Дуламын судалгаан дээр суурилсан “Тэнгэрийн хүүхдүүдийн бүжиг”, СУИС-ийн төслийн II хэсэг болох Д.Энхбаярын найруулга “Тамганы бүжигчин” этно модерн бүжгэн жүжгийн бүжиг дэглээчээр ажиллалаа. Энэ бүжгэн жүжигт хадны зураг болон тамгануудаас дэг зохиомж, бүжгийн хувилбаруудыг гарган авсан.

Аягат биелгээ /Ардын урлагийн наадам, Хонконгс1994. 10 сар/

-Хадны зураг гэж их ярилаа. Манайхан хадны сүг зураг гээд яриад хэвшчихсэн. Үүнд ямар нэгэн учир байна уу?

-Ээжийн минь ах дүүс Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд нутагладаг. Тээр жил судалгаа хийж явахад 99 настай нэгэн буурай “Миний хүү сүг гэж битгий ярь. Нас барсан хүнийг хээр тавиад, тос нь гоожоод бүр тосгүй болчихсон араг ясыг сүг гэдэг юм. Тэгвэл малын араг ясыг сэг гэдэг. Тиймээс хадны сүг гэж ярих чинь тохиромжгүй юм байна. Битгий тэгэж ярьж бай” гэсэн. Түүнээс хойш би хадны сүг гэж ярихаа больсон. Тэгээд хадны дүрс, хадны зураглал, хадны тэмдэглэгээ, хадны тамга гэх нь илүү зөв юм байна гэдгийг ойлгосон.

-Таны хувьд олон ч газраар уран бүтээлээ таниулан сурталчлах ажил хийж байсан. Тэгэж явахдаа ч хадны тэмдэглэгээнүүдийг ажиглаж судалж явсан байх?

-Европын хадны зургууд бол манай Монгол орон дахь хадны зургуудаас харьцангуй сүүлд бий болсон гэдэг. Тэнд хүний дүрс их ховор. Ялангуяа Итали, Франц, Австрийн хадны зураг дээр хүний дүрс маш цөөхөн. Харин эсрэгээрээ амьтан, тэр дундаа үхрийн талын амьтдын дүрс маш олон. Испанийн Альтамира уулын агуйгаас 1880 онд олдсон Марселино Саутола / Marcelino de Sautuola/ зураг бол дэлхий дээр хамгийн анхных нь гэж тооцогддог. Монголд 1952 онд анх удаа газарзүйч О.Намнандорж гэдэг хүн Ховд аймгийн Хойд цэнхэрийн агуйгаас хадны зургийг олж илрүүлээд гаргаж ирснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хадны зургууд маш их судлагдаж, олонд дэлгэгдэж байна. Энэ хүмүүсийн гаргаж ирсэн ном товхимол нь өнөөгийн бидэнд, надад ширээний ном, гарын авлага, судалгааны маань эх үндэс болж байна даа.

-Ном товхимолоос гадна байгаль дэлхий өөрөө хамгийн том эх сурвалж биз дээ?

 -Тийм ээ. Уран бүтээлийн судалгааны дагуу олон газраар л явсан байх. Өөрөө машинаа бариад, эсвэл онгоцоор нисч очоод машин түрээслээд ч явж л байлаа. Биеэрээ очиж судалгаа хийх, номон дээр бичсэнийг унших хоёр огт өөр шүү.

-Бүжгийн урлаг дахь модерн бүжгийн хөгжлийн талаар ярилцъя. Манайд нэг л сайн хөгжиж өгөхгүй байх шиг ээ?

-Миний бодоход хадны зураглал ч бай, малын тамга ч бай бүгдийг монгол бүжгийнхээ нэр томьёонд оруулаад, улам баяжуулж боловсруулаад аль болох уламжлалыг нь алдагдуулахгүйгээр аваад явбал амжилт олно. Учир нь Тайвань, Солонгос, Хятад, Голланд Австри, Герман, Япон, Франц, Итали, ОХУ, Швейцарь, Чех, Унгар гээд их олон газраар явж тоглолт хийлээ, сургалтанд ч суулаа, монгол бүжгээ ч заалаа. Гэтэл тэдний өөрсдийнх нь нутгийн уламжлалт бүжгийг судлаад үзэхээр үнэхээр баялаг байх юм. Модернийн хамгийн сүүлийн чиг хандлагыг оруулчихсан байгаа мөртлөө уламжлалаа алдаагүй авч яваад хөгжүүлж чадсан байна. Дэлхийд модерн хөгжчихсөн. Гэтэл бид хоцроод байна.

Ер нь онолгүй, философигүй уран бүтээл гэж байдаггүй. Эрдэмтэн багш нарынхаа бүтээлийг эргээд харахад онол нь ч, философи нь ч байна. Гэхдээ бүтээл дотор нь. Харин цаасан дээр буулгаад номонд бичээд үлдээсэн нь туйлын ховор юм. Бид уламжлалын онолоо шинэчлэлийнхээ онолтой уялдуулаад гаргах юм бол Монгол бүжиг гэж энэ юм аа гэдэг дохиог дэлхийд өгч чадна.

-Төмрийг давтах тусам зөөлөрдөг гэдэг. Гэтэл манай бүжигчдийн дунд гутлыг нь элэгдтэл бүжиглүүлэх тэмцээн уралдаан тун ховор юм. Хөгжихгүй байгаа бас нэг шалтгаан энэ юм болов уу?

-Тийм. Тэмцээн уралдаан, наадам зохион байгуулж, өрсөлдөгч гарч ирэхгүй бол тэнд хөгжил байхгүй. Өрсөлдөгчтэй газар л хөгжил дээд зэргээр явагдаж байдаг. Заавал уралдаан тэмцээн гэлтгүйгээр хамтарсан тоглолтууд, уулзалт, эрдэм шинжилгээний хурлуудыг хийж болно. Энэ маш чухал. Ямар нэгэн байдлаар онолын түвшинд, судалгааны түвшинд хурал, лекц, сургалт семинар тоглолтууд зохион байгуулж байж хүн хөгжинө. Түүнээс биш дөрвөн хананыхаа дунд, өөрөө өөртэйгөө яриад, өөрөө өөрийнхөө хөдөлгөөнийг шүүмжлээд хэзээ ч хөгжихгүй.

 -Урлагийн философийн талаарх хүмүүсийн ойлголт хаа хаанаа маш муу байна шүү дээ?

-Байхын хувьд байгаа. Гэхдээ хангалтгүй байна. Урлагийн философи хүмүүнийг хүмүүжүүлдэг. Тэр дундаа бүжгийн философи маш чухал. Философигүй бүжгийн бүтээл байж боломгүй санагддаг. Монгол бүжгийн философи ахуйдаа суурилдаг учраас салгах юм бол “хуурамч” урлаг болох вий гэж санаа зовдог. Нэг жишээ хэлье л дээ. Монгол телевизээр гарсан “Авьяаслаг монголчууд” шоунд Дорнодын хэдэн жижигхэн бүжигчин охид орсон доо. Эхний шатанд шүүгчид тэднийг мундаг сайхан байсныг нь гайхаад тэнцүүлээд явуулсан. Дараагийн шатандаа нөгөө хэд маань хөдөлгөөнөө илүү баяжуулаад, огт өөр философитой болгоод ороод ирсэн чинь нэг шүүгч нь “Та нарын хувцас өмнө нь их гоё харагдаж байсан. Өнөөдөр онцгүй байна” гээд хасчихаж байгаа юм. Гэтэл мэргэжлийн үүднээс нь харахад, хөдөлгөөний хувьд илүү баяжилттай, хувцаслалтын хувьд илүү классик зохицолдоотой болоод ороод ирж байгаа юм л даа. Гэтэл урлагийн философийн анхан шатны мэдлэггүй шүүгчид хувцсаар нь дүгнээд л хасчихсан. Харамсаж л суусан..

-Гадаадынхан монгол бүжиг бүжиглэж байхыг олон удаа харж байсан. Гэхдээ л монголчууд шиг бүжиж чаддаггүй юм шиг санагдсан?

-Гадаадын олон хүнд монгол бүжиг заасан. Япончуудад зааж байхад “Бид далайн хоол иддэг учраас тан шиг хөдөлж чадахгүй байна. Та мах иддэг учраас ийм уян налархай байдаг байх. Хоол идэж байхыг чинь харахаар хамгийн түрүүнд махыг нь түүгээд идчих юм” гэж байхад нь сайн анзааралгүй инээлдээд л өнгөрсөн. Дараа бодох нь ээ, тэр үнэхээрийн үнэн байгаа юм. Бид мах иддэг учраас хагас зэрлэг, уян налархай хүмүүс. Ирвэс, чоно, үнэг, муурыг бодоод үз. Явахдаа дал хавирга, хөл гар хөдөлж байгаа нь ил харагддаг биз дээ. Тэгвэл үхэр, хонь, ямаа тийм уян уу. Үгүй шүү дээ. Тэгэхээр идэж байгаа хоол, орчин нөхцөл маш их нөлөөлдөг байх.


ТӨГСГӨЛИЙН ОРОНД. БҮЖИГ БОЛ ЗӨВХӨН САЙХАН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЗҮҮЛБЭР БИШ ЮМ. БҮЖИГ БОЛ БИЕИЙН ХӨДӨЛГӨӨНӨӨР ДАМЖУУЛАН СЭТГЭЛИЙН БАЯР ГУНИГ, ЗОВЛОН ЖАРГАЛ, ТЭМЦЭЛ БУХИМДАЛ, ҮЗЭН ЯДАЛТ БА ХАЙР ГЭЭД ҮГЭЭР ИЛЭРХИЙЛЖ БОЛОХ БҮХНИЙГ ДҮРСЛЭН ҮЗҮҮЛДЭГ ГАЙХАМШИГТ УРЛАГ БИЛЭЭ.

Ярилцсан О.Шинэтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top