Үндэснийхээ өв соёл, түүний гайхалтай баялаг түүх, бахархал төрүүлэм мэдлэг мэдээллийг “ЗИНДАА” сэтгүүл “ӨВ СОЁЛ буландаа нийтэлдэг уламжлалтай. Морин хуур бол Монгол угсаатны соёл, зан заншлын уламжлалыг цогц байдлаар агуулж буй хөгжмийн зэмсэг бөгөөд баяр наадам, хурим найр, ёслол хүндэтгэл, мал аж ахуйн холбогдолтой олон зан үйлд энэхүү хөгжмөөр ая эгшиг өргөдөг уламжлалтай. Монгол айл болгон морин хууртай байхыг чухалчилдаг, гэрийнхээ хойморт хамгийн хүндтэй байранд залдаг, айлд орсон хүн хуурдаж, эс чаддаг нь хууранд хүрдэг заншилтай билээ. Монголчууд эртнээс цагаан сарын баяраараа өөр хоорондоо золгон ёслож, айл өрх бүр жилдээ сайн явах, өвчин зовлон, хэрүүл тэмцэлгүй байхын бэлэгдэл болгон “Гэрийн жавар үргээж” морин хуураар ая өргөдөг заншилтай. Манай ард түмэн морин хуурыг бүтээж, түүний тоглох арга барилыг үндэсний уламжлалт урлагийн сонгодог төрөл болтол хөгжүүлж чадсан нь хүн төрөлхтний соёлын өв санд Монгол угсаатны оруулсан хувь нэмэр гарцаагүй мөн гэдгийг дэлхий дахинаа нэгэнт хүлээн зөвшөөрчээ. Иймээс 2003 онд ЮНЕСКО Монголын уламжлалт морин хуурын урлагийг “Хүн төрөлхтний аман болон утга соёлын шилдэг дээж”-ээр тунхаглаж, 2008 онд хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэсэн буй за. Энэ дугаарт Монгол түмний нэрийн хуудас болсон “Морин хуур” хөгжмийн талаар Морин хуурч, сийлбэрч Б.Сүхбаатартай ярилцлаа.
-Сайн байна уу. Монгол түмний үндэсний бахархалт хөгжим морин хуурын талаар ярилцахаар тантай уулзаж байгаадаа баяртай байна?
-Сэтгүүлдээ урьж оролцуулж байгаа ЗИНДАА-гийнхаа хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье. Би Увс аймгийн Түргэн сумын харьяат Баясгалангийн Сүхбаатар гэдэг хүн байна. Миний хувьд морин хуур хөгжимтэй амьдрал ахуйгаа холбоод 19 жил болжээ. Энэ хугацаанд морин хуур хөгжмийг нийтэд дэлгэрүүлэх, өргөн олон монголчууддаа суртачлан таниулахын төлөө хичээн зүтгэж ирлээ.
-Монголд маш олон морин хуурч бий. Харин таны хувьд морин хуур урладаг мөн өөрөө морин хуураа тоглодог гэдгээрээ тэр олноос ялгагддаг?
-Би арван жилийн сурагч байхаасаа л эхэлж морин хуур хийж эхэлсэн. Анх морин хуур хийгээд эхлэхэд хөгжмийн боловсрол яалт ч үгүй шаардагдаж байсан. Тиймээс 2002 оноос урлагийн сургуульд суралцаж, хөгжмийн багш гэсэн мэргэжлийг эзэмшсэн. Мөн сийлбэрийн чиглэлээр суралцаж, мэргэшсэн маань морин хуур хөгжимдөө дурлаж, урлан бүтээхэд улам их нөлөөлсөн болов уу.
-Таны үүсгэн байгуулсан “Монгол хуур” төв үйл ажиллагаа эхлүүлээд нэлээдгүй олон жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд танай төвөөр дамжуулан морин хуур хөгжмийнхөө өв соёлыг өвлөж байгаа монголчууд улам олширч байгаа нь сайшаалтай хэрэг шүү. Та төвийнхөө талаар ярихгүй юу?
-Би өөрөө хөгжмийн багш, морин хуур урладаг хүний хувьд энэ хөгжмийнхөө гайхамшгийг зөвхөн өөрөө мэдрээд яваад байхыг хүссэнгүй. Харин улам олон хүнд морин хуурынхаа сайн сайхныг ойлгуулж, ухааруулах юмсан гэсэн чин зорилгын үүднээс 2009 онд компаниа байгуулж байлаа. Тухайн үед ганцаараа нэг ширээ, нэг хутга тавиад эхлүүлж байсан компанийн маань үйл ажиллагаа өнөөдөр өргөжөөд дэргэдээ морин хуур үйлдвэрлэл, сургалтын “Монгол хуур” төв, “Жонон хар” нэртэй морин хуурын музейтэй болсон байна.
Ганцаараа нэг ширээ, нэг хутга тавиад эхлүүлж байсан компанийн маань үйл ажиллагаа өнөөдөр өргөжөөд дэргэдээ морин хуур үйлдвэрлэл, сургалтын “Монгол хуур” төв, “Жонон хар” нэртэй морин хуурын музейтэй болсон байна.
-Монголчууд маань сүүлийн үед морин хуур хөгжмөө сурахыг ихэд эрмэлздэг болсон юм шиг ажиглагддаг?
-Тийм шүү. Манай ”Монгол хуур” сургалтын төвд сардаа дунджаар 30- 50 хүн суралцаж байна. Мөн маш олон хүн манай төвөөс морин хуур захиалж хийлгүүлж авдаг. Түүнчлэн “Жонон хар” музейг зорьж ирэгсэд их байдаг. Ялангуяа гадаадын жуулчдын нүдийг манай музей хужирлаж чаддаг шүү. Жуулчид манай төвд ирснээр нэг дор гурван үйлчилгээг авах боломжтой байдаг. Нэгдүгээрт морин хуур хийж байгаа явцтай танилцана, хоёрдугаарт морин хуурын баялаг түүхтэй музейгээр аялна, гуравдугаарт морин хуурын цогц тоглолтыг үзэх боломжтой болж байгаа юм. Тиймээс аялал жуучлалын компаниуд манай “Монгол хуур” төвтэй хамтран ажиллахыг хүсвэл бидний үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
ГАНЦЫН САЙН БИШ ГАРЫН ОЛОН ХЭРЭГТЭЙ
-Гадаадын жуулчдыг Монгол руу татах нэгэн том хөшүүрэг бол яах аргагүй үндэсний өв соёл. Гэвч манай улсад энэ чиглэлээр үзүүлж харуулчих зүйл тун ховор. Төр засгаас үндэсний өв соёлоо хөгжүүлж, дэмжих тал дээр дутмаг ажилладаг юм шиг ээ?
-Энэ тал дээр тантай санал нэг байна. Миний хувьд Монголдоо морин хуурын маш сайхан цогцолборыг бүтээн босгох хүсэл зорилготой явдаг хүн. Тиймээс энэ онд энэхүү зорилгоо биелүүлэх үүднээс томоохон төслийг хэрэгжүүлэхээр сэтгэл шулуудан ажиллаж эхлээд байна. Энэхүү төсөл маань Морин хуурын цогцолборыг бүтээн байгуулахад шаардагдах хөрөнгө мөнгийг босгох, Монголынхоо морин хуурчдыг нэгэн дээвэр дор нэгтгэх, морин хуураа дэлхийн зах зээлд гаргах, морин хуурын хамгийн том сургалтын төвийг цогцлооход гол зорилго нь оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэрлон улсын зах зээлд таниулах баг ажиллаж, томоохон худалдаа үйлчилгээний хэсэгтэй байх болно. Гуравдугаарт, морин хуурын цогц сургалтын төв ажиллуулж, дөрөвдүгээрт морин хуурын түүхэн музейг тэндээ байгуулсан байх. Мөн энэ цогцолборт маань морин хуурын хамгийн шилдэг тоглолт болдог байх гээд маш олон зүйлийг төлөвлөж байгаа.
-Төслөө амжилттай хэрэгжүүлж чадвал Монголын соёлын өвд тунч чухал бүтээн байгуулалт босох нь ээ?
-Тийм ээ. Би ганцаараа хэчнээн “Морин хуур” гэж яриад энэ бүхнийг бүтээхэд хэцүү. Миний хүч ч мухардаж байна. Яахав би хар амиа бодоод яваад байж болно. Гэхдээ надад энэ сайхан өв соёлоо улам олон хүнд түгээн дэлгэрүүлэх тийм хүсэл байдаг болохоор би энэ төслийг эхлүүлж байгаа юм. Манай монголчууд “Ганцын сайнаар биш гарын олон хэрэгтэй” гэдэг дээ. Энэ төслийг хэрэгжүүлэхэд олны хүч л хэрэгтэй байна. Төсөлд маань хөрөнгө оруулах хүсэлтэй бизнесмэн, өв соёлоо дээдэлдэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллахад бид бэлэн байна. Хамгийн гол нь бидний зүгээс морин хуурын өв соёлыг дэлгэрүүлэхэд өөрийн гэсэн байртай болчихвол цаашаа үйл ажиллагааг нь өргөжүүлээд аваад явах асар их ажил байна.
-Төслөө хэрэгжүүлэхийн тулд төр засгаас дэмжлэг авна гэж бодож байгаа юу. Учир нь үндэсний өв соёлыг хөгжүүлэхэд хувь хүнээс гадна төрийн бодлого чухал гэж бодож байна?
-Үнэхээр тийм. Би сүүлийн гурван жилд Монгол түмэндээ морин хуурын мэдлэг мэдээлэл түгээх зорилгоор хотын төвд байр түрээслээд “Жонон хар” музейгээ ажиллуулж үзлээ. Гэвч түрээсийн төлбөр, өөр бусад зардал гээд эргээд өөрөө өрөнд орох жишээтэй. Мэдээж музейгээс тийм их ашиг олохгүй. Хэдий тийм ч хамгийн гол нь энэ сайхан өв соёлоо хүмүүст хүргэх ёстой гэсэн бодол миний дотор байнга уяатай явдаг. Харамсалтай нь, улсаас ямар нэгэн дэмжлэг байхгүй болохоор бидэнд их хүндрэлтэй байгаа юм. Би өнгөрсөн хавар “Монголын морин хуурын музейд байр хэрэгтэй байна” гэсэн хэвлэлийн бага хурал хийж байсан. Тэгэхэд төрөөс нэг ч удаа надтай холбогдоогүй. Харин хувь хүн, байгууллагууд бол “Дэмжье, тусалъя” гэж байсан. Жишээ нь “Оюуны ундраа” групп “Zaisan Hill” цогцолбортоо манайхыг /Жонон хар музей/ орооч гэсэн санал тавьж байлаа. Гэхдээ бид олон жил түрээсээр яваад халширчихаад байна.
Би сүүлийн гурван жилд Монгол түмэндээ морин хуурын мэдлэг мэдээлэл түгээх зорилгоор хотын төвд байр түрээслээд “Жонон хар” музейгээ ажиллуулж үзлээ. Гэвч түрээсийн төлбөр, өөр бусад зардал гээд эргээд өөрөө өрөнд орох жишээтэй. Мэдээж музейгээс тийм их ашиг олохгүй. Хэдий тийм ч хамгийн гол нь энэ сайхан өв соёлоо хүмүүст хүргэх ёстой гэсэн бодол миний дотор байнга уяатай явдаг.
-Төрийн дэмжлэг л хэрэгтэй байна даа?
-Би янз бүрийн байдлаар төрд зөндөө хандсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сард л гэхэд “Тэнгэрийн эгшиг” нэртэй уран бүтээлийн тоглолт хийсэн. Тэр тоглолтондоо маш олон төрийн хүнийг урьсан. Даанч хэн ч ирээгүй. Тэдэнд өгсөн урилга дээрээ би яриад байгаа “Морин хуурын цогцолбор”- той болох зорилгоо тодорхой бичсэн. Гэвч манай төрийн хүмүүс иймэрхүү ажлаас зугтаагаад байдаг юм болов уу л гэж бодсон. Харин урлаг соёлын хүмүүс зөндөө дэмжиж байсан. Жишээ нь, Н.Жанцанноров гуай тэргүүтэй хөгжмийн урлагийнхан маань намайг их дэмждэг. Би өнгөрсөн хавар мянган морин хуурын жагсаал хийе гэж Хотын захиргаанаас зөвшөөрөл авах гэсэн чинь тэд өөдөөс шал өөр юм ярьсан. Тэнд баахан агентлагуудын дарга нар суучихсан намайг “Өөрийн чинь хийж байгаа юмыг бид дэмжиж байна. Гэхдээ үндэснийхээ хөгжмөөр эсэргүүцэл илэрхийлмээргүй байна” гэх юм яриад зөвшөөрөөгүй. Гэхдээ би зөвхөн төрийг хараад суухыг хүсэхгүй байна. Юм хийж үзсэн, бүтээсэн, хүний зорилгыг ойлгодог бизнесмен хүмүүс, үндэснийхээ өв соёлыг чин сэтгэлээсээ дээдэлж явдаг ард түмэндээ хандана гэж бодож байна.
-Уг нь Монгол Улс маань морин хуурын нэг цогцолбортой болчихвол ч үнэхээр сайхан даа. Тэр тусмаа ховор нандин соёлын эд өлгийн зүйл хадгалагдах морин хуурын музей тун хэрэгтэй. Энэ дашрамд, та “Жонон хар” музейнхээ талаар яриач?
-Музейд маань Монголын морин хуурын түүх соёл, ёс заншлыг харуулах 400 гаруй үзмэр бий. Энэ үзмэрийг хэдийгээр би цуглуулсан ч гэсэн минийх гээд өмчлөөд суух эрх надад байхгүй. Энэ бүхэн бол ард түмний өмч. Өөрөөр хэлбэл өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээх нь л миний үүрэг юм. Музейд маань хуучны 20 гаруй хуур бий. Мөн морин хуурын түүхэн гэрэл зургуудын цуглуулга, дүрс видео бичлэг гээд асар их зүйл бий. Цаашдаа ч улам олон цуглуулгаар баяжигдана.
-Цуглуулгаасаа манай уншигчдад зориулаад зарим нэгийнх нь талаар ярьж болох уу?
-Бололгүй яахав. Жишээ нь, “Жонон хар” музейд маань 1800 оны үеийн хуур байна. Түүнээс хойшоо 1950, 1960 он хүртэлх хуурнууд ч байгаа. Тэр дундаас хамгийн сонирхолтой түүхтэй бүтсэн хуур гэвэл Монголын хамгийн анхны мастер морин хуурыг ярьж болно. Энэхүү хуурыг 1965 онд Ю.Цэдэнбал гуайн санаачилгаар Оросын хийлийн мастер Д.Яровой, нэрт хөгжим урлаач Д.Бууран нар хамтарч хийсэн. Тухайн үед 13 морин хуур хийсэн байдаг. Тэрний нэг нь надад буй. Тэр 13 хуурны ихэнх нь элэгдэж хорогдоод байхгүй болсон юм билээ. Гэхдээ Урлагийн гавьяат зүтгэлтэн Пүрэвхүү гуайд нэг, Ардын жүжигчин Батсайханд нэг байгаа гэж сонссон. Анхны энэ мастер морин хуурын дуугаралт бол дахин давтагдашгүй үнэхээр гайхалтай.
-Та бид хоёрын ярилцлага “Морин хуурын цогцолбор”-ын төслийн талаар нэлээд үргэлжиллээ. Одоо харин хөгжмийн урлагийн талаар болон багш хүний хувьд танаас хэдэн асуулт асууя гэж бодож байна. Хөгжмийг сурахад заавал унаган авьяас шаардлагатай юу. Манайхан “Сонсголтой, сонсголгүй хүн” гэж ч ярьдаг. Энэ талаар...?
-Наад асуудлыг чинь ингэж ойлгох хэрэгтэй. Юу гэвэл, Хөгжим бүжиг, СУИС гэх мэт мэргэжлийн сургуульд сурч хөгжимчин болох гэж байгаа бол тухайн хүнд заавал авьяас хэрэгтэй. Харин манайхны дунд нэг ташаа ойлголт байдаг “Сонсголгүй” бол хөгжим сурахгүй гэсэн. Энэ бол буруу. Өөрөөр хэлбэл, хүний яриаг сонсож л байгаа бол тэр хүн хөгжим тоглож сурах боломжтой гэсэн үг. Харин тэр яриад байгаа “Сонсголгүй” гэдэг маань тухайн хүн багаасаа дуу хөгжмөөс хол өсчихсөн, хөгжмийн боловсрол дутмаг байгааг хэлээд байгаа юм. Түүнээс бус “Сонсголгүй” гээд хөгжим тоглох боломжгүй гэж ойлгож болохгүй. Хүн болгон хөгжим тоглож чадна гэсэн үг. Гагцхүү хүн, хүний онцлог өөр байдаг. Багш хүн тэрийг нь судлаад “Энэ хүнд нэг, хоёр гээд автоматаар заах ёстой юм байна”, харин энэ хүнд хөгжмийг сэтгэлгээний хүрээнд заах ёстой юм байна гэдгийг нь тодорхойлох нь чухал. Хүний хийдэг юмыг хүн бүр хийх боломжтой.
-Манай монголчуудын хувьд дэндүү авьяастай ард түмэн. Тэгэхээр хөгжмийг, тэр тусмаа морин хуурыг аргаа олоод багшаараа заалгачихвал өөрийнхөө хэмжээнд тоглож сурах боломжтой л юм байна?
-Тийм. Монгол хүн бүр үндэснийхээ хөгжмийн зэмсгээр хэдэн ая тоглоод сурчихсан байхад мөн ч сайхан биз дээ. Олны дунд явж байхад үндэснийхээ өв соёлыг огт мэдэхгүй хүнтэй таарах л юм. Морин хуур харснаа энэ чинь юу билээ мандолин билүү ч гэж байх шиг. Би өмнөөс нь бие арзайгаад л явчихдаг шүү. УИХ-ын гишүүн С.Жавхлан хэлж байсан.
Дэлхий дээр хамгийн хүчирхэг байгаа улс дандаа үндэсний өв уламжлалаа дээдэлсэн тийм ард түмэн байна гэж. Ядаж бид үндэснийхээ хувцсыг өмсөх хэрэгтэй.
-Гэхдээ сүүлийн үед монголчууд маань дээл хувцсаа их өмсдөг болжээ. Морин хуур хөгжмийг ч гэсэн гэртээ залах нь элбэгшсэн?
-Айлууд нэг үеэ бодоход гэртээ морин хуураа залдаг болсон. Гэхдээ морин хуураа сувенир байдлаар л тавьж байна. Гэтэл морин хуурын гол утга санаа, амин сүнсийг Эзэн Чингис хаан маань хэлсэн байдаг шүү дээ. Төрийн сүлд хар, цагаан туг Эрийн сүлд малгай, бүс Гэрийн сүлд гал голомт, морин хуур гээд... Энд яагаад морин хуур гэсэн бэ гэдгийн утгыг нь тайлаад үзэхээр галаас энерги гарч байна. Тэр дулаан илч маань дуу авиагаар зөв эргэлтэд ордог юм байна. Тиймээс л монголчууд маань морин хуураар “Гэрийн жавар үргээнэ” гэж ярьдаг байх нь. Хөдөө уул овоон дээр исгэрэхэд өөдөөс шууд салхи сэвэлздэг шүү дээ. Дуу авиа гэдэг ертөнцийн энергийг хөдөлгөөнд оруулдаг тийм л хүчтэй зүйл байх нь байна. . Монголчуудын ухаан дэндүү гойд юм даа.Дээр үед хууртай айлыг бүтэн айл Хуургүй айлыг хугас айл гэж хүртэл ярьдаг байж. Айлын гэрт нь ороод гарахдаа морин хуурыг өөрөө тоглож чадахгүй ч гэсэн утсанд нь гар хүрээд гардаг уламжлалтай байлаа. Энэ бүхнийг нарийн судалбал, тэр чигээрээ гүн ухаан. Одоо хүмүүс морин хуурыг дуугардгийг нь авч байна. Зарим нь үнэт чулуу, алт мөнгийг нь оруулаад үр хүүхэддээ өв болгох зорилгоор хийлгэж байна.
-Морин хуур хөгжмийн үүсэл хөгжлийн талаар та ярьж өгөөч?
-Түүхэн эх сурвалжаас судлаад үзэхэд морин хуур гэдэг нэршил нь харьцангуй сүүлийн үеийнх. Өмнө нь хуур гэдэг хөгжим байсан байгаа юм. Гагцхүү хуур хөгжим ямар толгойтойгоосоо шалтгаалаад өөр, өөрийн нэртэй байсан байдаг. Жишээ нь хунгийн толгойтой бол “Хун хуур”, таван хошуу малын толгойтой бол тухайн малынхаа нэрээр нэрлэгдэх жишээтэй. Эртнээс ингэж явсаар байгаад монголчууд Манжийн дарлалд орсон үед морин хуур хөгжим маань Луун хуур нэртэй болчихсон байсан. Харин монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж байх тэр үед Лууг нь доор оруулаад дээр нь морины толгой гаргаад ирсэн. Зарим айлын хуур чинь доороо луутай, дээрээ морьтой байдгийн учир ийм. Тэгэхээр эндээс юу гэж дүгнэх вэ гэхээр, тусгаар тогтнолын тэмцлийн хэлбэрийг монголчууд маань морин хуур хөгжмөөрөө илэрхийлж байсан байгаа юм. Тэр цагаас хойш л морин хуур хөгжмийн нэр нь тогтсон юм байна гэдгийг оюутан байхдаа би эрдэм шинжилгээний хурал дээр ярьдаг байсан. Тухайн үед хөгжим судлаач эрдэмтэд намайг үгүйсгэдэг байсан ч, хожим нь энэ таамаглалаа баталж чадсан л даа. Өнгөрсөн жил морин хуур хөгжмийн нэршлийг баталсан баримтыг багш маань олсон. Манай улсын 1910 оны наадмын аудио бичлэг Шведийн хөгжмийн музейд байна гэнэ. Тэр бичлэгт наадмын хөтлөгч “Монгол төрийн наадмыг эхлүүлж, уртын дуучин тэр дуулна, хуурч тэр Морин толгойтой хуураар хуурдана”. гэж хэлсэн байгаа юм. Энэ мэтчилэн морин хуурын түүхэн талаас нь яривал маш сонин зүйл их бий.
-Морин хуур хөгжим бусад хөгжмийн зэмсгээс юугаараа гойд онцгой вэ?
-Морин хуурын ганц онцлог нь багц утсыг багц утсаар хөрөөддөгт оршиж байгаа юм. Тэр утаснууд нь нийлээд 360 гаруй болоод явчихна. Төгөлдөр хуур гэхэд маш олон утастай гэдэг ч морин хуураас илүү утасгүй. 300 гаруй утастай гэж байгаа. Эндээс юу гэж дүгнэх вэ гэхээр, тэр олон хөгжмийн утас морин хууранд хоёрхон багц болгоод хийгдчихсэн байгаа юм. Энэ бол үнэхээр гайхамшиг. Олон улсад ч гэсэн манай морин хуур хөгжмийг гайхан биширч байна. Үүний тод жишээ бол, Олон улсын хөгжмийн наадамд манай морин хуурч Шинэцог “Сийгүүлнэ” гэдэг дуугаралтыг морин хуураараа гаргаж гайхшируулж байна шүү дээ. Тэр дуугаралтыг багц хялгасан утасны зөвхөн өнгөн талын хялгасан дээр гаргаж байгаа нь хийлээс хэд дахин даваад явчих жишээтэй. Тийм гоё дээд өнгө морин хуураас л гарч байна...
Морин хуурч Б.Сүхбаатар бидний дунд ийм яриа өрнөлөө. Түүний хувьд морин хуурынхаа ая дан, үүсэл хөгжлийн талаар ярихдаа өөрийн эрхгүй нүд нь сэргээд л, шимтэн өгүүлэх. Харин энэ л үндэсний урлаг соёлоо улам өргөжүүлээд аваад явах харгуй замд тэрүүхэндээ ганцаардаж буй нь илт байсныг нуух юун. Гэхдээ тэр бэрхшээл тоочиж хойш суусангүй. Монгол Улсдаа морин хуур хөгжмийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтыг цогцлоохын төлөө бүхий л хүч чадлаа дайчлан ажиллаж байна. Бурхан хүнд үүрч чадах ачааг нь л үүрүүлдэг гэдэг. Морин хуурч Б.Сүхбаатарт Монголын морин хуурын цогцолборыг цогцлоон бүтээх зүрх зориг, аугаа их сэтгэлийн тэнхээ, авьяас чадвар байна. Гагцхүү гар нийлсэн, бодол нэгдсэн ард түмэн, төр засгийн дэмжлэг л түүнд хэрэгтэй байгааг төгсгөлд нь тэмдэглэе.
Ярилцсан С.Өлзийбаяр
"Зиндаа" сэтгүүл 2018 он. №01 (08/508) дугаарт нийтлэгдсэнийг онцлов
Сэтгэгдэл ( 0 )