П.Цогтсайхан: Эхний компаниуд нөхөн сэргээлт хийж дуусгаагүй тохиолдолд шинээр лиценз олгохгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 09

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга П.Цогтсайхантай хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн асуудал, холбогдох зарим ажлын талаар ярилцлаа. Тэрбээр Монгол оронд уул уурхайн улмаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлт хангалтгүй байгааг онцолж хэллээ. Эвдэрсэн газрын тооллогоор улсын хэмжээнд 24347 га газар тоологдсон. Үүнээс 1491 байршилд  9341 га  орчим газарт нь сэргээлт хийхгүй хөсөр хаягджээ. Газрын хэвлийн нөхөн сэргээлтийн эрхийг нийт 180 орчим компанид өгсөн ч тэдгээрээс нөхөн сэргээлт хийж байгаа нь тун цөөхөн аж. Иймд 60  гаруй компанийн нөхөн сэргээлтийн эрхийг цуцалсан гэлээ.

-Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар нь байгаль орчны чиглэлээр төрийн үйлчилгээ үзүүлдэг төв байгууллага. Ямар ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Биологийн олон янз байдал, уул уурхайн нөхөн сэргээлт, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, аудит, хог хаягдал, орчны бохирдол, байгалийн ургамал, ан амьтан, химийн бодисын хэрэглээ, кадастрын зураглал гээд олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Өдөр тутмын үйлчилгээгээр төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна.

-Озоны сөрөг нөлөөллийн асуудлаар НҮБ-тай хамтарч байгаа. Мөн байгаль орчны төлөв байдлын тайланг гаргасан. Эдгээр нь ямар ач холбогдолтой болсон бэ?

-Агаарын бохирдол буюу озоны асуудлаар НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй хамтраад Өмнөд Азийн бүсийн Озоны албадын олон улсын хурлыг бид зохион байгуулсан. Ингэхдээ озон задалдаг гидрохлортфторт нүүрс төрөгчийн бодисыг хэрэглээнээс гаргаж, өөр бодисоор орлуулдаг болохыг зорилоо. Түүнчлэн байгаль орчны төлөв байдлын тухай 2017-2018 оны тайланг гаргасан. Үүнд, ус, хөрс, бэлчээр, ан амьтан, ургамал, ой, нөхөн сэргээлт, байгаль орчны үнэлгээ, хог хаягдал, газар бэлчээр, ногоон хөгжил, аялал жуулчлал гээд салбарын бүхий л холбогдох бүх асуудлын төлөвийг сүүлийн хоёр жилээр нь гаргаж тавьсан байгаа. Засгийн газар, УИХ-ын Байнгын хороонд танилцуулсан.

-Тэгвэл дээрх төлөв байдлын тайлангаар газрын нөхөн сэргээлт ямархуу байна гэж гарсан бэ?

-Уул уурхайн улмаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлт хангалтгүй байгааг тайланд онцолсон. Улсын хэмжээнд 24.3 мянга гаруй га газар эвдэрсэн. Үүнээс 9341 га  орчим газарт нь нөхөн сэргээлт хийх шаардлагатай байна. Томоохон гэгддэг уул уурхайн компаниуд хүртэл нөхөн сэргээлт хийхгүй хуулиа зөрчөөд явж байна.

-Нөхөн сэргээлт хийгээгүй компанид ямар арга хэмжээ авдаг вэ?

-Зарим компанид нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас гарсан хохирлыг нь тооцож, Эрүүгийн хэрэг үүсгээд явж байна. Гэвч шүүхийн шатанд очоод замхрах тал бий.

-БОАЖЯ-наас “Хандлагаа өөрчилье”, “Хоггүй цэвэрхэн Монгол” аянууд хэрэгжүүлж байгаа. Аянаас ямар үр дүн хүлээж, хэрэгжилт хэр явна вэ?

-Энэ жил “Хаягдалгүй эдийн засагт шилжих гарц ба шийдэл” сэдвийн хүрээнд “Хог хаягдлын менежмент” үндэсний форумыг зохион байгуулсан. Ерөнхий сайдын албан даалгавраар аймаг бүрт хогны эсрэг “Хоггүй цэвэрхэн Монгол” аян үргэлжилж байна. Тус аяныг сар бүр дүгнэж хоггүй аймаг, сум, дүүргийг шалгаруулж байна. Ер нь 2020 оны зургадугаар сард бүтэн жилийн аяны үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулна. “Хандлагаа өөрчилье” аяны гол зорилгыг тайлбарлая. Хогны эсрэг гэж ярихаас илүү хүн бүр өөрөөсөө эхэлж хогоо ангилж ялгадаг байх ёстой. Наанадаж зөвхөн цаас, хоолны хаягдлаа ялгавал боловсруулахад тохиромжтой болно. “Хог хаягдлын менежмент” үндэсний форумын хүрээнд нийслэлээс гадна Орхон аймагт Хангайн бүсийн форумыг зохион байгуулсан. Учир нь “Эрдэнэт” үйлдвэрийн цагаан тоосны асуудал Орхон аймгийн иргэдэд тулгамдсан бэрхшээл болж байна. Шинэ технологи нэвтрүүлж цагаан тоосоо дарах тухай арга хэмжээг Эрдэнэт үйлдвэрт даалгавар болгон өгсөн. Хэрэгжилт гайгүй явж байна.

-Янз бүрээр нэрлэдэг амьтан, ургамлыг нэг нэршилд оруулсан. Энэ нь ямар ач холбогдолтой вэ?

-“Монгол орны биологийн олон янз байдал” гэж ангилал зүй, нэршлийн асуудлыг нэгтгэсэн хоёр боть бүтээл гаргасан. Эдгээр бүтээлд тухайн ургамал, амьтан ямар төрөл, овогт ордог, яг ямар нэрээр нэрлэгдэх юм гэдгийг нэгтгэлээ. Ингэснээр хуулиндаа ч тэр, судлаач ч тэр, эмч домч, маарамба гээд бүгд албан ёсны асуудалд нэг нэршлээр нэрлэдэг болж байгаа юм.

-Сүүлийн үед олон улсад био аюулгүй байдлын тухай нэлээд ярих боллоо. Манай орны хувьд аль түвшинд хүрсэн бэ?

-Биоаюулгүй байдлын асуудлаар яригдах нэг сэдэв нь хувиргасан амьд организм юм. Жишээлбэл, манай улсад гаднаас орж ирж байгаа өндөр үр ашигтай сортын ямар нэг бүтээгдэхүүнийг бий болгохдоо зөвхөн хүйтэнд тэсвэртэй генийг нь хөгжүүлээд оруулж ирж байна. Эрдэнэшиш гэхэд халуун оронд ургадаг. Гэтэл Монголын нөхцөлд тааруулахын тулд генийг нь байх ёстойгоос нь өөрчилнө гэсэн үг. Ийм төрлийн бүтээгдэхүүнийг хувиргасан амьд организм гэнэ. Зарим төрлийн будаа, эрлийз үүлдрийн мал гээд хувиргасан амьд организм нь байгальд байгаа зэрлэг амьтад, бүтээгдэхүүнд нөлөөлөх, эрлийзжих асуудлыг үүсгэж байна. Хүн зориудаар амьд организмыг хувиргадаг эсвэл байгалийн аясаар хувирал явагдаж байна. Хувиргасан амьд организм, биоаюулгүй байдал нь шинээр хурдацтай хөгжиж байгаа шинжлэх ухаан, ойлголт учраас үүнд зориулсан хүний нөөцөө бэлдэж, чадавхижуулах хэрэгтэй. Энэ жил БОАЖЯ-наас олон улсын итгэмжлэлтэй таван мэргэжилтэн, 12 сурагчийг бэлтгэсэн.

-Хувиргасан амьд организм бүхий бүтээгдэхүүн ихэвчлэн импортоор орж ирэх боломжтой санагдлаа. Эдгээр бүтээгдэхүүнд хяналт тавьж чадаж байна уу?

-Хувиргасан амьд организмын асуудалд Биоаюулгүй байдлын үндэсний хороо хяналт тавьдаг. Бүтээгдэхүүнийг хаягжуулах, шошгожуулах ажлууд үргэлжилж байгаа. ОХУ-д Биоаюулгүй байдлыг хамгаалах хууль бий. Энэ хүрээнд генийн хувьд өөрчлөлттэй биет буюу хувиргасан амьд организмыг хилээрээ оруулахыг хориглосон жишиг бий. Монгол Улсын хувьд хүнсний ургамлын сорт, янз бүрийн гоёл чимэглэлийн мод гаднаас авч байна. Энэ дээр хатуу хяналт хэрэгтэй. Зарим зүйлийг гаднаас оруулж ирэхээ больчихвол дотооддоо бий болгох боломж бий.

-Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газраас хэдэн төрлийн тусгай зөвшөөрөл олгодог вэ?

-Байгалийн ургамал түүх ашиглах, амьтан ашиглах, хамгаалахтай холбоотой, химийн бодисын ашиглалт, байгаль орчны үнэлгээ батлах гээд найман төрлийн тусгай зөвшөөрөл олгож байна. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх эрх буюу тусгай зөвшөөрлийг 160 орчим компани эзэмшиж байна. Газрын хэвлийн нөхөн сэргээлтийн эрхийг 180 орчим компанид өгсөн ч үндсэн зорилгоосоо буцсан, нөхөн сэргээлтээ хийж чадаагүй компани олон байна. Нөхөн сэргээлтийн эрх аваад нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа 15 орчим компани л бий. Тиймээс 2018 онд БОАЖ-ийн сайдын тушаалаар 180 орчим байгаль орчны нөхөн сэргээлтийн компаниас 62 орчмынх нь эрхийг цуцалсан. Эхний компаниуд нөхөн сэргээлтийг жинхэнэ утгаар хийхгүй байгаа тул дахин нэмж эрх олгохгүй гэсэн бодлого барьж байгаа. Уул уурхайн компани өөрсдөө нөхөн сэргээлт хийх үүрэгтэй. Эсвэл тэр үүргээ нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагаар хийлгэж хэрэгжүүлэх боломжтой. Гэтэл зарим тохиолдолд нөхөн сэргээлт хийх эрх авсан компаниуд өөрсдөө уул уурхайн компанийн орхисон газар дээр алт угаах зөрчил гаргадаг.

Газрын хэвлийн нөхөн сэргээлтийн эрхийг 180 орчим компанид өгсөн ч үндсэн зорилгоосоо буцсан, нөхөн сэргээлтээ хийж чадаагүй компани олон байна. Нөхөн сэргээлтийн эрх аваад нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа 15 орчим компани л бий.

-Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ нь хэр явж байна вэ?

-Англид орон нутгийн чанартай нисэх буудал барихад таван жил байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийдэг жишээг мэдэх юм байна. Сүүлийн 15 жил байгалийн нөөц баялгийг шунан, бие биенээсээ өрсөн ашиглах байдал үнэхээр газар авчээ. Ашигт малтмалын хайгуул, ашиглалтын лиценз бол аль нэг хүний, аль нэг компанийн газар өмчлөх өмч биш. Гэтэл тэр газрыг нь хувийн өмч юм шиг л, машинаа зарж байгаа юм шиг худалдаж байна. Эзэмших эрх болохоос захиран зарцуулах эрхгүй. Тэр газар бол улсын өмч шүү дээ.

Сүүлийн 15 жил байгалийн нөөц баялгийг шунан, бие биенээсээ өрсөн ашиглах байдал үнэхээр газар авчээ.

-Аж үйлдвэр, улс орон хөгжихийн хэрээр хүрээлэн буй орчин бохирдож, байгалийн нөөц сүйддэг. Энэ асуудлыг яаж зөв шийдвэрлэх вэ?

-Бид байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тухайн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үр дүнд нь байгаль орчинд яаж нөлөөлөх, сөрөг нөлөө хэр байна, хэрхэн эрсдэлээс урьдчилан сэргийлэх вэ гэдгийг тогтоодог. Үүнд, технологи, стандартын асуудлыг ч мөрдөх шаардлага бий. Ганцхан жишээ хэлэхэд, 1955 онд баригдсан төмөр зам нь Монгол орны цагаан зээрийн популяцийг үндсэндээ хоёр хуваасан. Улмаар төмөр замын зүүн талд байсан цагаан зээр нь үлдээд, баруун талд үлдсэн нь үгүй болж байна. Тиймээс зам барихын тулд зэрлэг амьтны гүүрэн, нүхэн гарцыг стандартын дагуу барих хэрэгтэй гэдгийг л  байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр гаргаж, түүнийг чанд мөрдүүштэй байгаа юм. Ямар ч ажилд байгаль орчны эрсдэлийг тооцох ёстой.

Зам барихын тулд зэрлэг амьтны гүүрэн, нүхэн гарцыг стандартын дагуу барих хэрэгтэй

-Байгаль орчин гэдэг асуудал зөвхөн салбар яамны хяналтын хүрээнд яригдахгүй. Тиймээс бусад салбартай хэрхэн холбогддог вэ?

-Бусад салбарын үйл ажиллагаа байгаль орчинд ээлтэй сөрөг нөлөөгүй байхыг л бид шаарддаг. Дэлхий нийтээр энэ чиглэлд анхаардаг болсон. Баялаг бүтээгч, хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгч гэхээрээ байгаль орчныг сүйтгэж болохгүй. Байгаль орчин бол бидний гэр. Бид гэртээ хаалгаа засаж байна гээд хана обойгоо нурааж урж болохгүйтэй адил юм даа. Ямар ч тохиолдолд байгалийн баялгийг хэмнэлттэй ашиглаж, үр хойчдоо юу үлдээхээ бодох хэрэгтэй.

-Бид байгаль орчноо яаж хамгаалах вэ?

-Монгол хүний сэтгэхүйд зах зээлийн шилжилт өвөрмөцөөр нөлөөлсөн гэж боддог. Бидний зарим нь өөрөө л болж байвал боллоо гэсэн сэтгэлгээтэй болжээ. Нүүдэлчин соёл иргэншлээ буруу ашиглаж байна гэх үү дээ. Энд бэлчээр муудахад тэнд өөр бэлчээр рүү очиж байна. Байгаа бэлчээрээ сайжруулъя, сэлгэе гэх нь багасжээ. Гэтэл дээр үед эргэж энэ нутаг бэлчээртээ буцаж ирнэ гэсэн сэтгэхүйтэй байсан. Ядаж л хогоо цэвэрлээд “Эргэх дөрвөн улиралдаа эргээд ирнэ ээ” гэсэн бодолтой нүүдэг байсан гэж боддог. Тэгвэл одоо үед зарим нь эндээс удахгүй яваад өгөх учраас “Яасан ч яах вэ” гэсэн байдлаар хандаж байгаа нь нүүдэлчин соёлын байгальтайгаа харьцах онцлогийг гутааж байна. Наад захын жишээ гэвэл зугаалсан газартаа хогоо орхидог явдал. Жинхэнэ аялагчид хэзээ ч тэгдэггүй.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.218) 2019 оны 12 сарын 10

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
2(202.9.46.25) 2019 оны 12 сарын 09

ѳршѳѳгѳѳрѳѳ мал мах амьтны бэлчээрлэгт таваарлагт хүч тарга, тамир нэмэх зорилгоор нэмэлт тэжээл ѳгнѳ? ашигт үйлийг нэмэгдүүлэхийн тулд үржил селекц генеткийн аргаар сайн чанарын мал бий болгоно??? зэрлэг амьтанд яах уу???

0  |  0
Ажлаа хийлдээ!!!!(202.9.46.25) 2019 оны 12 сарын 09

Зарим төрлийн будаа, эрлийз үүлдрийн мал гээд хувиргасан амьд организм нь байгальд байгаа зэрлэг амьтад, бүтээгдэхүүнд нөлөөлөх, эрлийзжих асуудлыг үүсгэж байна......ёстой чухам ойсонгүй

0  |  0
Top