Ц.НАРАНТӨГС: Өвөл исгэлэн, давстай идээ хэрэглэх нь тохиромжтой

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 12

Жилийн дөрвөн улиралтай Монгол оронд улиралдаа зохицуулж, идээ, ундаа явдал мөрөө тохируулсаар ирсэн. Өвөл цагт  ямар, идээ ундаа хэрэглэж, явдал мөрийг сахих вэ гэдэг талаар “Хасу манал” эмнэлгийн захирал Ц.Нарантөгс эмчийн яриаг хүргэе.


-Монголчууд өвөл нь махаа түлхүү хэрэглээд, зун нь цагаан идээгээ хэрэглэдэг уламжлалтай. Энэ уламжлал сүүлийн үед алдагдах тийшээ хандсан?

-Улс орон бүхэн өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байдаг. Манай орны хувьд хуурай сэрүүн уур амьсгал, мал аж ахуй эрхэлдэг нүүдэлчин ахуй амьдралдаа тохируулж хоол, хүнсээ хэрэглэж ирсэн. Нүүдэл жингийн замд аль болох хөнгөн, авсаархан, хадгалж болдог, муудахааргүй байдлаар хоолоо бэлтгэж базаадаг бөгөөд үхрийн махыг борцолж нүдээд үнхэлцэгт нь багтаадаг ард түмэн шүү дээ. Сүүгээ ааруул, бяслаг, тараг болгож удаан хэрэглэдэг. Манай орон Япон, Солонгос шиг чийглэг, дулаан уур амьсгалтай сан бол будаа, ногоо тарих байсан байх.  Өвөлдөө хасах 40 хэм хүрдэг манай оронд цагт тэр их хүйтнийг давахын тулд илчлэг, шим ихтэй махыг заавал идэх хэрэгтэй болж таарч байна. Тэгэхээр бурхнаас цаанаас нь хоол, хүнсийг нь хүртэл тохируулж заяадаг байх нь. Нар, сар, оддын зохицолдлогоо нь хүний дотоод биеийн өдөр тутмын эрчим хүчийг тодорхойлдог бөгөөд хүний сүнс нэг секундэд 33 эргэдэг.

-Тэгэхээр цаг уураасаа шалтгаалж хүний бие махбодын онцлог өөр, өөр байх нь ээ?

-Тийм. Халуун газрын хүмүүс дотроосоо даараад байдаг учраас халуун ногоо иддэг. Монголчууд бол дотроосоо халуун махбодтой. Манайхан сүүлийн үед халуун ногоо их иддэг болж байгаа нь нэг талаасаа буруу л даа. Дотоод сэрүүн тохируулан зуны улиралд хөнгөн цагаан идээгээ хэрэглэдэг байсан байна. Хайлмаг, шар тостой цай, айраг, аарц бол монгол хүний биед маш тохиромжтой идээ. Өвөл бол дулаан явбал мянган лан гэдэг дээ. Дунд идэш, дулаан хэвтэр ч гэдэг. Өвөл ходоодны гал ихэсдэг учраас хоолыг шингээх чадвар нэмэгддэг. Мах сайн гээд хэтрүүлж хэрэглэж болохгүй.

-Сүүлийн үед хонины мах муу гэсэн яриа их гарах болжээ. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?

-Энэ бол европчуудын үзэл. Фермийн аж ахуйд бордсон малын мах хортой байх нь ойлгомжтой. Монгол нутагт идээшсэн хонь бол 200 төрлийн эмийн ургамал, өвс ногоо иддэг учраас маш шимтэй. Бямбын Ренчин гуай бид ногоо иддэггүй, ногоог нь хонь идчихдэг учраас бид махаараа шим тэжээл авчихдаг юм аа гэсэн гэдэг шиг л байхгүй юу. Хязаалан хонины махны шөлөөр төрсөн эмэгтэйг тэнхрүүлдэг шүү дээ. мэс заслын дараа хонины махыг түлхүү идэхэд эдгэрэлт түргэн байдаг нь ч нотлогдсон.

-Хонины мах хий хуйнд чиг сайн гэдэг дээ?

-Европ анагаах ухаанд хий гэж зүйл байдаггүй юм. Нойр нь сэрвэлзээд л, хий эвшээгээд л, ядраад л, сэтгэл нь тогтворгүйтээд л, зүрх нь дэлсээд л, толгой нь эргээд л , хөөрөөд л  байна гэдэг чинь нөгөө хий шүү дээ. Хийг хонины мах л дардаг шүү дээ. Уламжлалт анагаах ухаанаар хонины мах бол бүлээн, тослог шинж чанартай. Бидний өвөг дээдэс урт насалдгийн нууц нь хонины мах их иддэг байсных.

-Хонины сүүлэнд хамаг амин дэм нь байдаг байх даа?

-Амьтны махыг ханасан тосны хүчил ихтэй байдаг бол ургамал ханаагүй тосны хүчил ихтэй. Нялх хүүхдийг сүүлээр угждаг биз дээ. Амьтны махыг ханасан тосны хүчил ихтэй байдаг бол ургамал ханаагүй тосны хүчил ихтэй. Гэхдээ хонины мах ханаагүй тосны хүчил ихтэй учир шингэхдээ хурдан байдаг. Ханаагүй тосны хүчил нь цөсийг цэвэрлэдэг. Өөхийг тохируулж хэрэглэснээр судасны ханыг цэвэрлэж, судас хатуурлаас сэргийлдэг. Тиймээс манай хөгшчүүл ой ухаан эрүүл, саруул байдаг байжээ. Сүүлийн үед хүмүүс алцгеймэрийн өвчинд нэрвэгдээд мартаж санадаг, ухаан санаа нь орж гардаг болсон нь үүнтэй холбоотой.

-Үхрийн мах нь хониноосоо үнэтэй байдаг шүү дээ. Амт чанарын хувьд илүү болоод тэр биш гэж үү?

-Зах зээлд бэлдэх байдлаараа нядалгаа хүнд, овор овор ачаа ихтэй, нийлүүлэлт ховор учраас үнэтэй байдаг байх. Үхрийн мах амтлаг, бүлээн шинж чанартай бөгөөд хүнд илч тамир өгдөг ч хий хуй дардаггүй. Эм малын цээжний мах, эр малын бөгсний мах шингэц даан,хүнд чанартай гэдэг. Адууны мах бол халуун чанартай. Хөхөө өвлийн хүйтэнд адууны мах идчихсэн явахад даарна гэж байхгүй.

-Өвлийн улиралд махнаас гадна ямар идээ, ундааг идвэл тохиромжтой вэ?

-Өвөл исгэлэн, давслаг, амтлаг идээг хүртэхэд тохиромжтой. Мах бол амтлаг идээ.Исгэлэн амтанд аарц, хоормог, тараг, чацаргана зэрэг орно. Давслаг амтанд даршилсан ногоо, хөмүүл, шөлний дүрмэл тэргүүтэй идээ хэрэглэж болно.

-Энэ улиралд ямар өвчин сэдрэх аюултай вэ?

-Өвөл бөөр буюу усан махбод дэлгэрдэг. Бөөр бол тамирын эрхтэн гэдгийг өмнөх дугаартаа хэлж байсан даа.  Бөөрний тамир муудангуут хүн хөгширч, яс нь сийрэгждэг. Бөөрний бол ясны эрч хүчийг хангаж, дуслыг арвижуулж, залуу байлгадаг гол эрхтэн. Бөөрийг өөхөөр бүрхсэн байдаг энергийг нь алдахгүй гэсэн зохилдлогоо юм. Манайхны ихэнх нь өвөл даараад бөөр, нуруу нь л өвдсөн байдаг шүү дээ. Тийм учраас хоол, хүнсээрээ дэлүү, ходоодондоо галын илчийг нэмэх шаардлагатай. Тэр илч нь бөөрөнд нөлөөлдөг. Бөөрний илчийг дарангуйлбал дархлаа сулардаг. Дархлаа унаад ирэхээрээ хүйтэнд тэсвэртэй вирус үржиж, ханиад томуу хүрдэг.

-Өвлийн улиралд ямар эм тан, эмчилгээ тохиромжтой вэ?

-Бөөрний үрэвслийг намжаахад гоёу долоо, сожид, ходоодны шархлаанд дүвтоврилгар, одоодны галын илчийг сэргээхэд сэмбэрүү данмай, ханиаданд мана дөрөв маш сайн үйлчилгээтэй. Төөнүүр хийлгэх,бүлээн жин тавих, бумба тавих, шим оруулах тостой бариа, үрийн тосоор биеэ илэх, арц хүжсээр ариулах, агар зандан үнэрлэх, гүргэмтэй усаар сүрчих нь тун тохиромжтой эмчилгээ болдог. Тэгээд даарахгүй байх нь чухал.

-Дархлаагаа дэмжихийн тулд яах ёстой вэ?

-С витамин агуулагдсан чацаргана, нимбэг, мандарин, мойлтой тос, дээр дурдсан исгэлэн цагаан идээ түлхүү хэрэглэх хэрэгтэй.

-Өвлийн улиралд ямар идээ, ундааг хориглох вэ?

-Хүйтэн, сэрүүн чанарын хоол идвэл ходоодонд цөвтэй. Аль болох нь хоолыг халуунаар нь идэх хэрэгтэй. Элэгний халуун, цөсний халууныг гашуун амт дардаг. Ходоодны шархтай бол халуун чанарын идээ сэдрээдэг. Сэрүүн чанартай, ямааны мах, будаа зэргийг байнга идэх тохиромжгүй.

-Идээ ундаагаа тохирууллаа гэхэд явдал мөрийг тохируулах шаардлагатай гэж уламжлалт анагаах ухаанд үздэг. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлана уу?

-Дорно дахины анагаах ухаанд хүнд цагийн явдал мөр, үргэлжийн явдал мөр гэж хоёр ангилдаг. Цагийн явдал мөр нь цаг улиралтай хамааралтай. Үргэлжийн явдал мөр нь хүний өдөр тутмын үйл явдал юм.

-Хүүхдийн идээ, ундааг хэрхэн тохируулах ёстой вэ?

-Яг л адилхан л даа. Хүүхэд бол амтлаг амтаар төлждөг. Гэхдээ энэ нь чихэр ид гэсэн үг биш. Чихэрлэг амттай алим, банана, үзэм зэргээс чихрээ авна гэсэн үг. томчууд хүүхдэдээ өвөл, зунгүй хүйтэн ундаа, чипс идүүлээд байдаг нь маш буруу. Зүгээр л хор өгч байгаатай адилхан. Яг одоо бол хүүхдэдээ чацаргана, аньсны шүүс халуунаар уулгавал дархлааг маш сайн дэмжинэ.

-Цагийн явдал мөр нь цаг улиралтай хамааралтай гэлээ. Энэ цаг улиралд бид юуг эрхэмлэх ёстой вэ?

-Өвөл хүний дотоод гал их байдаг учраас  шар усны сүв хаагдсан байдаг. Тиймээс шар үсний сүвийг онгойлгож, дасгал хөдөлгөөн, биеийн хүчний ажил их хийх хэрэгтэй. Хамгийн өгөөжтэй нь агаарт ууланд алхах, явган явах, гүйх юм. ялангуяа өндөр ууланд гарахаар гемоглобин ялгарч, цусан дахь төмөр ихсэж, цус төлжүүлэх үйл ажиллагаа сайжирдаг. Германд нэгэн туршилт хийжээ. Дугуйны тамирчдыг ууланд бэлтгэлд гаргаж, цус төлжилтийг нь сайжруулж, цусан дахь гемоглобин ихэссэн үед цусыг нь авч хадгалаад тамирчид зуны улиралд ядарч, тамирдаад, цус төлжилт нь багасаад ирэхээр хүчилтөрөгчтэй цусыг нь тухайн хүнд эргүүлээд хийчихдэг байна. Тэгэхээр нь эрч хүчээр дүүрэн болдог нь нотлогджээ. Морийг хүртэл өвлийн улиралд уулархаг газраар идээшлүүлж тарга тэвээрэг авхуулж, хүчилтөрөгчийн хэмжээ нь ихэсдэг байна. одоо утаатай үед ууланд алхахын ач тусыг иргэдэд мэдрүүлэхийн тулд төр засгаас богд уул руу үнэгүй автобус үйлчилж эхэлсэн байна шүү дээ. хүмүүс амралтын өдрөө гэртээ зурагт үзээд хэвтээд байлгүй, үр хүүхдээ аваад уул руу гарч цана, чаргаар гулгаж, алдагдсан эрч хүчээ нөхөж байгаасай гэж зөвлөе.

 

 

 


 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.189.178) 2019 оны 12 сарын 12

Trambai hurtel

0  |  0
Top